Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00065

 

Б.Одгийвийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 03-ны өдрийн 135/ШШ2023/000585 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Одгийвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17-р цэцэрлэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгуулах, таван жилийн тэтгэмж болох 5,000,000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн эрхлэгч А.Эрдэнэзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Одгийв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саух, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 1995 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилласаар ирсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд дуу хөгжмийн багшаар 28 дахь жилдээ ажиллаж байна.

С.Саух нь 2022 оны 12 дугаар сард түр орлон гүйцэтгэгчийн ажил аваад М.Алтангүлийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр арга зүйч гэх албан тушаалд томилон дахин ажлын байрны дарамт үзүүлж, бүлэглэн гүтгэж, хуурамч дипломтой гэж бүтэн жил шалгуулсан ч диплом хуурамч биш гэж мэргэжлийн байгууллагууд, шүүх нотолсон ч дарамталсаар, гүтгэсээр байгааг зогсоож, Б.Одгийв намайг эргүүлэн тус 17-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд томилон өгнө үү гэжээ.

Мөн дундаж цалингийн хэмжээг сүүлийн 3 сар буюу 2022 оны  9 дүгээр сарын 1,675,069 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 946,780,000 төгрөгийн цалинг, 2022 оны 07 дугаар сарын 1,888,704 төгрөгөөр тооцож гаргахад 4,510,000 төгрөг болж байна. Сүүлийн 3 сарын дунджаар хувааж үзэхэд 1,503,517 төгрөг гарсан.Үүнийг ажлын 21,5 өдөрт хувааж үзэхэд нэг өрийн цалин 69,941,000 төгрөг гарсан. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг үндэслээд уг оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл ажлын 157 хоног байна. Нэг өдрийн цалин буюу 69,941,000 төгрөгийг 157 хоногт үржүүлэхэд 10,979,175 төгрөг болж байна. Ийм үнийн дүнтэй цалинг авч чадалгүй хохирсон байна.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласан нэмэгдэл цалинг хууль бус тушаалаас болоод авах боломжоо алдсан гэж үзээд 5,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт 15,979,175 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 1990 оноос одоог хүртэл 33 дахь жилдээ ажиллаж байна. Удирдах албан тушаалыг 1 жил 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэж байна. Б.Одгийв багштай 7 жилийн хугацаанд хамт ажиллаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ярьж байгаа дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хүнд дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Хэрэв олон жилийн хугацаанд дарамт шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа бол Үйлдвэрчний эвлэл болон холбогдох байгууллагад хандаж болох байсан ч хандаагүй байна. Шууд шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн удирдах албан тушаалд томилогдсоноос хойш би Б.Одгийвт биш Б.Одгийв надад дарамт үзүүлж эхэлсэн. Энэ албан тушаалд Б.Одгийв багшийг тавина гэдэг зүйл яригдаж байсан.

Манай хамт олон Б.Одгийв багшийг эрхлэгчээр тавихгүй гэсэн хамт олны гарын үсэгтэй хүсэлтийг Засаг дарга болон аймгийн Засаг дарга, засгийн газрын н.Галбадрах гэж 3 газар хүргүүлсэн байдаг. Засаг даргаас сонгон шалгаруулалт явагдах хүртэл хамт олон дундаасаа түр хугацаанд орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж захирамждаа хүртэл зааж өгсний дагуу хамт олны санал хуралтаар намайг түр хугацаанд томилсон. Нэхэмжлэгч ажлаас гарах өргөдлөө өөрийн гараар гардуулж өгсөн. Яагаад гардуулж өгөөгүй гээд худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч өөрөө халагдах хүсэлтээ гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тушаалаа гаргаад тооллогын комисс оруулах гэтэл оруулахгүй байсан. Ороод тооллогоо хийчих гэдэг шаардлагыг тавьсан. Учир нь үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байсан. Иймд Б.Одгийвийн ажлын өрөөний хаалгыг эвдээд орсон. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Таван жилийн тэтгэмжийн талаарх нэмэгдүүлсэн шаардлагыг манайх хариуцахгүй зөвхөн материалыг нь л холбогдох байгууллагууд руу явуулдаг гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Одгийвийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 10,979,167 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 190,616 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч 17-р цэцэрлэгчийн эрхлэгч А.Эрдэнэзул давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Нэхэмжлэгч Б.Одгийв нотлох баримтаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэхээргүй байна гэж тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосон” нь үндэслэлгүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлд заасны дагуу ажилтан хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдлоо холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, ХЭҮК, шүүхэд гаргахаар зохицуулсан.

Нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны дарамт, ажил олгогчийн шахалт шаардлагын улмаас өргөдөл өгсөн гэх боловч эрх нь зөрчигдсөн гомдлоо хуульд заасан шүүхээс өмнөх шатанд хандаж шийдвэрлүүлэх арга хэмжээгч огт аваагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шалгуулсан, тогтоолгосон үйл баримт байдаггүй.

 

            Мөн анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнээс хальж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ажлын байрны дарамт, хүчирхийлэл өртсөн тухайгаа тогтоолгох бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх “ ... нотлох баримтаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн.

           

            Нэхэмжлэгчийн гадуурхагдсан, зодсон, хүчирхийлсэн гэх дарамт шахалт нь ямар ч баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь маш тогтворгүй, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байсан. Хариуцагчийн зүгээс ярьсан зүйлийг нотлуулахаар мессеж-д үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн 5ш сиди-д үзлэг хийлгэсэн үйл баримт нь Б/33 тушаал гарсны дараах үйл явдал тул хэрэгт хамааралгүй.

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад буруу үнэлэлт, дүгнэлт өгч хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэзулын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Тодруулбал : анхан шатны шүүх шийдвэрийн хянах хэсэгт дурдсан дүгнэлтүүдийн зарим хэсэг болох  нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага таван жилийн тэтгэмж 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан, мөн нэхэмжлэгч Б.Одгийвт олгохоор шийдвэрлэсэн  өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг буруу тооцсон зэрэг үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт  өөрчлөлт  оруулах нь зүйтэй  гэж  дүгнэв.

 

  2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч  дээр дурдсан зөрчлийг гаргасны улмаас  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Хэргийн материалаас  судлахад :

 

 3.Нэхэмжлэгч Б.Одгийв нь Дархан-Уул аймаг Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд  эгүүлэн тогтоолгох гэх шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ажилгүй байсан хугацаанд өмнө нь  авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих  бичилт хийлгэх, таван жилийн тэтгэмж 5,000,000 төгрөг гаргуулах гэсэн  шаардлагуудыг нэмэгдүүлэн гаргаж, уг шаардлагуудаа Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “ Б.Одгийвийг ажлаас чөлөөлөх тухай” 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 тоот тушаал болон бусад бичгийн баримтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэгт  үндэслэжээ. /хх-2,3-21,40-41,117,130-135/

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Саух /тухайн үед түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан/ нь ... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.Одгийвийн гаргасан хүсэлтийн агуулга нь халагдах хүсэлтэй байсан нь иргэд,олон нийттэй харилцах  11-11 дугаарт хандсан гомдлын агуулгаас илэрхий байна. Түүнийг дарамталсан, үндэс угсаа гарал үүслээр ялгаварлан гадуурхсан үйлдэл огт байхгүй, хэрэв үнэн бол холбогдох эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлэх байсан, тэтгэмж гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын хувьд цэцэрлэгийн зүгээс материалыг бүрдүүлж явуулна, Боловсролын газраас мөнгийг өгдөг болсон  гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ. /хх-34, 43,148/

5.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн байна.

6.Хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэзул нь давж заалдах гомдолдоо ...  6.а. шүүх, нэхэмжлэгч Б.Одгийвийг тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй,

6.б. нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу эрх нь зөрчигдсөн гомдлоо холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагуудад хандаж гаргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шалгуулсан, тогтоолгосон үйл баримт байдаггүй,

6.в.нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртсөн тухайгаа тогтоолгох бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад “шүүх, нотлох баримтаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэхээргүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэнд гомдолтой.

6.г.нэхэмжлэгчийн дүр эсгэсэн үйлдлийг нотлохоор хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд түүний цэцэрлэгийн групп чатанд “...тушаалаа гаргачихлаа,хоёулаа шүүх дээр уулзъя” гэх мессежинд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн.

Иймд шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтад буруу үнэлэлт, дүгнэлт өгч хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-169/

 7. Нэхэмжлэгч Б.Одгийв нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт 1995 оноос хойш ажлаас чөлөөлөгдөх хүртлээ нийт 28 жил  дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан гэх тайлбарт талууд маргаагүй.

   Нэхэмжлэгч Б.Одгийв нь тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 тоот тушаалаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. 

