Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00311/И |
Дугаар | 317 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, Баруунсайханы 16-22 тоотод оршин суух Онгийхон овгийн Алтанцэцэгийн Санчирдулам /РД:КД92082202/,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Номгон сум, Хармагтай, 1-р багт оршин суух Тайж овгийн Хашхүүгийн Алтанхүү /РД:КЖ92050714/,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Санчирдулам, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Санчирдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Алтанхүүтэй 2010 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин А.Ариунзаяа, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү С.Оргил-Эрдэнэ нар төрсөн. Одоо А.Ариунзаяа 4 настай, С.Оргил-Эрдэнэ 9 сартай. Х.Алтанхүү нь байнга архи ууж агсан тавьж, сэтгэл санааны болон бие махбодийн дарамтанд оруулдаг тул амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байна. Иймд хариуцагч Х.Алтанхүүгээс охин А.Ариунзаяа, хүү С.Оргил-Эрдэнэ нартаа тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Х.Алтанхүү бид 2 эд хөрөнгийн маргаангүй болно.2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, одоо Х.Алтанхүү нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод байнга ажиллаж, амьдарьч байгаа, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.
Хариуцагч Х.Алтанхүү шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: “Х.Алтанхүү миний бие А.Санчирдуламын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би өөрийн хүүхэд болох А.Ариунзаяа, С.Оргил-Эрдэнэ нарт тэтгэлгийн мөнгө тогтоолгоход маргах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Өмнөговь аймгийн Номгон суманд ажлаар явах болсон тул шүүх хуралдааныг зарлаж шийдвэрлэхдээ намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Ямар нэг маргах зүйлгүй тул ойрын хугацаанд зарлаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Ариунзаяа, С.Оргил-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ”Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Санчирдулам нь хариуцагч Х.Алтанхүүд холбогдуулж 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин А.Ариунзаяа, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Оргил-Эрдэнэ нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Х.Алтанхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
А.Санчирдулам, Х.Алтанхүү нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин А.Ариунзаяа, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү С.Оргил-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Мөн Өмнөговь аймгийн “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин А.Ариунзаяа, хүү С.Оргил-Эрдэнэ нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Х.Алтанхүүгээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин А.Ариунзаяа, хүү С.Оргил-Эрдэнэ нарт сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Алтанхүүгийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Х.Алтанхүү нь охин А.Ариунзаяа, хүү С.Оргил-Эрдэнэ нарт сар бүр 164,300 төгрөгийн 50 хувь болох 82,150 төгрөгийг тус тус тэтгэлэгт төлөхөөр байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985,800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 56,418 төгрөг /28,209х2=56418/-ийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Х.Алтанхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 56,418 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Номгон сум, Хармагтай, 1-р багт оршин суух Тайж овгийн Хашхүүгийн Алтанхүү /РД:КЖ92050714/-ээс 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин А.Ариунзаяа, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү С.Оргил-Эрдэнэ нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Алтанхүү нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Алтанхүүгээс 56.418 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР