Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2023/01346

 

 

 

 

 

 

 

 

2023 07 05 210/МА2023/01346

 

 

Г ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01269 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК -ийн хариуцагч М.А, Г.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17,980,214 төгрөг гаргуулах үндсэн, 35,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч М.А, Г.А нар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Г ХХК -тай ЗГ-У-18/1-792 тоот автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 8,200,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу эхний 4 сарын хүү болох 1,048,460 төгрөгийг төлсөн. Гэвч 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй, утсаар болон биечлэн уулзахад шалтаг тоочиж хэлсээр хугацаа хэтрэлт үүсгэж бидний ажилд хүндрэл учруулсан. Мөн Г ХХК нь хариуцагч нартай байгуулсан ЗГ-У-18/1-792 тоот фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох * улсын дугаартай ВМW-525 маркийн автомашиныг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн өр төлбөрийг барагдуулахаар хариуцагч Г.А д хүлээлгэн өгсөн боловч, эдэлгээ чанар муудсанаас болж 2019-2021 он хүртэл 3 жилийн хугацаанд уг автомашин зарагдалгүй хугацаа алдаж санхүүгийн алдагдалд оруулсан. Г ХХК фидуцийн гэрээний дагуу 04-09 УНК автомашины ашиглах явцад гаргасан эвдрэл гэмтлийн төлбөрт 4,170,400 төгрөг хариуцагч М.А, Г.А нараас нэхэмжилсэн боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01179 дүгээр шийдвэрээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 210/МА2022/01127 дугаар магадлалаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж зээлийн барьцаа болох 04-09 УНК автомашины эзэмшлийг хариуцагч нарт буцаан шилжүүлэхээр магадлал гаргасан. Тус магадлалын 16-д Харин нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, энэ талаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй гэсний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Бид зээлдэгчтэй байгуулсан ЗГ-У-18/1-792 тоот зээлийн гэрээний 2.1.5, 3.2.3, 2.1.3, 2.1.4, 3.2.10, 4.1.2-т тус тус зааснаар М.А, Г.А нар зээл, зээлийн хүү, алданги бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул ЗГ-У-18/1-792 тоот зээлийн гэрээний 3.2.3, 3.2.10-т заасныг үндэслэн зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох үндсэн зээл 8,199,977 төгрөг, зээлийн хүү 3,758,322 төгрөг, алданги 6,021,915 төгрөг, нийт 17,980,214 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г ХХК -тай ЗГ-У-18/1-792 тоот гэрээ байгуулж, 8,200,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Нэхэмжлэгч нь зээл олгохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулж зээл олгох байсныг тухайн үед бидэнд тайлбарлаж мэдэгдэлгүйгээр дээрх гэрээнүүдийг байгуулж улмаар ВМW 528 автомашиныг хууль зөрчиж байгуулсан гэрээг үндэслэл болгон хураан авч зарцуулсан. 2021 оны 05 дугаар сард Г ХХК нь бидэнд хандаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4,170,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар бидний зүгээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18/1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу шилжсэн эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01127 тоот магадлалаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18/1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу өмчлөлд шилжсэн * улсын дугаартай ВМW528 маркийн автомашиныг буцаан шилжүүлэхийг Г ХХК -д даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00903 дугаартай тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Г ХХК нь одоог хүртэл дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,199,977 төгрөг, зээлийн хүү 3,758,322 төгрөг, алданги 6,021,915 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байдаг. Талууд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр шаардах эрх үүссэн байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Г ХХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч М.Амарбаяраас нэхэмжлэгч Г ХХК -д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 35,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Г ХХК -тай зээлийн гэрээ байгуулж 8,200,000 төгрөг зээлсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан. Улмаар Гэгээн өндөр гүмсэд" ХХК нь зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул фидуцийн гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр барьцаалсан 35,000,000 төгрөгийн үнэ бүхий * улсын дугаартай ВМW 528 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. Г ХХК -аас 2021 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс Иргэний хуулийн 285 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-У-18/1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн гэрээний дагуу хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн эд хөрөнгийг эзэмшигчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан, давж заалдах, хяналтын 3 шатны шүүхийн шийдвэрээр Г ХХК нь автомашиныг хариуцагчид буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч Г ХХК нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу сайн дураар биелүүлээгүй. Г ХХК нь ВМW 528 маркийн тээврийн хэрэгслийг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлж авсан тул шударга бус эзэмшигч юм. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийг захиран зарцуулж, үр шим олсон үйлдэл нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго бүхий байх учиртай. Гэтэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангалгүйгээр үүргийн гүйцэтгэлийг шүүхээр нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд тусгаснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг буцаан олгохоор хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжсэн нь тогтоогдсон, нэгэнт буцаан өгөх боломжгүй болсон байх тул тээврийн хэрэгслийг мөнгөөр тооцон нэхэмжилж байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Right finance ХХК-аас маргаан бүхий ВМW 528 автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож худалдан авсан бөгөөд 23,000,000 төгрөг төлсөн, зөрүү 11.000.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр тодорхойлогдоно. Иймд Г ХХК -аас барьцаанд авсан ВМW 528 маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн дүн, тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Г ХХК Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г хуульд заасан аргыг хэтрүүлэлгүйгээр хэрэглэсэн, үүнийг тухайн үед зээлдэгч А.Амарбаяр, Г.А нар хүлээн зөвшөөрч гарын зурсан. Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01127 дугаар магадлалаар Г ХХК нь барьцаа хөрөнгөө бүрэн алдсан юм. Гэтэл нэхэмжлэгч тал энэхүү шийдвэрийг үндэс болгосон мөн ВМW 528 маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулсан гэж нотлох баримтгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж өөрт ашигтайгаар илэрхийлж байгаа нь гаргасан нэхэмжлэлээс илт тодорхой харагдаж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тээврийн хэрэгслийг олго гэж шийдвэрлэсэн байтал одоо мөнгө шаардаж байгаа нь нэг зүйлийг давхар шаардаж байна. Мөн тээврийн хэрэгслийн үнэд 35,000,000 төгрөг шаардсаныг зөвшөөрөхгүй. Манайхаас тээврийн хэрэгслийг 2019 онд хүлээж авахад эвдрэлтэй байсан, 2020 оны 08 дугаар сард тээврийн хэрэгслийг 13,000,000 төгрөгөөр үнэлгээний компани үнэлж байсан. Тэр болтолх хугацаанд хариуцагч нарын хүсэлтээр манайх тээврийн хэрэгслийг хадгалсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.А , Г.А нараас 12,675,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК -д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 5,305,104 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г ХХК -аас 13,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.А т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 22,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,851 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 217,751 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг гаргуулж хариуцагч Г.А т тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэгч талыг хугацаа хэтрүүлсэн тул алданги авах эрхээ алдсан гэж үзнэ гээд үүнийгээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн хувьд хэрэв зээлдэгч хугацаанд төлөөгүй тохиолдолд ... нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулна гэж заасан тул дээрх байдлаар хуулиар тусгайлан хугацаа тогтоосноос хойшх хугацааны алдангийг шаардах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алдсан гэж үзнэ зээл төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги 10 хоногоор тооцож, 12,071,540 төгрөг*10=630,570 төгрөгөөр тооцсон. Гэтэл алдангийг гэрээний хугацаа буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан мөн 2018 oны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй хугацаа хэтрэлт үүсгэж манай байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсгэж байсныг шүүх дүгнэсэн ч тоогоогүй орхигдуулсан. Мөн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзээд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн байтал мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс алданги авах эрх алдсан гэж шүүх дүгнэсэн нь буруу юм. Учир нь Г ХХК нь эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагч М.Амарбаяр нь өөрсдөө * улсын дугаартай BMW 525 машиныг зарж борлуулж манай байгууллагын хохирлыг төлөх тухай хүсэлт амаар болон бичгээр гаргаснаар бид цаг хугацаа алдаж байсан үүнийг хариуцагч нар болон 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/001179 дугаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсаныг манай байгууллага нотлох баримтаар шүүхэд өгсөн. Мөн энэ талаар хариуцагч нар ямар нэгэн маргаан үүсгээгүй байтал шүүх алдангийн хэмжээг илт багасган тооцож шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул манай байгууллагын нийт нэхэмжилсэн алданги нийт 12,071,540 төгрөгийн 50 хувь 6,035,770 төгрөг үүнээс шүүхээс тогтоосон 630,570 хасаад нийт 5,405,200 төгрөгийг манай байгууллагад олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс үүрэг гүйцэтгүүлэгчийн хугацаа хэтрүүлсэнтэй холбогдуулан дүгнэлт гаргаж, алдангийг бууруулсан нь үндэслэлтэй. Учир нь тухайн зээлийн гэрээний үүргийн хугацаа дууссанаар шаардах эрх нь үүссэн. Уг эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэрээнд зааснаар алданги авах эрхтэй. Гэрээнд зааснаар алдангийн хэмжээг оруулах боломжтой гэх асуудлаар хандаж, хожуу нэхэмжлэл гаргасантай холбоотой дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Банк, эрх бүхий этгээдийн зээлийн гэрээтэй холбоотой үүсэх харилцаа биш байсан. Уг гэрээ нь тогтоосон хугацаанд зээлийн хүү авах эрхтэй бөгөөд тухайн хугацаанаас хойш алданги тооцох эрхтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагаа яаж, ямар байдлаар гаргаж, хэрэгжүүлсэн зүйл байхгүй. 2019 онд нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүхэд зохих журмын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар тасалдана гэж үзэж байсан. Тухайн хөөн хэлэлцэх хугацааг өмнөх шүүхийн шийдвэртэй холбогдуулан тасалдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой эрхээ алдах зохицуулалтын дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй. М.А, Г.А нар нь Г ХХК -тай зээлийн гэрээг байгуулж, * улсын дугаартай BMW-525 маркийн автомашиныг барьцалсан. Улмаар Г ХХК нь зээл олгохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмаар зээлийн гэрээ байгуулж зээл олгосон хэдий ч биднийг хуулийн мэдлэггүй болон санхүүгийн хэрэгцээ шаардлагыг далимдуулан фидуцийн гэрээг байгуулан * улсын дугаартай BMW-525 маркийн автомашиныг хууль зөрчиж байгуулсан гэрээг үндэслэл болгон бидэнд мэдэгдэлгүй ачиж хураан авч захиран зарцуулсан. 2021 оны 05 дугаар сард Г ХХК нь бидэнд холбогдуулж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4,170,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар бидний зүгээс 2018 oны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ 18/1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу шилжсэн эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01127 дугаартай магадлалаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзаж давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчинтэй болсон. Гэвч Г ХХК нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу сайн дураар биелүүлээгүй. Сөрөг нэхэмжлэлийн дүн буюу 35,000,000 төгрөгийн тухайд. М.Амарбаяр миний бие 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Right finance ХХК-аас 23,000,000 төгрөг зээлж, барьцаанд нь *УНК улсын дугаартай BENZ G500 автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон. Улмаар дээрх автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авч 23,000,000 төгрөгийн зээлээ төлсөн, маргаан бүхий BMW 528 автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож худалдан авсан бөгөөд зөрүү 11,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр тодорхойлогдоно. Анхан шатны шүүхэд дээрх тайлбарыг нотолсон нотлох баримтууд болон гэрч Л.Нацагнямын тайлбар мэдүүлгээр нотлогдсон байдаг. Иймд Г ХХК нь барьцаалсан BMW 528 маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн дүн, тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нийт 35,000,000 төгрөгийн үнэлгээний автомашиныг манай байгууллагын зүгээс 2020 онд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль бус гэрээ хэлцэл хийгдсэн гэж буцаагдсан. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээний байгууллагаар тухайн автомашиныг үнэлүүлсэн байдаг. Тухайн автомашиныг зах зээлийн үнэлгээгээр 13,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагчийн зүгээс гэрч н.Н-ыг оролцуулсан бөгөөд 35,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерт авсан гэх тайлбарыг хэлсэн. Мөн анхан шатны шүүх нь хариуцагч нарын BMW-528 маркийн автомашиныг Г ХХК нь бусад руу шилжүүлсэн болохыг тогтоосон байдаг. Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь М.А, Г.А нарын эзэмшилд байсан гэдгийг тоогоогүй. Тухайн автомашин нь манай байгууллагын нэр дээр шилжихдээ М.А, Г.А нарын эзэмшилд байгаагүй. Иймд хариуцагчийн зүгээс 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М.А, Г.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,980,214 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд

3.1. Г ХХК болон М.А, Г.А нар нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь 8,200,000 төгрөгийг зээлдэгчид 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн,

3.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор М.А, Г.А нар нь * улсын дугаартай , 2009 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг саарал өнгийн BMW 528 маркийн тээврийн хэрэгслийг Г ХХК -ийн өмчлөлд шилжүүлсэн.

3.3. Нэхэмжлэгч Г ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн зөв дүгнэжээ.

3.4. Талууд гэрээг бичгээр байгуулж зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

4. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 8,200,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба 1,048,460 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

4.1. Анхан шатны шүүх хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл үндсэн зээл 8,200,000 төгрөг, зээлийн хүү 4,920,000 төгрөг буюу нийт 13,120,000 төгрөгөөс төлсөн 1,048,460 төгрөгийг хасч тооцвол 12,071,540 төгрөг гэж зөв дүгнэж хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5. Зээлийн гэрээнд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

5.1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн үүргийг нэн даруй биелүүлэх богиносгосон хугацааг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр богино хугацаанд хангуулах журмыг хуулиар тодорхойлсон тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацааны алданги шаардах хууль зүйн боломжтой.

5.2. Иймд анхан шатны шүүх зээлдэгч нь гэрээгээр тохирсон алдангийг 10 хоногийн хугацаагаар шаардах эрхтэй бөгөөд 10 хоногийн хэмжээгээр хязгаарлан алдангид 603,570 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийн алдангийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

5.3. Анхан шатны шүүх хариуцагч М.А, Г.А нараас нийт 12,675,110/12,071,540+603,570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д олгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

6. Г ХХК нь * улсын дугаартай BMW 528 маркийн автомашины өмчлөгчөөр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс бүртгэгдсэн, уг тээврийн хэрэгсэл 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 8 удаа өөр этгээдүүдийн нэр дээр шилжиж өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд Б.Ууганбаатар эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон. /хх104-105/

6.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01179 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01127 дугаар магадлалаар ...гэрээний дагуу өмчлөлд шилжсэн * улсын дугаартай BMW 528 автомашиныг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Г ХХК -д даалгаж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00903 дугаартай тогтоол гарснаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна./хх14-17, 18-24, 52/

6.2. Дээрх шийдвэр болон хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч Г ХХК нь маргаан бүхий автомашиныг М.А, Г.А нарын нэр дээр шилжүүлээгүй байхаас гадна маргаан бүхий тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжсэний улмаас биет байдлаар хөрөнгийг буцаан олгох боломжгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г ХХК -аас тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхтэй.

6.3. Хариуцагч нар нь ...уг автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан, төлбөрийг төлөхдөө Right finance ХХК-аас 23,000,000 төгрөг зээлж төлсөн, зөрүү 11,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр тодорхойлогдсон гэх агуулгаар тогтоогдсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.

6.4. Учир нь зохигчийн хэн аль нь тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч хураан авах үед тодорхой хэмжээний эвдрэлтэй байсан үйл баримтад маргаагүй бөгөөд Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 13,000,000 төгрөгөөр үнэлсэн хэмжээнд шүүх фидуцийн зүйл гуравдагч этгээдэд шилжсэн нь тогтоогдсон, улмаар нэгэнт буцаан өгөх боломжгүй болсон байх тул тээврийг хэрэгслийг мөнгөөр тооцон нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэснийг буруутгахгүй юм.

6.5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг маргааны үйл баримттай харьцуулан дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгээс хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 101,433 төгрөг, хариуцагчаас төлсөн 267,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН