Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00306/И |
Дугаар | 336 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 336
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би Ролжингийн Мөнхдоржийн нэхэмжлэлтэй, Цэцгээгийн Нарангаравт холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Мөнхдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Нарангарав нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний тэтгэврийн мөнгийг зээлж аваад шинэ сараас өмнө эргүүлж өгнө, бараа материал авах хэрэгтэй байна гээд 2,500,000 төгрөгийг авсан. Үүнээс 1,500,000 төгрөгийг нэхэж байж авсан. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг элдэв шалтаг тоочиж, одоо болтол өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Р.Мөнхдорж 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ролжингийн Мөнхдорж миний бие 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ц.Нарангараваас 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хариуцагч Ц.Нарангарав нь хохиролгүй болгож өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Мөнхдорж нь Ц.Нарангаравт холбогдуулж 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч Ц.Нарангарав нь нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Мөнхдоржид бүрэн төлж хохиролгүй болгосон байна. Нэхэмжлэгч Р.Мөнхдорж нь 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Р.Мөнхдоржийн нэхэмжлэлтэй, Ц.Нарангаравт холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Мөнхдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 14275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Мөнхдоржид олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР