Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00250/И |
Дугаар | 312 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, *******,******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, *******,******* /РД:*******/-д холбогдох
1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* нь ******* миний данснаас 1,300,000 төгрөг зээлж аваад одоог хүртэл эргүүлэн төлөөгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, миний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энэ 1,300,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. 3,600,000 төгрөг болгож *******д буцааж өгсөн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 143/ШШ2015/00455 дугаар шийдвэр, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2016/00024 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/00439 дугаар тогтоолоор өгөөд авсан нь үнэн гэж шүүн тунгаасан. ******* үнэнхүү зальтай, муухай хүн юм. Хууль үнэн зөв шийдвэр гаргаж өгдөг юм билээ. Би худал яриагүй, үнэн ярьж байна. Энэ хүнээс хүү нэхээгүй. Та бүгдийг үнэн зөв шийд гаргаж өгнө гэдэгт итгэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Хариуцагч ******* нь 1,300,000 төгрөгийг надаас түр зээлж аваад одоо болтол буцааж өгөөгүй байгаа. Энэ мөнгө *******ы данс руу орсон. Дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч энэ мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрнө байх.” гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хүн намайг түр зээлж аваад гэж худлаа ярьж байна. 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******аас 1,300,000 төгрөг авч аавынхаа Төрийн банкинд байсан зээлийг хааж дахин Хаан банкнаас зээл авч Хаан банкны үүдэнд 3,600,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн. Би данс руу нь мөнгийг нь хийе гэхэд яах юм бэ? бэлнээр нь аваад ир гэж хэлж байсан. Би Хаан банкинд ажилладаг байсан учраас Хаан банкны үүдэнд *******д бэлнээр мөнгөө өгсөн. Сүүлд нь ийм зүйл ярих гэж байсан юм байна.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 1,300,000 төгрөг өгсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-2/, зохигчдын тайлбараар /хх-1,8/ тогтоогдож байх бөгөөд мөнгө өгсөн, авсан тухайд талууд маргахгүй байна. Гагцхүү нэхэмжлэгч тал “1,300,000 төгрөгийг надаас түр зээлж аваад одоо болтол буцааж өгөөгүй байгаа. Энэ мөнгө *******ы данс руу орсон. Дансны хуулгаар нотлогдоно.” /хх-23/ гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал няцааж “Энэ хүн намайг түр зээлж аваад гэж худлаа ярьж байна. 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******аас 1,300,000 төгрөг авч аавынхаа Төрийн банкинд байсан зээлийг хааж дахин Хаан банкнаас зээл авч Хаан банкны үүдэнд 3,600,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн.” /хх-24/ гэжээ.
Талууд хүсэл зоригоо илэрхийлж мөнгө өгсөн, авсан болох нь тэдний тайлбар /хх-8,17/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-2/ тогтоогдож байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т “хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар ... олгосон”-ыг амаар хийсэн хэлцэлд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар хоорондоо амаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч 1,300,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэдгээ нотолж Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /хх-2/ шүүхэд ирүүлснийг шинжлэн судлахад хариуцагч *******ы 5590008533 тоот данс руу 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч дээрх баримтаар тухайн мөнгийг зээлдүүлсэн эсхүл өөр зорилгоор өгсөн эсэх нь тодорхой бус байна. Мөн хариуцагч энэ талаар “2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******аас 1,300,000 төгрөг авч аавынхаа Төрийн банкинд байсан зээлийг хааж дахин Хаан банкнаас зээл авч Хаан банкны үүдэнд 3,600,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн” гэжээ. Шүүх хэргийн оролцогч нарын дээр дурдсан тайлбар, бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр хариуцагч *******ы тайлбарыг үнэн зөв байна гэж үнэлж шийдвэрийн нэг үндэслэл болголоо.
Нөгөө талаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т “хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон ...” бол ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцох, хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д “... Ийнхүү төөрөгдөж байгааг нөгөө тал нь мэдэж байсан, мэдээгүй боловч мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол түүнд учирсан гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй.” гэж тус тус заажээ. Өөрөр хэлбэл хариуцагч ******* нэхэмжлэгч *******ы хувийн шинж байдалд ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч *******д учирсан гэх гэм хорыг арилгах үүрэггүй гэж үзэн шийдвэрийн нөгөө нэг үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй хариуцагч Бямбаагийн Тунгалагсайханд холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 /гучин таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.ЭНХТӨР