| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2019/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Д.Ц,
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ст холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.С
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 64 дүгээр байрны гадаа 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Д.Цгийн толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр хамт ажилладаг харааны бэрхшээлтэй бариачаа аваад ажилдаа явж байтал такси ирээд суусан. Дотроо хоёр хүнтэй байсан. Харааны бэрхшээлтэй хүнийг би дандаа машины урд суулгадаг ч тэр өдөр би өөрөө урд нь суугаад ард нь нөгөө хүнээ суулгасан. Жолооч хаана буух вэ гэхээр нь 48 дугаар байрны гадна бууна гэж хэлсэн. Энэ хоёр хүн элдвээр хараагаад байхаар нь би 4 замын уулзвараар эргэхэд бид нар олон нийтийн унаанд явж байгаа шүү дээ гэж хэлсэн. Ц машинаас буутлаа хараалын үг хэлээд үнэхээр чихэнд чийртэй байсан. Би өмнө нь 3 дугаар багт олон нийтийн байцаагч хийдэг байсан болохоор энэ хүмүүсийг ажлын байраар хангаж байсан. С буухдаа Бын таягийг нь унагаасан уу?, таягаа авах таарсан уу? би сайн мэдэхгүй байна, буунгуутаа эргэж очоод Буянтогтохыг цохих шиг болсон. Энэ хүн бариач руу асаад дайраад байхаар нь хараагүй хүнийг харсаар байгаад цохиулаад байлтай биш, нөгөөтэйгүүр би уг хүнийг хамгаалж явсан болохоор хоёр гараас нь барьсан. .... Машины хаалга хаагдахад чи миний чихний хэнгэргийг хагалсан шүү гэж хэлж байсан. Сарын дараа цагдаагаас дуудсан. Хэргийн материалтай танилцахад чихний гэмтэлтэй гэсэн байсан. Надад шүүгдэгчээр энд зогсож байгаа нь хүнд байна. Чихний хэнгэрэг цоороход тэр дороо мэдэгддэггүй. Тэгэхэд яагаад тэр үед мэдээд чи чихний хэнгэрэг хагалсан шүү гэж хэлсэн юм бол гэж эргэлзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд завгүй явсан болохоор гомдол гаргаж чадаагүй ... Би хохирогчийн шанаанд нь цохьсон... гэв, Хохирогч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... таксинд суугаад явж байтал жолооч замаараа 2 хүн авсан. Энэ хоёр хүнийг 48 дугаар байрны гадна буулгана гэхээр нь бид хоёр түрүүлж бууна, яарч байна гэж хэлсэн. Гэтэл С эгч ажилгүй, яараагүй амьтан хэн байгаа юм бэ? Юу яриад байгаа юм, 48 дугаар байранд түрүүлж бууна гэж хэлсэн. Тухайн үед жолооч болон би юм хэлээгүй. Жолооч 58 руу эргэдэг уулзвар дээр дохио өгөөд эргэхэд манай дүү хөөе ахаа 3 дугаар 60 айл шүү дээ гэж сандраад хэлэхэд жолооч нь чи одоо юун муухай орилдог юм бэ гэж хэлээд цаашаа явахад нь би наад хүн чинь орилж хэлээгүй, таныг урагшаа эргэхээр чинь яарсандаа тэгж хэлсэн байх гэж хэлсэн. Тэр үед хажууд сууж байсан таягтай хүн муу янхан, банзал, гичий минь та нар битгий олон юм яриад бай гээд байсан. С эгч ч мөн адил доромжлоод байсан. 60 айл дээр буухад бид хоёрыг тэр ах барилгын янхан гэж хэлэхээр нь танай ээж адилхан банзал, янхан байсан юм уу гэхэд тэр хүн таягаараа намайг цохьсон, олон цохихоор нь таягтай гарыг нь атгаад яагаад цохиод байгаа юм бэ? Гэж хэлсэн. ... буутал шүүгдэгч гэнэт зүүн чих рүү цохьсон. Тэр үед хоёр нүднээс нулимс асгараад толгой дүүрсэн. .... Сонсголын бичлэг хийлгэх 150 000 төгрөг нэхэмжилсэн. ... гэв, Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 17- ны өдрийн 07 цагийн орчим ...миний зүүн чихний хэнгэрэгний хальсны цоорлыг таксины урд сууж байсан эмэгтэй алгадаж гэмтээсэн. Харин баруун бугалга, зүүн бугалганы гэмтлийг тэр эмэгтэй зууралдаж байх үед гэмтсэн байх. Баруун гуяны цус хуралт гэмтлийг бол таксинд сууж байх үед таягтай байсан хүн нь намайг буух үед миний хөл рүү таягаараа цохьсон. .... урд сууж байсан эмэгтэй бууж ирээд намайг алгадаад тэгээд зууралдаад байж байсан чинь таксины жолооч ах бууж ирээд миний зүүн талын мөр лүү гараараа цохьсон. Тэрнээс хойш намайг тэр эмэгтэй гараараа зуураад базаад л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 43 дугаар хуудас/, Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 17-ны өглөө 07 цагийн орчим би эгч Цийн хамт гэрээсээ гараад ногоон дэлгүүрээс урд талаас 17 номерийн цагаан өнгийн приүс-20 маркийн такси бариад тэгээд 3-р 60 айл орно гээд ...Ц эгч миний араас буусан чинь урд сууж байсан эмэгтэй бууж ирээд шууд чих рүү нь алгадсанаа чи муу сохор хүн зодох хэн бэ гэсэн чинь Ц эгч юун сохор хүн зодох, харин наад хүн чинь намайг таягаараа зодоод байна шүү дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...64 айлын гадаа хүртэл тэр 4 хэрэлдээд урд сууж байсан эмэгтэй буугаад ард сууж байсан 2 эмэгтэйтэй хэрэлдээд зууралдаад байсан. Тэрнээс яг нэг нэгнийгээ цохьсон гэдгийг нь бол би хараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/ Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...Д.Цгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Цгийн биед учирсан зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, зүүн бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Цгийн биед учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ ... Энэ хүн бариач руу асаад дайраад байхаар нь хараагүй хүнийг харсаар байгаад цохиулаад байлтай биш, нөгөөтэйгүүр би уг хүнийг хамгаалж явсан болохоор хоёр гараас нь барьсан. Би хохирогчийн шанаанд нь цохьсон ...” гэж гэм буруугийн тал дээр хохирогчийн зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтлийг учруулаагүй гэж маргасан боловч Хохирогч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... буутал шүүгдэгч гэнэт зүүн чих рүү цохьсон. Тэр үед хоёр нүднээс нулимс асгараад толгой дүүрсэн. .... гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 17-ны өдрийн 07 цагийн орчим ... миний зүүн чихний хэнгэргэн хальсны цоорлыг таксины урд сууж байсан эмэгтэй алгадаж гэмтээсэн. Харин баруун бугалга, зүүн бугалганы гэмтлийг тэр эмэгтэй зууралдаж байх үед гэмтсэн байх. ... урд сууж байсан эмэгтэй бууж ирээд намайг алгадаад...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 17-ны өглөө 07 цагийн орчим...Ц эгч миний араас буусан чинь урд сууж байсан эмэгтэй бууж ирээд шууд чих рүү нь алгадсанаа чи муу сохор хүн зодох хэн бэ гэсэн чинь Ц эгч юун сохор хүн зодох, харин наад хүн чинь намайг таягаараа зодоод байна шүү дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 64 дүгээр байрны гадаа 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Д.Цгийн толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... буутал шүүгдэгч гэнэт зүүн чих рүү цохьсон. Тэр үед хоёр нүднээс нулимс асгараад толгой дүүрсэн. .... гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 17-ны өдрийн 07 цагийн орчим ... миний зүүн чихний хэнгэргэн хальсны цоорлыг таксины урд сууж байсан эмэгтэй алгадаж гэмтээсэн. Тэрнээс хойш намайг тэр эмэгтэй гараараа зуураад базаад л байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэцэгмаа эгч миний араас буусан чинь урд сууж байсан эмэгтэй бууж ирээд шууд чих рүү нь алгадсанаа чи муу сохор хүн зодох хэн бэ гэсэн чинь Ц эгч юун сохор хүн зодох, харин наад хүн чинь намайг таягаараа зодоод байна шүү дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...64 айлын гадаа хүртэл тэр 4 хэрэлдээд урд сууж байсан эмэгтэй буугаад ард сууж байсан 2 эмэгтэйтэй хэрэлдээд зууралдаад байсан. Тэрнээс яг нэг нэгнийгээ цохьсон гэдгийг нь бол би хараагүй..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Ст холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Ст холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ ... 150 000 төгрөг нэхэмжилнэ ... ” гэсэн ба хэрэгт хохиролтой холбоотой 8000 төгрөгийн шинжилгээний баримт авагдсан байх тул шаардлагыг хангаж, үлдсэн хохирол 142 000 төгрөгийг нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч Д.Ц нь 142000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.С нь сувилагч, эмчилгээний иллэг, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа бариа, заслын үйлчилгээ үзүүлдэг ба шүүгдэгч нь энэ чиглэлийн нийтэд ажил хийх талаар хүсэлт гаргасан байх тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд 240 цаг бариа заслын үйл ажиллагаа явуулахаар даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд 240 цаг бариа заслын үйл ажиллагаа явуулахыг даалгасугай.
5. Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчээс 8000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цд олгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц нь 142000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД