Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00305/И |
Дугаар | 315 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Өгөөмөр, *******т оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/,
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах бригадын “Гэрэлт зам” нэгдэлд аав, ээжийн хамт илгээлтээр гарч мал маллан 1984 онд Н.*******тэй ханилсан. 1984-1985 онд ямаа маллаж, 1986 онд үхэр, 1987 онд борлон тус тус маллаж байсан. 1987-1988 оны 03 дугаар сарыг хүртэл ямаа маллаж байгаад 1988 оны 03 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад шилжин ирж 1988-1992 он хүртэл тус бригадад тэмээ маллаж байгаад1992 онд хувьчлалд гарч одоог хүртэл мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1982-1992 онуудад мал маллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас энэ хугацаанд улсад ажилласан жил маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оноос 1988 онд Гэрэлт зам нэгдэлд, 1988 оноос 1992 онд Өгөөмөр бригадад тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Мандах бригадад, 1988 оны 11 дүгээр сараас 1992 оныг хүртэл тус нэгдлийн Өгөөмөр бригадад тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч Г.*******гийн шүүхэд өгсөн: “******* 1982 онд 8 дугаар анги төгсөөд Ханхонгор сумын Мандах бригадад малчнаар илгээлтээр гарсан. 1984 оныг хүртэл нэг наст ямаа маллаад, 1984-1985 онд ямаачин болж, 1986-1987 онд үхэрчин, 1987-1988 онд ямаа малласан. 1982 оны 07 дугаар сараас 1988 оныг хүртэл Мандах бригадад малчнаар ажиллаад 1988 оноос хойш 1992 он хүртэл Өгөөмөр бригадад нэгдлийн тэмээ маллаж байсан. Би тэр үед Өгөөмөр бригадын дарга байсан. ******* нийтдээ 1982 оноос 1992 оны 10 дугаар сарыг хүртэл Ханхонгор сумын Мандах, Өгөөмөр бригадуудад малчнаар ажиллаж байсан. Би 1975 оноос 1982 оныг хүртэл *******тай нэг ангид сурч байсан. 1982-1985 онд би Ханхонгор сумын Өгөөмөр бригадад малчин, ******* Мандах бригадад малчнаар хуваарилагдаж ажитлласан. Би 1988 онд цэргээс халагдаж ирээд Өгөөмөр бригадын даргаар томилогдоход ******* Мандах бригадаас шилжин ирж ажилласан юм. Нэг дор олон жил хамт ажилласан учраас сайн мэднэ.” гэх мэдүүлэг,
2.Гэрч *******ы шүүхэд өгсөн: “******* 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч Мандах бригадад ямаа маллаж байсан. 1984 онд ******* гэдэг хүнтэй гэр бүл болж ямаа маллаж байгаад 1986 оноос хойш нэгдлийн үхэр маллаж байсан. Тэгээд 1988 онд Өгөөмөр бригадад шилжиж очоод түүнээс хойш тэмээ маллаж эхэлсэн. 1992 оныг хүртэл Өгөөмөр бригадын тэмээг маллаж байгаад хувьд гарсан. Бид нэг дор нутаглаж байсан. Манайх одоог хүртэл Мандах багийн нутагт байгаа. Одоо хүртэл нэг дор нутаглаж л байна. Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Өгөөмөр бригадад 1978 оноос эхлэн тасралтгүй ажилласан. Нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учир сайн мэднэ.” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгч *******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг даргын тодорхойлолт,
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаар ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Мандах бригадад 1982-1988 онд, Өгөөмөр бригадад 1988-1991 онд тус тус ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
5.Гэрч Г.*******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Нэхэмжлэгч ******* нь 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг хүртэл Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Мандах бригадад, 1988 оны 11 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдлийн Өгөөмөр бригадад тус тус ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч Г.*******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Мандах бригадад 1982-1988 онд, Өгөөмөр бригадад 1988-1991 онд тус тус ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарыг дуустал Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Мандах бригадад, 1988 оны 11 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдлийн Өгөөмөр бригадад тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн
*******гийн 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сары 30-ны өдрийг хүртэл Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Мандах бригадад, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдлийн Өгөөмөр бригадад тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР