Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2023/00066

 

С.Солонгын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 04-ний өдрийн 135/ШШ2023/000587 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Солонгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч С.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д 2021 оноос эхлэн өдийг хүртэл ажиллаж байгаа ба албан ажилдаа үнэнчээр зүтгэж, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ шударгаар биелүүлж ирсэн ба өдрийг хүртэл аливаа асуудлаар сахилгын зөрчил гаргаж, хариуцлага хүлээж байгаагүй болно.

Гэтэл Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.26-ны өдрийн Б/1283 дугаартай, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар намайг ...Ninbo Sheng Haotong international компанитай гэрээ байгуулахаар гэрээний урьдчилгаа төлбөр 50%-ийн нэхэмжлэх, гэрээний төслийг 2022.11.07-ны өдөр батлуулсан боловч тус газар руу явуулаагүй, чөлөөгөөр явахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй, гэрээ, нэхэмжлэхийг үлдээж явсан, ээлжийн амралтаа авч явахдаа ажил үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс тус компани руу ачилт хийх хугацаа хойшлогдсон зэрэг зөрчлүүд гаргасан... гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус тушаал гэж үзэж байна.

Учир нь миний бие уг тушаал дурдсан үйлдлүүдийг бөгөөд намайг аливаа асуудлаар зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоосон зүйл байхгүй, нэхэмжлэх болон гэрээний төслийг явуулсан эсэхийг маань ч нарийн шалгалгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, элдэв зүйлүүдээр шалтаглан намайг ийнхүү ажлаас халсан байна гэж үзэж байна.

Дээрх тушаалд дурдсан үйл явдлуудын тухайд гэвэл Ninbo Sheng Haotong international компанитай гэрээ байгуулахаар гэрээний урьдчилгаа төлбөр 50%-ийн нэхэмжлэх, гэрээний төслийг 2022.11.07-ны өдөр батлуулсан боловч тус газар руу явуулаагүй гэх боловч миний бие тус компани руу гэрээний төсөл болон нэхэмжлэхийг албан ёсны майл хаяг руу цаг хугацаанд нь явуулсан, чөлөөгөөр явахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй, гэрээ, нэхэмжлэхийг үлдээж явсан гэсэн үндэслэлгүй, миний бие явуулсан болох нь одоо ч компанийн майл хаягт хадгалагдсаар байгаа бөгөөд намайг халагдсан даруйд уг майл хаяг руу нэвтрэх нэр, нууц үгийг маань өөрчилсөн тул миний бие дахин нэвтэрч харах боломжгүй болсон боловч тухайн үед нь би түүнийг зургаар баталгаажуулж авсан байгаа болно.

Түүнчлэн ээлжийн амралтаа авч явахдаа ажил үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс тус компани руу ачилт хийх хугацаа хойшлогдсон гэсэн нь мөн үндэслэлгүй ба энэхүү ажил нь гарц миний буюу борлуулалтын хэлтсийн үйл ажиллагаа биш, бусад хэлтсүүдийн хамтын уялдаа холбоотой ажиллагааны үндсэн дээр хэрэгжих ёстой асуудлыг ганц надад халдаан хариуцлага ногдуулах үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй.

Ажил олгогч буюу хариуцагчаас миний хөдөлмөрлөх эрхэд маань ийнхүү үндэслэлгүйгээр халсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд намайг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн борлуулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК болон С.Солонго нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХГ-2022-1059 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 7.4.5-д ажилтан энэ гэрээний 6.4 болон Хөдөлмөрийн дотоод журам тус тус заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, 7.5.2-д ажил үүргээ гүйцэтгээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, чанарын алдаа дутагдал гаргасан, удирдах болон захиргааны албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээг удаа биелүүлээгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг гажуудуулсан, бодит хохирол учруулсан, хохирол учруулахуйц нөхцлийг бүрдүүлсэн бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагчаар цуцлахаар тусгажээ.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.10.20-ны өдрийн А/198 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.2.3-д Компанийн бизнес төлөвлөгөөг болон удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн биелүүлж, гүйцэтгэлийг хугацаанд нь эргэж тайлагнах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах,

7:2:15-д ажилтны ажлын байр, албан тушаал өөрчлөгдөх, сэлгэж ажиллах, ээлжийн амралт эдлэх, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түр болон урт хугацааны чөлөө авах тохиолдолд харьяалах нэгжийн удирдлага, Хүний нөөц, сургалт судалгааны асуудал хариуцсан нэгжид нэн даруй мэдэгдэж орлон ажиллах ажилтанд холбогдох баримтыг үйлдэж ажлаа бүрэн хүлээлгэж өгөх, 8.3.3.2-т Ажил үүргээ гүйцэтгээгүй буюу хангалтгүй биелүүлсэн чанарын алдаа дутагдал гаргасан, удирдах болон захиргааны албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээр удаа биелүүлээгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа гажуудуулсан, бодит хохирол учруулсан, хохирол учруулахуйц нөхцлийг бүрдүүлсэн бол ноцтой зөрчил болохоор заасан. С.Солонго нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1131 дугаартай Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдвэрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дээр Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Баярцэцэгийн нүүрэн тус газарт цохисон сахилгын зөрчилтэй байхдаа буюу Ninbo Dheng Haotong international компанитай гэрээ байгуулахаар гэрээний урьдчилгаа төлбөр 50%-ийн нэхэмжлэх, гэрээний төслийг 2022 оны 11 сарын 07-ны өдөр баталсан боловч тус газар руу явуулаагүй чөлөөгөөр явахдаа ажил үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс тус компани руу ачилт хийх хугацаа хойшилсон байна.

Нэхэмжлэлд өдийг хүртэл аливаа асуудлаар сахилгын зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй гэжээ.

С.Солонго нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ний спортын зааланд үйлдвэрийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Баярцэцэгийг талбай дээр нүүрэн тус газарт цохисон үйлдэлд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан байна.

Мөн нэхэмжлэлд миний бие тус компани руу гэрээний төсөл болон нэхэмжлэхийг албан ёсны мэйл хаяг руу нь цаг хугацаанд нь явуулсан гэжээ.

Борлуулалтын хэлтсийн албан бичиг авч, явуулдаг [email protected] хаягийн кодыг Худалдаа хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзориг, ганцаараа мэддэг, мэйлийг хянадаг бөгөөд тус мэйл хаягийг зөвхөн Борлуулалтын хэлтсийн даргын суурин компьютер, Борлуулалтын мэргэжилтэн С.Солонгын суурин компьютерт нээгддэг байхаар тохируулсан бусад компьютер, гар утсаар нэвтэрч болдоггүй. С.Солонгын 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тус компани руу гэрээний төсөл болон нэхэмжлэхийг албан ёсны мэйл хаяг руу явуулсан нь нотлогдохгүй, sent цэсэд байхгүй.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Солонго нь Ningbo Shenghaotong international компанитай гэрээ байгуулахаар гэрээний урьдчилгаа төлбөр 50%-ийн нэхэмжлэх, гэрээний төслийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр батлуулсан боловч тус газар руу явуулаагүй, өөрөөр хэлбэл чөлөөгөөр явахдаа ажлаа хүлээлгэж өгөөгүй, гэрээ нэхэмжлэхийг шүүгээндээ үлдээж явсныг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Солонгын шүүгээнээс олж авсан.

Ningbo хотын Sheng hao tong олон улсын худалдааны ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэлд “...12 дугаар сарын 23-ны өдөр тангай компаниас илгээсэн мэдэгдлийг хүлээн авлаа...” гэсэн мэдэгдэл, Борлуулалтын хэлтсийн дарга Г.Эрдэнэсүх, мэргэжилтэн Л.Нарантуяа, О.Болд-Эрдэнэ нарын тодорхойлолт, Төмрийн хүдрийн хуурай баяжмал нийлүүлэх экспортын гэрээний төсөл, нэхэмжлэх, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн DMP-20220611 дугаартай “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх гарын үсэг, тамгатай, 350,000 ам долларын нэхэмжлэх, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/1514 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогч аль нэг нь гаргасан” бол гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/1283 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Солонгын Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 12,394,265 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч С.Солонго давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...С.Солонго нь 2022.10.29-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрдөг...” талаар дурдсан байгаа нь үндэслэлгүй байх ба хэдийгээр шүүхэд нэхэмжлэл гарган маргаагүй хэдий ч хүлээн зөвшөөрөхгүй, шударга бус байгаа талаар гомдлоо хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д удаа дараа бичгээр гаргаж байсан баримтууд хэрэгт авагдсан байхад түүнд дүгнэлт хийлгүйгээр, хүлээн зөвшөөрдөг мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Хэрэгт авагдсан Борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Солонгын ажлын байрны тодорхойлолтод “...гэрээний төсөл боловсруулах, гэрээний гүйцэтгэлийг хангуулах... зэрэг ажлын байрны үндсэн чиг үүрэгтэй” байхаар заасан бөгөөд уг чиг үүргийн дагуу С.Солонго нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, Ningbo Shenghaotong international trade Co.ltd нарын хооронд байгуулах “Төмрийн хүдрийн хуурай баяжмал нийлүүлэх экспортын гэрээ”-ний батлагдсан төсөл болон гэрээний урьдчилгаа төлбөр 50 хувь буюу 350.000 ам.долларын нэхэмжлэхийг гэрээний худалдан авагч тал болох Хятадын компани руу мэйлээр 2022.11.07-ны өдөр явуулах үүрэгтэй байсан байна"

Нэхэмжлэгч миний зүгээс ажлын байрны тодорхойлолтод зааснаар гэрээний биелэлтийг хангуулах, гэрээний төсөл, төлбөрийн нэхэмжлэх зэргийг цахимаар явуулах ёстой гэдэгтэй маргахгүй боловч миний бие 2022.11.07-ны өдөр мэйлээр гэрээний төсөл болон төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн, тийнхүү хүргүүлснээ баталгаажуулан зургаар авсан боловч шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн зүгээс тэрхүү илгээсэн баримтыг устгасан байна.

Цахим хаяг буюу мэйлийг хүн бүр, байгууллага бүр хэрэглэдэг, тэр хаягт байгаа мэдээллийг устгах ямар амархан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Мөн харилцсан хаяг руугаа цахим шуудан илгээх бүрд шинээр хаягийг нь хийж илгээлгүй, нэг илгээсэн цахим шуудангийнхаа араас дахин дахин явуулахад мэдээлэл нь ар араасаа ордог, тэр дундаас нь мэдээлэл устгахад мэдээллүүд нь хоорондоо холилдож, илгээсэн цагууд нь аль нь алиных болох нь мэдэгдэхээ больж, ойлгомжгүй болгодог болохыг цахим хаяг буюу мэйл ашигладаг хүн бүр мэдэж байгаа.

Тэгэхээр шүүхээс хийсэн 2 ч удаагийн үзлэгээр дундаас нь мэдээлэл алга болж, цаг нь зөрүүтэй байдал үүссэнийг зургаар баталгаажуулан хэрэгт хавсаргасан байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүхээс зөв үнэлж дүгнэж чадаагүй, хэт нэг талыг баримталж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн гэрээний төсөл болон нэхэмжлэх нь 2022.11.07-ны өдөр батлагдсан хэдий ч тэр өдрөө цахим шуудангаар илгээх ёстой байсан гэдэг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс ямар ч баримтгүйгээр дүгнэсний зэрэгцээ 2022.11.07-ны өдрөөс эхлэн хариуцагч “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн тушаалаар тэмцээнд орж байгаа ажилчдад болон надад чөлөө олгосон тушаалыг гаргаж, миний бие чөлөө авах талаар хүсэлт гаргаагүй байхад албан ёсоор байгууллагаас өөрөө чөлөө олгосон тушаалыг гаргасан байсан үйл баримтыг харгалзаж үзээгүй.

Энэ талаар хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.11.1-т “...Ажилтанд 5 ба түүнээс дээш хоногийн цалингүй чөлөөг ажилтны өргөдөл, хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно”, 5.11.2-т “Ажилтанд чөлөө олгохдоо ажлын ачаалал, яаралтай шийдвэрлэх ажил байгаа эсэх, орлон ажиллах ажилтан байгаа эсэх, чөлөө авахгүйгээр зохицуулах боломжтой байдал, чөлөө авснаар төлөвлөгдөж буй ажлууд хойшлогдон компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал зэргийг харгалзан үзнэ” гэж тус тус заасан байдаг бөгөөд миний бие өөрөө чөлөө авах хүсэлтийг гаргаагүй, намайг тэмцээнд орохгүй гэж хэлэхэд заавал ор гэж хэлж, тушаалыг шууд гаргасан ба хэрэв ийнхүү чөлөө олгож байгаа бол Хөдөлмөрийн дотоод журмын 5.11.2-т заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх нь гүйцэтгэх захирлын үүрэг байхад, харгалзан үзэлгүйгээр, үүргээ биелүүлэлгүйгээр, орлох ажилтныг томилолгүйгээр тушаал гаргаснаас болж ийм нөхцөл байдал үүсээд байгааг шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй, үндэслэл муутай байна гэж үзэж байна.

Мөн шүүхээс дүгнэхдээ “Хэрэгт авагдсан баримтууд болон дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Солонго нь 2022.11.07-ны өдөр [email protected] цахим хаягаар Ninbo Sheng Haotong international компанийн [email protected] цахим хаяг руу батлагдсан гэрээний төслийг, гэрээний урьдчилгаа төлбөр 50% буюу 350.000 ам.долларын нэхэмжлэхийн хамт илгээсэн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн.

Түүнчлэн тушаалын үндэслэл хэсэгт намайг “...ээлжийн амралтаа авч явахдаа ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс болж тус компани руу ачилт хийх хугацаа хойшлогдсон” гэж дурдсан байхад шүүхээс зөвхөн ачилт хийх хугацаа хойшлогдсон гэх асуудлыг нь тусад салгаж дүгнэн, ээлжийн амралтаа авсан асуудлаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүх хэт нэг талыг барьж, хариуцагч талд үйлчилсэн мэт шийдвэрийг гаргажээ.

Хэрэв би сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд түүний ажлыг орлон ажиллахаа зөвшөөрч гарын үсэг зурсан ажилтан, мөн ээлжийн амралт эдлэхийг нь зөвшөөрч гарын үсэг зурсан нэгжийн дарга зэрэг албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцохгүй байгаа асуудлыг шүүхээс харгалзаж үзээгүй ба хэрэв орлон ажиллаж байгаа бол эзгүй байх хооронд нь үүссэн асуудлыг орлож байгаа ажилтан, хяналт тавих үүрэгтэй нэгжийн дарга нар хариуцлагаа хүлээх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6, 11 дүгээр зүйлүүдэд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчмууд зөрчигдөж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            5.  Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Солонгын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

            Хэргээс судлан үзэхэд:

3.Нэхэмжлэгч С.Солонго нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Борлуулалтын хэлтэст борлуулалтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 12,394,265 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.  

4. Анхан шатны шүүх борлуулалтын мэргэжилтэн С.Солонго нь ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК болон Ninbo Sheng Haotong International компанийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулах үйл явц удааширч талууд гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хойшилсон буюу бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний үнэ төлөх үүрэг биелүүлэх хугацаа хойшлогдох нөхцлийг бүрдүүлсэн үр дагавар үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэн нэхэмжлэгч С.Солонгыг хөдөлмөрийн гэрээний 7.5.2-т “ажил үүргээ гүйцэтгээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, үүрэг даалгавар биелүүлээгүйн улмаас хохирол учруулахуйц нөхцлийг бүрдүүлсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна

5. Нэхэмжлэгч С.Солонго нь дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо:

а/ Ажил олгогчоос оногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргаагүй хэдий ч хүлээн зөвшөөрөхгүй, шударга бус байгаа талаар гомдлоо хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д удаа дараа бичгээр гаргаж байсан баримтууд хэрэгт авагдсан байхад түүнд дүгнэлт хийлгүйгээр, хүлээн зөвшөөрдөг мэтээр дүгнэсэн.

б/ ажлын байрны тодорхойлолтод зааснаар гэрээний биелэлтийг хангуулах, гэрээний төсөл, төлбөрийн нэхэмжлэх зэргийг цахимаар явуулах ёстой гэдэгтэй маргахгүй боловч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэйлээр гэрээний төсөл болон төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн, тийнхүү хүргүүлснээ баталгаажуулан зургаар авсан боловч шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн зүгээс тэрхүү илгээсэн баримтыг устгасан. 2 удаагийн үзлэгийн явцад дундаас нь мэдээлэл алга болж, цаг нь зөрүүтэй байдал үүссэнийг зургаар баталгаажуулан хэрэгт хавсаргасан байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүхээс зөв үнэлж дүгнэж чадаагүй.

в/ ...гэрээний төсөл болон нэхэмжлэх нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр батлагдсан хэдий ч тэр өдрөө цахим шуудангаар илгээх ёстой байсан гэдэг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс ямар ч баримтгүйгээр дүгнэсэн. ... тэмцээнд орж байгаа ажилчдад Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн захирлын тушаалаар чөлөө олгосон, энэ хугацаанд  Хөдөлмөрийн дотоод журмын 5.11.2-т заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх нь гүйцэтгэх захирлын үүрэг байхад, харгалзан үзэлгүйгээр, үүргээ биелүүлэлгүйгээр, орлох ажилтныг томилолгүйгээр тушаал гаргаснаас болж ийм нөхцөл байдал үүсээд байгааг шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.

г/  Хэрэгт авагдсан баримтууд болон дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Солонго нь 2022.11.07-ны өдөр [email protected] цахим хаягаар Ninbo Sheng Haotong international компанийн [email protected] цахим хаяг руу батлагдсан гэрээний төслийг, гэрээний урьдчилгаа төлбөр 50% буюу 350.000 долларын нэхэмжлэхийн хамт илгээсэн болох нь тогтоогдохгүй байна” гэж шүүх дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн.

д/ ... тушаалын үндэслэл хэсэгт “...ээлжийн амралтаа авч явахдаа ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс болж тус компани руу ачилт хийх хугацаа хойшлогдсон” гэж дурдсан байхад шүүхээс зөвхөн ачилт хийх хугацаа хойшлогдсон гэх асуудлыг тусад нь салгаж дүгнэн, ээлжийн амралтаа авсан асуудлаар огт дүгнэлт хийгээгүй.

е/ ... сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд түүний ажлыг орлон ажиллахаа зөвшөөрч гарын үсэг зурсан ажилтан, мөн ээлжийн амралт эдлэхийг нь зөвшөөрч гарын үсэг зурсан нэгжийн дарга зэрэг албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байгаа асуудлыг шүүхээс харгалзаж үзээгүй ...Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6, 11 дүгээр зүйлүүдэд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчмууд зөрчигдөж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч С.Солонго нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХГ-2022-1059 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Борлуулалтын хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/1283 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.3.3.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дүгээр зүйлийн 7.4.5, 7.5 дугаар зүйлийн 7.5.2-т заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.  /хх-ийн 5-10/

7. Нэхэмжлэгч С.Солонго нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ninbo Sheng Haotong International компанитай гэрээ байгуулахаар гэрээний урьдчилгаа төлбөр 50 хувийн нэхэмжлэх, гэрээний төслийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр батлуулж тухайн өдрөө тус компанийн мэйлээр явуулсан, ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэсэн. Тушаалд дурдагдсан чөлөөгөөр явахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй, гэрээ нэхэмжлэхийг үлдээж явсан, ээлжийн амралтаа авч явахдаа ажил үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүйгээр тус компани руу ачилт хийх хугацаа хойшилсон гэх зөрчил үндэслэлгүй, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбар гаргасан.

8. Ажил олгогч этгээд болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь нэхэмжлэгч С.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ “ С.Солонго нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн спорт зааланд үйлдвэрийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний үеэр талбай дээр....мэргэжилтэн Б.Баярцэцэгийн нүүрэн тус газар цохисон үйлдэлд 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн. ... “Ninbo Sheng Haotong International” компанитай гэрээ байгуулахаар гэрээний урьдчилгаа төлбөр 50 хувийн нэхэмжлэх, гэрээний төслийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр батлуулсан боловч тус газар луу явуулаагүй, чөлөөгөөр явахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй гэрээ, нэхэмжлэхийг үлдээж явсан, ээлжийн амралтаа авч явахдаа ажил үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс тус компани руу ачилт хийх хугацаа хойшилсон зэрэг зөрчлүүд гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн” гэж мэтгэлцжээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахаар зохицуулсан.

8.  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1131 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3.6- дахь заалт, Компанийн ес зүйн дүрмийн 3.1.10 дахь заалтыг үндэслэн С.Солонгыг бусдын бие махбодод халдсан үйлдэл гаргасан гэж хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.  

Уг тушаалын үндэслэлтэй нэхэмжлэгч С.Солонго маргасан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй,  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д удаа дараа бичгээр гаргаж байсан баримтууд хэрэгт авагдсан байхад түүнд дүгнэлт хийлгүйгээр, хүлээн зөвшөөрдөг мэтээр дүгнэсэн” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. 

9. Хариуцагч тал  С.Солонго нь “Ninbo Sheng Haotong International” компанитай гэрээ байгуулахаар гэрээний урьдчилгаа төлбөр 50 хувийн нэхэмжлэх, гэрээний төслийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр батлуулсан боловч тус газар луу явуулаагүй, чөлөөгөөр явахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй гэрээ, нэхэмжлэхийг үлдээж явсан, ээлжийн амралтаа авч явахдаа ажил үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс тус компани руу ачилт хийх хугацаа хойшилсон, С.Солонго нь  хөдөлмөрийн гэрээний 7.4 дүгээр зүйлийн 7.4.5, 7.5 дугаар зүйлийн 7.5.2, хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.3.3.2-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

9.1. Хэргийн 126-138 дугаар талд авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд [email protected] цахим шууданд 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 12:10 цагт нэвтрэн /зурган файлаар хэвлэсэн/ sent items  цэсээс 2022.11.7-ны өдрийн 2:35 цагт явуулсан файл руу нэвтэрч [email protected]  гэх хаяг руу илгээсэн 3 хавтас файл /Draft.pdf-д 6 хуудас-Төмрийн хүдрийн хуурай баяжмал нийлүүлэх экспортын гэрээ/, Iron-06-246pdf-д 1 хуудас-14,000 долларын нэхэмжлэх/, /01-1034-1,pdf-д 1 хуудас-Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн 2022.10.28-ны өдрийн 01/1034-1 тоот албан бичиг/ нийт 9 хуудас баримтыг хэвлэж хавсаргасан байна.

9.2.  Хэргийн 169-172 дугаар талд авагдсан  2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд “...ipone-13 pro маркийн гар утасны photos цэсийн favorties хэсгээс 2022.12.27-ны өдрийн 15:23 цагт авагдсан зураг, 2022.12.27-ны өдрийн 17:54 минутад авагдсан зураг байх ба [email protected] цахим хаягаас [email protected]  цахим хаяг руу 1.pdf, Iron-25.pdf хавсралтаар илгээсэн байна гэжээ.

Дээрх цахим хаягт болон гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс судлахад [email protected] цахим хаягаас [email protected] цахим хаяг руу өөр өөр дугаар бүхий файлыг pdf хавсралтаар илгээсэн байгаа нь борлуулалтын мэргэжилтэн С.Солонгыг төмрийн хүдрийн хуурай баяжмал нийлүүлэх экспортын гэрээний төслийг урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийн хамт “Ninbo Sheng Haotong International” компани руу илгээгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/1141 дугаар тушаалаар “...спортын наадамд компанийг төлөөлөн оролцох ажилчдад дурдсан хугацаагаар цалинтай чөлөө олгох”-оор шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалын хавсралтын 18 дугаарт Сүхбаатарын Солонгод 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар чөлөө олгосон байна. /хх-ийн 118-120/

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.11.2-т “ажилтанд чөлөө олгохдоо ажлын ачаалал, яаралтай шийдвэрлэх ажил байгаа эсэх, чөлөө авахгүйгээр зохицуулах боломжтой байдал, чөлөө авснаар төлөвлөгдөж буй ажлууд хойшлогдон компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал зэргийг харгалзан үзнэ” гэжээ.

Ажил олгогч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь борлуулалтын мэргэжилтэн С.Солонгод чөлөө олгохдоо хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтыг харгалзан үзээгүй, түүнийг орлон ажиллах ажилтныг томилоогүй атлаа чөлөөтэй байх хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй гэж буруутгаж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

11. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.6-д “ажилтан ээлжийн амралт эдлэх хүсэлтээ хавсралт №5-д заасан “Ээлжийн амралтын хуудас” маягтын дагуу баталгаажуулан Хүний нөөц сургалт судалгааны асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ” гэж,

талуудын байгуулсан ХГ-2022-1059 дугаартай хөдөлмөрийн гэрээний 7.5.2-т “ажил үүргээ гүйцэтгээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, чанарын алдаа дутагдал гаргасан, удирдах болон захиргааны албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг гажуудуулсан, бодит хохирол учруулсан, хохирол учруулахуйц нөхцлийг бүрдүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болно” гэжээ. /хх-ийн 6-10, 79-91/

Хэргийн 122 дугаар талд авагдсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ээлжийн амралтын хуудсаар С.Солонгод 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдлэхийг зөвшөөрч борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Нарантуяад түүний ажил үүргийг гүйцэтгэж түр хугацаагаар орлон ажиллахыг зөвшөөрсөн байна.

Мөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК төмөртэй болон Дархан терминалын ачилтын урьдчилсан төлөвлөгөөг баталж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүтээгдэхүүний нарядыг боловсруулсан байна.  /хх-ийн 158-159/

Нэхэмжлэгч С.Солонго нь хөдөлмөрийн дотоод журмын дагуу ээлжийн амралт эдлэх зөвшөөрөл авч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн,  бүтээгдэхүүн ачилтын урьдчилсан төлөвлөгөөг баталж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүтээгдэхүүний нарядыг боловсруулсан болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд түүнийг ээлжийн амралт авч явахдаа ажил үүргээ бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс тус компани руу ачилт хийх хугацаа хойшилсон, үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас компанид хохирол учруулахуйц нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Солонгыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтний  ажилд эгүүлэн тогтоох зүйтэй гэж дүгнэв.  

12. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталж, уг журам 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

 “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно.”, 2.1.2-т “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тодорхойлно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч С.Солонго нь ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2022 оны 09 дүгээр сард 1,383,955 төгрөг, 10 дугаар сард  1,955,772 төгрөг, 11 дүгээр сард 1,238,339 төгрөгийн цалин авсан ба энэ хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сард  21 хоног, 10 дугаар сард  21 хоног, 11 дүгээр дугаар сард 14 хоног буюу нийт 56 хоног ажилласан байх тул тухайн хугацаанд ажилласан хоногт хуваахад тухайн ажилтны 1 өдрийн цалин 80,751 төгрөг байна. /1,383,955+1,955,772+1,238,339=4,578,066 төгрөг 4,578,066:56=80,751 төгрөг байна. / хх-ийн 11/

Нэхэмжлэгч С.Солонго нь хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 89 хоног ажилгүй байсан ба 80,751x89=7,275,855 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

13. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т  заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь хуулийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хуудсыг танилцуулсан боловч гарын үсэг зураагүй нэхэмжлэгч С.Солонго нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...зөрчлийн хуудастай танилцсан, хэлтсийн дарга гарын үсэг зурсан” гэж тайлбарлаж, энэ талаар талууд маргахгүй байх тул хуулийн энэ зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлсэн гэж үзнэ./хх-ийн 68/

 

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 04-ний өдрийн 135/ШШ2023/000587 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын  

“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Солонгын Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 12,394,265 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Солонгыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Борлуулалтын хэлтэст борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,275,855 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,118,410 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Солонгыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай” гэснийг,

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Солонгыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 131,364 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Солонгыг давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                               

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                             ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                                   Г.МЯГМАРСҮРЭН