Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00064

 

С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын

                                       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                            

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 12-ны өдрийн 135/ШШ2023/000487 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Баатарсүхэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

С.Баяраад бидний нэрийн өмнөөс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл олгосон. Гэтэл С.Баяраа нь М.Баатарсүхтэй дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 23,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. ямар учраас ийм гэрээ хийсэн талаар лавлахад үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулсны татварыг багаар төлөхийн тулд ийм гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Эндээс харахад тухайн гэрээн нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. М.Баатарсүх нь манай ах С.Баяраатай зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд тухайн баталгаагаар 2020 оны 06 дугаар сард 23,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 77,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл одоо М.Баатарсүх нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс дахиж мөнгө өгөх боломжгүй гэсэн. Энэ бүхнээс харахад М.Баатарсүх нь бидний хэдэн зуун сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд С.Баяраа болон М.Баатарсүх нарын хооронд байгуулагдсан Ү-2005000023 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-2005000422 дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Баярчимэг, Б.Түвшинбат нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хуурамч дүр үзүүлэн итгүүлэх замаар хууран мэхэлж ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох. Гэрчилгээ шилжүүлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүнд өвчтэй байсан тул эмчилгээний мөнгө шаардлагатай болж, хариуцагч ХААЯ-ны Дарханы арьс шир боловсруулах шинэ үйлдвэрийн цонх хаалгыг хийх 300 сая төгрөгийн зээл авсан байгаа, үйлдвэрийн байр хэрэгтэй мөнгө нь бэлэн байгаа гэж хууран төөрөгдөлд оруулан хуурсан байдаг. Хариуцагч Т.Төрмаа нь ХААЯ-ны сайдын хэвлэлийн албаны дарга байсан гэх албан тушаалаа ашиглан “ЖДҮС”-аас зээлээс хамаарал бүхий этгээд болох /нөхөр/ нэрээр зээл авсан гэдгээ УДШ-ийн хурал дээр хүлээсэн байдаг. Хариуцагч 21 сая төгрөг дансаар өгсөн гэж дахин хууран мэхэлсэн байдаг. Бодит байдал дээр хариуцагч 11-13 сая төгрөг өгсөн байдаг. Шүүхийг давхар мэхэлсэн байдаг. Өвчний байдлыг далимдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг УДШ хянаад тогтоосон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч М.Баатарсүхийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэлийн Ү-2005000023 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Буурал 2 дугаар гудамж 207 тоот 800,0 мкв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлалтай нэгж талбарын 4502004692 дугаар бүхий 13778 мкв газрыг буцаан нэхэмжлэгч С.Баярчимэг, Б.Төвшинбат нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баатарсүхээс улсын тэмдэгтийн хураамж 343,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нар давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа “Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэрээ, хууран мэхлэх аргаар хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлага гаргаж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянаж, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох хуйл зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа хэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

            Мөн Иргэний хуулийн 225.1, 225.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 205.1 дэх заалтыг хэрэглэхдээ гэрээний гүйцэтгэлийн биет байдлын талаар болон харилцан буцааж өгөх үүргийн талаар бодит дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн.

            Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 67 дугаар тогтоолоор бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлж, тус шүүхийн  дугаартай Шүүгчдийн  дугаартай Шүүгчийн зөвлөгөөний тогтоолоор дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. УЛмаар анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн гэж үзэж байна.

            Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийж эд зүйлийн үнэ үнэлэмж нэмэгдсэн нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал мөн бөгөөд хариуцагч энэ талаар тайлбар, баримт, гэрэл зургийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь мөн хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад С.Баяраа нь хариуцагчаас гэрээний төлбөрт авсан мөнгөө өөр, өөрөөр мэдүүлж, шүүхийг төөрөгдүүлж, сүүлдээ баримт байхгүй тул санахгүй байна гэж худал мэдүүлсэн тухайд шүүх дүгнэлт хийгээгүй, дан ганц дансны хуулгыг үндэслэн бидний С.Баяраад бэлнээр өгсөн 9,0 сая төгрөгийг үгүйсгэсэнд гомдолтой байна гэжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

            5.  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ямар нэгэн нөлөөнд авталгүй шударгаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хариуцагч зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалж, бусдыг хохироосон үйлдлийн талаар огт дурдаагүй, үндэслэлгүй, хүн гүтгэсэн, нотлох баримтгүй гомдол гаргасан байна.

Шүүх хурлын дараа хариуцагч этгээд нэхэмжлэгч талын төлөөллийг хэл амаар доромжлон, айлган сүрдүүлж, хууль бус үйлдэл гаргасан тул шүүхийн цагдаа зогсоож, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Хариуцагчид хууль сануулахгүй бол зохисгүй, хууль бус үйлдэл гаргах магадлалтай.

