Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 661

 

                                 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Цэрэнням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1071 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1087 дугаар магадлалтай, Б.От холбогдох 1906002780059 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Цэрэнням нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайжууд овогт Б.О нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 240 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.От буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Л.Баттогтох, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Шийтгэх тогтоол хууль ёсны ба  үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай, эргэлзээгүй тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Гэрч Д.Өы “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед манай хаалгыг тогшсон, талийгаач ганцаараа зогсож байсан. Архи уусан байсан. Манайд 30 минут сууж байгаад гараад явсан... 20 минутын дараа талийгаач манай хашааны баруун талаар ганцаараа яриад яваад байсан...” гэсэн мэдүүлгийн цаг хугацаанд анализ хийж үзэхэд амь хохирогч нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22-23 цагийн хооронд гэрч Д.Өы гэрт болон гадаа гудамжинд хөл дээрээ явж байжээ. Гэтэл гэрч О.Нгийн мэдүүлгээр  Б.Б 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн /хх-52/ болох нь тогтоогджээ. Энэ хоёр цаг хугацаа давхцаж байх бөгөөд Б.Оын явсан маршрутын дагуу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хүрээ захаас гэртээ ирэхэд ямар хугацаа зарцуулахыг туршилт хийж тогтоох шаардлагатай байжээ. Энэ нь нотлогдвол зохих асуудлын чухал хэсэг болно.

2.Гэрч Д.Н /хх-55х/, Д.О нарын мэдүүлгээр хохирогч Ц.Г  нь зүрх өвддөг, архи уухаар таталт өгч унадаг зэрэг архаг хууч эмгэгтэй байжээ. Иймд ийм эмгэгтэй тохиолдолд унах боломжтойг үгүйсгэхгүй, унаснаас толгойд доргилт авч цус харвалт үүсэх боломжтой. Энэ талаар шинжээч эмч М.Золжаргалын тайлбарт /хх-98/ “Учирсан гэмтлүүд нь унах, цохигдоход аль алинд нь үүсэх боломжтой гэсэн нь Б.О цохисноос гэмтэл учирсан гэж 100 хувь нотлоогүй, тэгж ойлгож болохгүйг харуулж байна.

3.Хохирогч Ц.Г нь баруун зулай ясандаа 4x4.2 см хуучин цөмөрсөн хугаралтай /хх-89/ болох нь тогтоогдсон. Ийм гэмтэлтэй үед тархины дотоод даралт ихсэж, таталт өгөх /эпилепси/, ингэснээр унаж хоёрдогчоор тархи толгойн гэмтэл авах тохиолдол байна. Мөн ийм эмгэгтэй тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох заалттай. Учир нь унаж, татаж хоёрдогчоор гэмтэхээс сэргийлэх, тархины цусны эргэлтийн хямрал үүсэх гэх мэт хүндрэлээс сэргийлэх зорилготой юм.

4.ШШҮХ-ийн шинжээчийн 233 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч М.Золжаргалд “Нас барсан шалтгаан тогтоох” гэсэн асуулт тавьж нэмэлт шинжилгээ хийлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Учир нь анхны дүгнэлтээр үхлийн шалтгаан тогтоосон шинжээчид дахин уг асуултыг тавьж дүгнэлт гаргуулсан байна. Нэмэлт шинжилгээ нь урьд дүгнэлт гаргахад тавигдаагүй, асуултаар дүгнэлт гаргуулах хэлбэр юм. Анхны дүгнэлтдээ тогтоосон үхлийн шалтгаанаа нэмэлт дүгнэлтээрээ үгүйсгэх шинжээч гэж байхгүй. ШШҮХ-ийн 350 дугаартай дүгнэлтийн 1 дэх хэсэгт шинжээч М.Золжаргалын гаргасан 233 болон 214 дугаартай дүгнэлтүүдийг /анхдагч, нэмэлт/ үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зүйн хувьд бол буруу юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж хийгдсэн шинжээчийн дүгнэлт гэдгийг анхаарч үзээгүй нь харагдаж байна. Үүнээс үзэхэд 350 дугаартай шинжээчийн дүгнэлт ч эргэлзээтэй, 233 болон 214 дугаартай дүгнэлтэд хөтлөгдсөн байх магадлалтай байна.

Иймд тархины эмгэг судлал, мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжилтэн оролцуулсан /ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөл/ дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж үхлийн шалтгаан, тархины судас, яс, хальсны эмгэг байсан эсэх, тэр нь уг эмгэгийн улмаас, эсхүл гэмтлийн улмаас, архины үйлчлэлээр хагарсан эсэх, хагарч болох судасны эмгэг бүтцийн өөрчлөлт байсан эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгох шаардлагатай байна.

Яллагдагч Б.Оын анх гэрчээр /хх-127/ байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “өмгөөлөгч авч мэдүүлэг өгөх” эрхийг хангаагүй, цагдаагийн ажилтан өмгөөлөгч Батсүх гэгчийг сонгож байлцуулсан. Гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай, болгоомжгүй талаар шүүх бодитой нотолгоонд тулгуурлан зөв үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Яллагдагчийн мэдүүлэг дангаар яллах нотлох баримт болохгүй бөгөөд түүний өгсөн мэдүүлгээр хохирогч гэмтэл авсан гэж таамаглахад 22 цаг өнгөрч байх үед болсон асуудал гэж үзэхээр байна.

Гэтэл гэрч Д.Ө, Г.Л нар нь 22 цагт хохирогч гэрт нь ирсэн, 30 минут суугаад гарсан, гарснаас хойш 20 минутын дараа харахад гудамжинд ганцаараа яриад явсан гэх нь Б.От цохиулж, уруулд гэмтэл авснаас хойш хохирогч Ц.Г нь Д.Өы гэрт орсон байхаар цаг хугацаа болж байна. Шинжээчийн дүгнэлтээр тархинд цус харваад үйлдэл хийх боломжгүй нь тогтоогдсон гэж үзвэл гэрч Д.Өы гэрээс гарч яваад гэртээ ирээд унаж татаж хоёрдогчоор тархинд цус харвах, эсхүл судасны эмгэгийн улмаас цус харвасныг үгүйсгэхгүй юм.

Иймд шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтыг үнэлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокрорт буцаах, хэрэв өмгөөлөгчийн дээрх үндэслэлийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Оын үйлдлийг санаатай эсвэл болгоомжгүй эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүйгээр яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.Оын хувьд Ц.Гыг шууд санаатайгаар цохисон үйлдэл огт хийгээгүй.

Амь хохирогчийн Б.Оын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн улмаас өөрийгөө хамгаалж түүний биеийг түлхсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан амь хохирогчийн нас барсан цаг хугацаа нь Б.Оыг Да хүрээ захаас гэртээ очсоны дараа буюу 2 цагийн дараагаар нас барсан талаар дурдсан байдаг. Гэрч нар тухайн 2 цагийн хугацаанд амь хохирогч тодорхой үйлдэл хийгээд явж байсан талаар мэдүүлдэг ба энэ зөрүүтэй байдлыг эцэслэн тогтоох шаардлагатай байна. Мөн Б.Оын өөрийгөө хамгаалсан үйлдэл нь санаатай хүн алах үйлдэл биш байсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.О нь амь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүгүй, хуульд заасан шаардлагыг хангасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Өмгөөлөгч нарын гомдолд дурдагдаж буй гэмт хэргийн цаг хугацаатай холбоотой асуудлын талаар гэрч нар мэдүүлэг өгсөн ба цаг хугацааг баримжаалсан байдлаар мэдүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр нас барсан хугацааг тогтоосон, шүүгдэгчийн мэдүүлэг, гэртээ харьсан цаг хугацаа, мөрдөн байцаалтад авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан цаг хугацаа тогтоогдсон байна. Шинжээч нарын дүгнэлтээр тархины битүү гэмтлийн улмаас нас барсан ба энэ гэмтэл нь цохилтын улмаас үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Шинжээч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Цэрэнням нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд байрлах гэрт Ц.Гтай маргалдан түүний нүүрэнд гараараа цохисны улмаас хохирогчийн уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл, мөн дээрх гэмтлээс шууд шалтгаалсан тархины хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт бүхий хүнд гэмтэл учирч, улмаар тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Амь хохирогч Ц.Гын биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл учирсан цаг хугацаа, нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 233, 214, 350 дугаартай дүгнэлтүүд нь агуулгын хувьд хоорондоо харилцан зөрүүгүй байх бөгөөд амь хохирогч нь уг гэмтлийг авсан даруйд ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй талаар шинжээч эмч М.Золжаргалын өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн амь хохирогч Ц.Гыг Б.От цохиулснаас өөр шалтгаанаар нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул амь хохирогчтой хөрш зэргэлдээ амьдрах Д.Ө /1хх-43/, Г.Л /1хх-45/ нарын “Ц.Г 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт нь орж, хэсэг хугацаанд ярилцсан” талаар мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүгдэгч Б.Оыг гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “Ц.Г нь гэрч Д.Өы гэрээс гарч яваад гэртээ ирээд унаж татаж хоёрдогчоор тархинд цус харвах, эсхүл судасны эмгэгийн улмаас цус харвасныг үгүйсгэхгүй тул хэргийг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж өгнө үү”, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын “Б.Оын хувьд Ц.Гыг шууд санаатайгаар цохисон үйлдэл огт хийгээгүй.” тухай гомдлыг тус тус хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин шүүх Б.Оын үйлдлийг “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.От холбогдох хэргийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт шүүгдэгч Б.О, амь хохирогч Ц.Г нараас өөр хүн байгаагүй бөгөөд Б.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн “...Би Гын баруун талын орон дээр унтаж байсан ба намайг сэрэхэд Г … шууд намайг бос зайл гээд хөөхөөр нь би гутлаа өмсөөд, куртикээ авч өмсөх гэтэл Г миний уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би цохиулсан ч куртик малгайгаа аваад шууд гэрээс гарахаар үүд рүү явахад араас зуураад намайг татаад эргэж харуулсан юм. Тэгэхээр нь би зүүн гараараа Гын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд шууд гэрээс гарч яваад … такси бариад өөрийн гэртээ харьсан… /хх-131/ гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний мэдүүлгийг шүүх хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд буюу амь хохирогч Ц.Г өөрийг нь эхэлж цохисон буруутай үйлдлийн эсрэг нүүрэнд нь гараараа нэг удаа цохихдоо түүнийг санаатай алах зорилго агуулсан, улмаар түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг ухамсарлаж ойлгосон, түүнчлэн хохирогч хүнд гэмтлийн улмаас үхэж болохыг мэдсэн атлаа түүнд тусламж үзүүлэхгүй зориуд орхиж явсан гэж үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан бол Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Оын хувьд амь хохирогч Ц.Гын нүүрэнд нэг удаа цохисноос өөрөөр түүнийг үхэлд хүртэл нь олон удаа цохиж зодсон үйлдэл хийгээгүй, мөн амь хохирогч Ц.Г нь Б.Оыг гэрт нь унтаад сэрэх үед түүнийг гэрээсээ хөөж, эхэлж түүний нүүрэнд цохиж, уруулд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Б.Оын өгсөн мэдүүлгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1098 дугаар дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн амь хохирогч Ц.Г нь Б.Оыг гэрээс гарах үед хувцаснаас нь татаж зууралдсан үйлдэл хийсэн нь Б.Оын зүгээс түүнийг өөрөөсөө холдуулж, гарч явах зорилгоор түүний нүүрэнд нэг удаа цохих шалтгаан болсон нь хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч Б.О, амь хохирогч Ц.Г нарт хэн нэгнийх нь буруутай үйлдэл, үйл ажиллагаа, хувийн байдалтай холбоотой өш хонзон, атаа хорсол, таарамжгүй харилцаа урьд нь байгаагүй бөгөөд тухайн өдөр хамтдаа бусад найз нөхдийн хамт Ц.Гын гэрт цуглан тарваганы махаар боодог хийж идэн, архи хувааж уух үед тэдний дунд хэрүүл маргаан, зөрчил, таарамжгүй харьцаа бий болоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Оын амь хохирогч Ц.Гыг цохиж, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан үзэх үндэслэлтэй.

Иймд прокуророос шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, түүнд оногдуулсан 8 жил хорих ялыг 5 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж, өмгөөлөгч Э.Ганбатын “хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах”, мөн өмгөөлөгч Ц.Цэрэннямын “Б.Оын хувьд Ц.Гыг шууд санаатайгаар цохисон үйлдэл хийгээгүй” талаар хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1071 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчилж, шүүгдэгч Тайжууд овогт Б.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 8 жилийн...” гэснийг “...5 жилийн...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1087 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Ц.Цэрэнням нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                                         ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                                               Ч.ХОСБАЯР