Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00062

 

“Чингис хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/000519 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Төмөрсүх, Б.Ариунтунгалаг нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 75,584,259.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч Ж.Төмөрсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Ж.Төмөрсүх нь Чингис хаан банк ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/66 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан. Нэхэмжлэл гаргах өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 46,564,898.01 төгрөг, зээлийн хүүд 25,952,973.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,066,388.09 төгрөг, нийт 75,584,259.21 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан, үүнийг дахиж сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч Ж.Төмөрсүх болон эхнэр Б.Ариунтунгалаг нар гарын үсэг зурснаар хамтран зээлдэгч болсон. Хариуцагч Б.Ариунтунгалаг өмнө нь нэг ч удаа шүүх хуралдаанд ирээгүй, үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Чингис хаан банк ХХК-аас 50,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сард дууссан. Тухайн зээлийг авснаас хойш 2019 оны 11 дүгээр сар хүртэл төлөлт хийгээд, түүнээс хойш тухайн зээлийг төлөх боломжгүй болсон. Учир нь тухайн үед Ковид-19 цар тахал гарч бизнес маань зогсонги байдалд орсон. Миний бие удаа дараа хүсэлт гаргаж, төлөлт хийхгүй, зээлийн хүү алдангийг зогсоож өгөөч ийм нөхцөл байдал үүсээд байна гэж байсан ч хүлээж аваагүй. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүү, алдангийг явуулах гэсэн бодлого байх гэж бодож байна. Миний бие хүү, алдангийг зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн зээл 46,564,898 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 03 дугаар сард зээл авч 11 сар хүртэл төлж яваад, үүнээс хойш эрхэлж байсан бизнест доголдол гарсныг Чингис хаан банкны Сэлэнгэ аймаг дахь салбарт удаа дараа бичгээр болон амаар мэдэгдэж байсан. Тухайн банк татан буугдаад 2 жилийн хугацаанд хэн ч надтай холбогдоогүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь ч мэдэгдээгүй. Тэгээд Дархан салбараас ирж уулзаад удалгүй шүүхэд өгсөн байсан. Тухайн банкны Сэлэнгэ аймаг дахь салбар татан буугдаад тухайн зээлийг хэн хариуцаж, хаана хэнд хандах нь тодорхойгүй байсан. Тийм учраас би хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Төмөрсүх, Б.Ариунтунгалаг нараас 75,584,259.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Ж.Төмөрсүх, Б.Ариунтунгалаг нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 04 дүгээр багийн 02 дугаар хэсгийн 054 тоот хаягт байрлалтай, 152 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1317004244 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ж.Төмөрсүхийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 04 дүгээр багийн 02 дугаар хэсэгт байрлалтай, нэгж талбарын 43008006222 дугаар бүхий 861 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 606,071 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 606,071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.Төмөрсүх давж заалдах гомдолдоо:

             "Чингис Хаан банк" ХХК-иас Ж.Төмөрсүх, Б.Ариунтунгалаг бидэнд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг “Чингис Хаан банк” ХХК-ийн Дархан салбарын захирал гаргасан байх ба түүнд тус банкны гүйцэтгэх захирал Э.Ганзориг гэх хүн итгэмжлэл олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тус банкны улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017.11.23-ны өдөр Сүхбаатарын Сандагдорж гэх хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон болохыг бүртгүүлсэн байх ба Э.Ганзориг гэх хүнийг тус банкны гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн тэмдэглэгээ байдаггүй. Гэтэл шүүх шийдвэртээ дүгнэхдээ "Чингис Хаан банк" ХХК- ийн ТУЗ-ийн тогтоолоор Э.Ганзоригийг томилсон байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасан үндэслэлээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрыг бүртгэх журамд "... компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.." гэснээс бус “бүртгүүлж болно” гэх сонгох утга агуулаагүй нь ТУЗ-ийн тогтоол улсын бүртгэлд заавал бүртгүүлэх ёстой ба ингэхдээ тодорхой хугацаа хүртэл зааж дээрх хугацаанд бүртгүүлээгүй тохиолдол Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар торгох зэрэг хуулийн зохицуулалттай байгаа нь дээрх үйлдэл заавал биелэгдэх агуулгыг илэрхийлж байна.

