Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 839

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даансран овогт Сандагийн Ганхуягт холбогдох эрүүгийн “1811030831066” дугаартай, 186/2018/0835/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.                   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг, "Батбамбай" ХХК-д хамгаалагч ажилтай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 7-1 байр 47-А тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 37-560 тоотод оршин сууж байгаа гэх, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Даансран овогт Сандагийн Ганхуяг /РД:ХА61081472/,

            Холбогдсон хэргийн талаар:

С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 37-560 тоотод иргэн З.Нисэгчийг зодож, түүний биед духанд шарх бүхий  эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Нисэгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Дамбадаржаад байх гэрээсээ гараад Долоон буудал руу Ганхуягийн гэрт нь жоотууг нь аваачиж өгсөн. Тэгээд бид 2 маргалдаад хүрз аваад намайг цохьсон  бид 2 жоотуунаас болж маргалдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. бид хоёр сайн дураараа эвлэрч Ганхуяг миний хохирлыг барагдуулж надад 300,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг.       /хх-10/,

2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10766 тоот актын:

1. З.Нисгэгчийн биед духанд шархтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт. /хх-17/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд хохирогч З.Нисгэгчийн мэдүүлэг, 17 дугаар хуудас № 13133 дүгнэлт, 22 дугаар хуудас яллагдагч С.Гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 37-560 тоотод иргэн З.Нисэгчийг зодож, түүний биед духанд шарх бүхий  эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Нисэгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Дамбадаржаад байх гэрээсээ гараад Долоон буудал руу Ганхуягийн гэрт нь жоотууг нь аваачиж өгсөн. Тэгээд бид 2 маргалдаад хүрз аваад намайг цохьсон  бид 2 жоотуунаас болж маргалдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. бид хоёр сайн дураараа эвлэрч Ганхуяг миний хохирлыг барагдуулж надад 300,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг.       /хх-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10766 тоот дүгнэлт болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч С.Гийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даансран овогт Сандагийн Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Гийг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