Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 837

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Б.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алдар толгой Дэмчигийн Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн “1811082290968” дугаартай, 186/2018/0817/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээрсарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүн хэлэлцэв.                     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г13-207 тоотод оршин суух бүртгэлтэй, 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 75 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Алдар толгой овогт Дэмчигийн Бат-Ирээүй  /РД:ЧИ70022274;

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Днь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 13-207 тоотод хүргэн дүү болох Г.Оюунболдтой маргалдаж, улмаар түүнийг хуванцар сандлаар түүний нүүрэн тус газар нь цохиж биед  нь зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Б.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...энэ нь их олон жилийн өмнөөс үүдэлтэй асуудал юм. Би тээврийн жолооч ажилтай. Тухайн өдөр 2 эмэгтэй дүүтэйгээ уулзъя гэж бодоод байж байхад миний эцэг миний тэтгэврийн зээлийг авахуулаад машин аваад мөнгө өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би эмэгтэй дүүтэйгээ уулзах гэхэд 2 хүргэн ороод ирсэн. Би эмэгтэй дүүдээ аавд мөнгийг нь буцааж өгөхгүй юмуу гэхэд аав мөнгөө бүрэн авна гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд хүргэн танд ямар хамаатай юм гэж хэлээд би хажууд байсан жижиг сандлыг аваад шидэхэд л гэмтэл учирсан байсан. Би олон удаа тэвчсэн. Тухайн үед би нэг их архи уугаагүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Оюунболдын мэдүүлэг: "...2018 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байгаад эхнэрийн хамт хадам эгч Батбилэгийн гэрлүү ороход хадам ах Бат-Ирээдүй гэрт нь сууж байсан. Тэгээд ороод хадам ах манай эхнэртэй газрын талаарх маргааны асуудлаа ярилцаад сууж байгаад гэнэт пиавар сандал аваад миний нүүрлүү цохьсон. Би та яаж байгаа юм бэ гэж хэлээд гараад явсан Тэгээд би хадам дүүтэй хамт гэмтлийн эмнэлэг яваад үзүүлсэн ба эмнэлэг явахаасаа өмнө цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн хөмсөг сэтэрсэн гэх мэдүүлэг. /хх-09/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Эрдэнэбилэгийн:..ах та нар аавын мөнгийг өгөхөд яадаг юм бэ гээд уурлаад байсан ба ах уучихсан байсан. Манай нөхөртэй заамдалцаад байсан ба эгч бид хоёр салгах гэтэл ах Бат-Ирээдүйг сандал аваад далайгаад цохих шиг болсон. Би эргээд харахад нөхрийн хөмсөгнөөс цус гарч байсан гэх мэдүүлэг. /хх-17/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12092 тоот актын:

1. Г.Оюунболдын биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн, эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор АУ-ны магистр Б.Ундармаа гэсэн  дүгнэлт. /хх-19/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтаст хэргийн улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 9 дүгээр хуудас хохирогчийн мэдүүлэг, 17 дугаар хуудас гэрч Эрдэнэбилэгийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас шинжээч эмчийн дүгнэлт, 27 дугаар хуудас яллагдагч Бат-Ирээдүйгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Б.Днь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 13-207 тоотод хүргэн дүү болох Г.Оюунболдтой маргалдаж, улмаар түүнийг хуванцар сандлаар түүний нүүрэн тус газар нь цохиж биед  нь зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Оюунболдын мэдүүлэг: "...2018 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байгаад эхнэрийн хамт хадам эгч Батбилэгийн гэрлүү ороход хадам ах Бат-Ирээдүй гэрт нь сууж байсан. Тэгээд ороод хадам ах манай эхнэртэй газрын талаарх маргааны асуудлаа ярилцаад сууж байгаад гэнэт пиавар сандал аваад миний нүүрлүү цохьсон. Би та яаж байгаа юм бэ гэж хэлээд гараад явсан Тэгээд би хадам дүүтэй хамт гэмтлийн эмнэлэг яваад үзүүлсэн ба эмнэлэг явахаасаа өмнө цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн хөмсөг сэтэрсэн гэх мэдүүлэг. /хх-09/, гэрч Д.Эрдэнэбилэгийн:..ах та нар аавын мөнгийг өгөхөд яадаг юм бэ гээд уурлаад байсан ба ах уучихсан байсан. Манай нөхөртэй заамдалцаад байсан ба эгч бид хоёр салгах гэтэл ах Бат-Ирээдүйг сандал аваад далайгаад цохих шиг болсон. Би эргээд харахад нөхрийн хөмсөгнөөс цус гарч байсан гэх мэдүүлэг. /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12092 тоот дүгнэлт болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бат-Ирээдүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Д.Бат-Ирээдүйг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алдар толгой Дэмчигийн Бат-Ирээдүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Ирээдүйг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Ирээдүйд оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Днь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Бат-Ирээдэүй нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Ирээдүйд  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