| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0818/э |
| Дугаар | 836 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борнууд овогт Мөнхжаргалын Мөнхбаярт холбогдох эрүүгийн “1811015180938” дугаартай, 186/2018/0818/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 46-94 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүгийн 13 дугаар хороо, ногооны талбайн 5-34 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Борнууд овгийн Мөнхжаргалын Мөнхбаяр /РД:МВ81012214/,
Холбогдсон хэргийн талаар:
М.М нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голомт” банкинд жолоочоор ажиллаж байхдаа 36-72 УНҮ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг завшиж, 1.639.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэбаярын:..манай банкны мөнгөн зөөврийн албаны жолооч байсан М.М нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажлаа хаяж явсан. 36-72 УНҮ улсын дугаартай "Ниссан патрол" маркийн машины 4 обуд, дугуйтай нь хүлээлгэж өгөлгүй авч явсан бөгөөд холбогдоход 2018 оны 01 сард хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Обуд нэг ширхэг нь 280.000 төгрөг, нийт 4 ширхэг, дугуй нэг ширхэг нь 427.500 төгрөгний үнэлгээтэй нийт 4 ширхэг дугуй, нийт үнэлгээ 2.830.000 төгрөг байгаа гэх мэдүүлэг. /хх 39-40/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Идэрсүрэнгийн:..М.М нь 2014 билүү 2015 онд Голомт банкинд жолоочоор ажилд орсон байгаа. Голомт банкинд тууштай ажиллаж байгаад 2017 оны сүүлээр ажлаасаа гарсан...тэнд ажиллаж байхдаа 33-72 гэсэн дугаартай / серийг нь мэдэхгүй/ цагаан өнгийн патрол унадаг байсан 2017 оны 04 сард байх нөгөө машинаасаа өвлийн дугуй аваад зуны дугуй хийхдээ гражид хийхээр алга болчих гээд байна гэсээр обудтай 4 ширхэг дугуйг гэрийнхээ амбаарт аваачиж хийж байсан гэх мэдүүлэг. /хх 65-66/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Оюунчимэгийн:..М.М гэж хүн тойрох хуудсаа зуруулж өгөлгүйгээр ажлаа хаяад алга болчихсон учраас цалинг нь олгоогүй байлгаад байгаа гэсэн үг юм. Би цалинг нь тооцоолж үзэхэд гарт олгох дүн нь 575,120 төгрөг байна лээ. Үүнээс тойрох хуудсаа бөглүүлэхэд дутагдал, суутгал, хоол унаа гэх мэтээр хэдэн төгрөг ч суутгагдаж магадгүй учраас цалинг байлгаад байгаа юм. М.М нь 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 30-ны хугацаанд ажилласан мөнгийг нь бодож 575,120 төгрөг гарсан байгаа. 2017 оны 12 сарын 01-нээс 2017 оны 12 сарын 05-ныг хүртэл бол ирц бүртгэл байхгүй байсан учраас цалин бодогдоогүй. Мэдээлэл нь ирээд ажлаас гарах хугацаа нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр учраас тэр өдрөөр тасалбар болгосон гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд ирц байхгүй болохоор цалин бодогдоогүй гэх мэдүүлэг. /хх-67/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хавтаст хэргээс: улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 39 дүгээр хуудас хохирогч Эрдэнэбаярын мэдүүлэг, 65-66 дугаар хуудас гэрч Б.Идэрсүрэнгийн мэдүүлэг, 67 дугаар хуудас гэрч А.Оюунчимэгийн мэдүүлэг, 10 дугаар хуудас Голомт банкны 3672 УНҮ дугаартай автомашины сэлбэгийн тайлан, 11 дүгээр хуудас М.Мөнхбаярын туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаал, 71 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 77-78 дугаар хуудас яллагдагчийн мэдүүлэг, 109 дүгээр хуудас хохирол төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 71 дүгээр хуудас техникийн үнэлгээний тайлан, 48 дугаар хуудас ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голомт” банкинд жолоочоор ажиллаж байхдаа 36-72 УНҮ улсын дугаартай “Ниссан патрол” маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг завшиж, 1.639.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Эрдэнэбаярын:..манай банкны мөнгөн зөөврийн албаны жолооч байсан М.М нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажлаа хаяж явсан. 36-72 УНҮ улсын дугаартай "Ниссан патрол" маркийн машины 4 обуд, дугуйтай нь хүлээлгэж өгөлгүй авч явсан бөгөөд холбогдоход 2018 оны 01 сард хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Обуд нэг ширхэг нь 280.000 төгрөг, нийт 4 ширхэг, дугуй нэг ширхэг нь 427.500 төгрөгний үнэлгээтэй нийт 4 ширхэг дугуй, нийт үнэлгээ 2.830.000 төгрөг байгаа гэх мэдүүлэг. /хх 39-40/, гэрч Б.Идэрсүрэнгийн:..М.М нь 2014 билүү 2015 онд Голомт банкинд жолоочоор ажилд орсон байгаа. Голомт банкинд тууштай ажиллаж байгаад 2017 оны сүүлээр ажлаасаа гарсан...тэнд ажиллаж байхдаа 33-72 гэсэн дугаартай / серийг нь мэдэхгүй/ цагаан өнгийн патрол унадаг байсан 2017 оны 04 сард байх нөгөө машинаасаа өвлийн дугуй аваад зуны дугуй хийхдээ гражид хийхээр алга болчих гээд байна гэсээр обудтай 4 ширхэг дугуйг гэрийнхээ амбаарт аваачиж хийж байсан гэх мэдүүлэг. /хх 65-66/, гэрч А.Оюунчимэгийн:..М.М гэж хүн тойрох хуудсаа зуруулж өгөлгүйгээр ажлаа хаяад алга болчихсон учраас цалинг нь олгоогүй байлгаад байгаа гэсэн үг юм. Би цалинг нь тооцоолж үзэхэд гарт олгох дүн нь 575,120 төгрөг байна лээ. Үүнээс тойрох хуудсаа бөглүүлэхэд дутагдал, суутгал, хоол унаа гэх мэтээр хэдэн төгрөг ч суутгагдаж магадгүй учраас цалинг байлгаад байгаа юм. М.М нь 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 30-ны хугацаанд ажилласан мөнгийг нь бодож 575,120 төгрөг гарсан байгаа. 2017 оны 12 сарын 01-нээс 2017 оны 12 сарын 05-ныг хүртэл бол ирц бүртгэл байхгүй байсан учраас цалин бодогдоогүй. Мэдээлэл нь ирээд ажлаас гарах хугацаа нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр учраас тэр өдрөөр тасалбар болгосон гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд ирц байхгүй болохоор цалин бодогдоогүй гэх мэдүүлэг. /хх-67/, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Мыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 16 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борнууд овогт Мөнхжаргалын Мөнхбаярыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан торгох ялыг 16 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