         8.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэл болно.

         Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй болохыг хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хуульчлан зохицуулсан бөгөөд энэхүү эрхээ эдлэх нь ажилтны өөрийнх нь хүсэл зориг байх бөгөөд ажил олгогчийн нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүй, зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр эдлэх эрх гэж ойлгогдож байна.

Тодруулбал,  Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд ... хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж тайлбарласан.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэнээс өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно. 79.3-т дээрх хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж тус тус заажээ.

           Нэхэмжлэгч Б.Одгийв нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгийн хүсэлт гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараас тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

          Мөн нэхэмжлэгч буюу ажилтан Б.Одгийв нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчид гаргасан гэх бөгөөд  хариуцагч буюу ажил олгогч 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу 7 хоногийн дотор тушаал гаргаж  түүнийг үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн нь  хуульд нийцээгүй байна.

           9.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажилтны үндсэн эрх, үүргийг, 43 дугаар зүйлд ажил олгогчийн үндсэн эрх, үүргийг,

          Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд эрхлэгчийн үүргийг тус тус хуульчлан зохицуулсан байна.          

Тухайлбал: хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг 42.2.1-42.2.12-т заасан үндсэн үүргийг ажилтан хүлээхээр,  43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг 43.2.1-43.2.12-т заасан үндсэн үүргийг ажил олгогч  хүлээхээр  тусгагджээ.

 Хариуцагч нь ажил олгогчийн хувьд хуулийн 43.2.2 хөдөлмөрийн хууль  тогтоомж, ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ..., 43.2.4 ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, ... зэрэг үндсэн үүргээ,

Цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасан  ...хамт олныг төлөвшүүлэх, ... үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас  хөдөлмөрийн харилцааг цуцлах хүсэлтийг ажилтан гаргах болсон  бөгөөд уг хүсэлт нь  ажилтны өөрийнх нь  хүсэл зоригийн дагуу гаргагдаагүй гэж ойлгогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэлтэй  байна. 

10. Нэхэмжлэгч Б.Одгийв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажилтны үндсэн үүргээ зөрчсөн гэх болон нэхэмжлэгчийн  өөрийнх нь хүсэл зоригийн дагуу , сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлтийн дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг  хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс  гаргаж мэтгэлцээгүй.

11. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан  бичгийн баримтууд болон талуудын тайлбар зэргээр хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэзулын гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. 

          12. Харин  нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг буруу тооцож шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгчээс цалин, хөлстэй холбоотой баримт тухайлбал, ажилласан хоног бүхий цалингийн тодорхойлолтыг гаргаж ирүүлээгүй байх тул хэрэгт авагдсан  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хх-130-135/-ыг үндэслэн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар  дараах байдлаар тооцох нь зүйтэй.

           2022 оны 6,7,8 дугаар сарын цалингийн нийлбэр 4,635,484төгрөг /1,800,000+1,888,704+946,780/,  үүнээс  нэг сарын дундаж  цалин, хөлсийг тодорхойлбол 1,545,161 төгрөг /4,635,484 төгрөг: 3сар/, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлс нь 73,579 төгрөг/ 1,545,161: 21 х/ болох  ба энэхүү 73,579  төгрөг х148 хоног/ ажилгүй байсан хугацаа/ = 10,889,692  төгрөгийн олговор олгогдохоор байх тул нэхэмжлэгчийн олговорт 10,979,175 төгрөг гаргуулах шаардлагаас 10,889,692 төгрөгийг хангаж, үлдэх 89,483 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,

         13. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Б.Одгийвийн нэмэгдүүлсэн таван жилийн тэтгэмж 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж “Үндэслэх” хэсэгт дүгнэсэн атлаа шийдвэрийн “тогтоох” хэсэгт тусгаагүй орхигдуулсныг нэмэх.

             Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дахь дэх заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэзулын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 03-ны  өдрийн 585 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5, 43 дугаар зүйлийн 43.1.7 “б” –д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Одгийвийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,889,692  төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Одгийвт олгож, Б.Одгийвийн нэмэгдүүлсэн шаардлага болох тэтгэмж 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, мөн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын шаардлагаас үлдэх 89,483 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь  заалтын  “  ... ,  хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс “ 190,616 төгрөг ... “ гэснийг “ 189,185 төгрөг ...” гэж тус тус өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн төлөөлөгч А.Эрдэнэзулаас  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,000  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                    Х.БАЙГАЛМАА