Мөн Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно” гэсэн байх ба ТУЗ-ийн тогтоолоор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын эрх зүйн байдлыг тодорхойлох талаар огт тусгагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх нь хуулийг нэг мөр хэрэглэх хуулийг зөв тайлбарлан хэрэглэх зарчмуудыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд ТУЗ-ийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон гэх Э.Ганзориг нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байх ба бусдад итгэмжлэл олгох ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд түүнээс олгосон итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, бусдад итгэмжлэл олгосон, уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөх эрхгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол  хэргийг хэрэгсэхгүй болгох байтал хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргээс судлан үзэхэд:

            3. Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-ийн Дархан салбар нь хариуцагч Ж.Төмөрсүх, Б.Ариунтунгалаг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл 46,564,898.01 төгрөг, хүү 25,952,973.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,066,388.09 төгрөг, нийт 75,584,259.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна.

4. Хэргийн 5 дугаар талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000173496 дугаартай гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд Сүхбаатар овогттой Сандагдоржийг гүйцэтгэх захирлаар томилсон.

5. Хэргийн 16 дугаар талд авагдсан Чингис хаан банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20/07 дугаартай “Ажилд томилох тухай” тогтоолоор тус банкны гүйцэтгэх захирлаар Э.Ганзоригийг томилсон.

 6. Хэргийн 6 дугаар талд авагдсан Чингис хаан банкны гүйцэтгэх захирал Э.Ганзоригийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ГЗ/287 дугаар албан бичгээр Чингис хаан банкны Дархан салбарын захирал Батсүхийн Баттулга /РД:ТГ85060570/-д Чингис хаан банкийг төлөөлж нэхэмжлэл, ...гомдол гаргах, банкийг бүрэн төлөөлөх..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг итгэмжлэлээр олгосон байх ба  энэхүү итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгожээ.

7. Хэргийн 50 дугаар талд авагдсан Чингис хаан банкны гүйцэтгэх захирал Э.Ганзоригийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ/511 дугаар албан бичгээр Гансуурийн Золбаяр /РД:ТИ90113097/-т ...банкийг төлөөлж нэхэмжлэл, ...гомдол гаргах, банкийг бүрэн төлөөлөх..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг олгосон байх ба энэхүү итгэмжлэлийг  мөн 3 жилийн хугацаагаар олгожээ.

8. Дээрх байдлаас дүгнэвэл Чингис хаан банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор тус банкны гүйцэтгэх захирлаар Э.Ганзоригийг томилсон хэдий ч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000173496 дугаартай гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд бүртгээгүй, Э.Ганзориг нь тус компанийг бүрэн төлөөлөх эрхгүй атлаа Чингис хаан банкны Дархан салбарын захирал Батсүхийн Баттулга, харилцааны менежер Гансуурийн Золбаяр нарт итгэмжлэл олгосон.

Банкийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэлийн дагуу  Б.Баттулга, Г.Золбаяр нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж, хуулийн 35.2-т “хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын  8 дугаар зүйлийн 8.2, 8.2.5-д “төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээд”-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасантай нийцээгүй.

9. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан боловч тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон Э.Ганзоригийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000173496 дугаартай гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд бүртгүүлээгүй, Э.Ганзориг нь тухайн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэхэд эргэлзээ төрөхөөр байхад хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт шүүгч 65.1.1-65.1.11-т заасан тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж  хуульчлан зохицуулсан бөгөөд   хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ” тохиолдолд  шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад  хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

11. Иймд давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан  үндэслэл тогтоогдсон ба энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/000519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Төмөрсүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

      

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ

                                          ШҮҮГЧИД                             Х.БАЙГАЛМАА    

                                                                                        Г.МЯГМАРСҮРЭН