Нэхэмжлэгчийн эд хөрөнгийг нэг ч төгрөг гаргахгүйгээр, хууран мэхэлж, гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр авах гэсэн хууль бус оролдлого гаргаж байгааг шүүх үнэн зөвөөр тогтоож өгсөн шийдвэрийг дэмжиж байна.

3-4 жил үйлдвэрийн байр, хашаа, 5 га талбай, 2 давхар 8 өрөө орон сууцыг үнэ төлбөргүй түрээсгүйгээр ашиглаж, олж болох боломжит орлогыг минь хааж хохирол учруулсаар байна. Төлбөрийн чадваргүй нь тодорхой босон тул ядахдаа хамтран ажиллах санал тавьсан боловч татгалзсан.

Хариуцагчийн давах гомдолд дурдагдсан зүйлүүд огт үндэслэлгүй бөгөөд нотлох баримтгүйгээр хүн гүтгэсэн байна. ХХААХҮЯ-ны дэргэдэх сангаас 300 сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр зээл авсан, энэ мөнгөнөөс 100 сая төгрөгийг төлнө гэж хууран мэхэлсэн, ХХААХҮЯ-нд хамаарал бүхий / эхнэр Төрмаа/ этгээд яамны сайдын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан болохыг шүүх асууж тогтоосон байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төрмаагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

  2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зарим хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэр гаргаж албажуулаагүй, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн материалаас  судлахад :

3. Нэхэмжлэгч С.Баярчимэг, Б.Түвшинбат нар нь анх шүүхэд М.Баатарсүх, С.Баяраа нарт холбогдуулан С.Баяраа болон М.Баатарсүх нарын хооронд байгуулагдсан Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах 800 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан./1 дүгээр х.х-1-2/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Баяраагаас татгалзаж, зөвхөн хариуцагч М.Баатарсүхэд холбогдуулан шаардлага гаргасан ба С.Баяраа нь нэхэмжлэгч нараас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна. /1 дүгээр х.х-236/

 4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...хуурамч дүр үзүүлэн итгүүлэх замаар хууран мэхэлж ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох  гэж нэхэмжлэлд өөрчлөлт оруулж өгөх хүсэлтийг хангаж өгнө үү. Урдах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.  / 2 дугаар х.х-ийн 15/

5. Улсын Дээд Шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 817 дугаар тогтоолоор тус хэргийг хянан шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нар хариуцагч С.Баяраад өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон, нэхэмжлэгчийг гэрээний нэг тал гэж үзэх эсэх, улмаар С.Баяраа нь 100,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар хэлцэл хийсэн нь хөрөнгийг үнэгүйдүүлсэн, дүр үзүүлсэн, төлөөлүүлэгчид хохиролтой хэлцэл хийсэн эсэх, нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бус гэж эсвэл гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан авах аль үндэслэлийг гаргаж байгааг тодруулах шаардлагатай” гэх дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. /1дүгээр х.х-220-225/

Анхан шатны шүүх Улсын Дээд Шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байх тул Улсын Дээд Шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй  гэж үзнэ.

Тухайлбал, анхан шатны шүүх хуралдаан дээр буюу хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж тодруулсны дагуу түүнийг худалдах-худалдан авах гэрээнээс  татгалзсан гэх дүгнэлт хийсэн  нь  талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн  гэж үзэхэд учир дутагдалтай байна.

6. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, ойлгомжтой байх нь маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлох улмаар бодит үндэслэлтэй шийдвэр гаргахад нөлөөлнө.

Мөн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн зөрчигдсөн эрхэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд юу хүсэж байгааг тодорхойлдог тул шүүх, нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагыг тодруулах ажиллагааг хийх нь хууль зөрчихгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй болно.

7. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ хариуцагч М.Баатарсүхээс 23 сая төгрөг авсан гэж бичсэн, хариуцагч нь 23 сая төгрөг өгсөн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нь тайлбартаа 23 сая төгрөг авсан гэдгээ үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх “...нийт 14,000,000 төгрөгийг С.Баяраагийн эзэмшлийн 5020937656 тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа ба харин хариуцагчийн бэлнээр 9,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

8. Анхан шатны шүүх Улсын Дээд Шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хүлээж аваад Ерөнхий шүүгч З.Тунгалагмааг шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэр гаргаж албажуулаагүй,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн гаргасан “шүүхийн харьяалал өөрчлүүлэх тухай” хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулсан  / 2 дугаар х.х-130-131/ зэрэг зөрчлийн улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан тул давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,150 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  04 дүгээр сарын 12-ны өдрийн 135/ШШ2023/000487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                                    ШҮҮГЧИД                                Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                                           Я.ТУУЛ