Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1390

 

“Эксим финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/03564 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ” ХХК-ийн

Хариуцагч С.Амармандахад холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 41 722 000 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахтамирын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч С.Болортуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхжаргал, Д.Ганбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амармандах 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус ББСБ-аас зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин 15 000 000 төгрөгийг нэг сарын 5% хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлж авсан. Энэ гэрээний төлбөрийг хэрхэн төлсөн, ямар дансаар яаж төлсөн талаарх суутгалын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин үүнээс хойш тооцсон хүүг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Суутгалын тайланд 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны тооцоог бодсон. Манай байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хүүнээсээ татгалзаж, нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан төлбөрийг 7, 8 дугаар сарын үндсэн хүүний төлбөрт шилжүүлж тооцсон. Нийт 8 сарын хэтэрсэн хоногийн хүү буюу 6 075 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан. Уг гэрээний суутгалын тайлан хэргийн материалд авагдсан байгаа. Уг гэрээний хувьд өмнө нь тооцогдсон байсан нэмэгдүүлсэн хүүг дараа сарын үндсэн хүүнд шилжүүлээд 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл төлөгдсөн гэж үзээд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 8 сарын зээлийн үндсэн хүү 5 647 000 төгрөг болж байна. Анх гаргасан 50 356 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно. Ингээд үндсэн хүү 11 722 000 төгрөг, үндсэн зээл 30 000 000 төгрөг нийт 41 722 000 төгрөгийг С.Амармандахаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Xан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал таун хотхон 116 дугаар байр В-2 давхар 8 тоотод байрлалтай, Ү-2206034397 дугаартай, 15 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхон, 116 дугаар байр, В-1 давхар, 23 тоотод байрлалтай, Ү-2206035675 дугаартай, 15 м.кв талбайтай авто зогсоолуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү. Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол эхэлсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Дээд шүүхийн 53 тоот тогтоолоор зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг зээлээ төлөх хүртэл хугацаанд нөхөн төлнө гэж тайлбарласан учраас хариуцагчийн татгалзал хуульд нийцэхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Амармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахтамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ЗГ141032 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ141117 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан. Дээрх зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. С.Амармандах нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг графикийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт хугацаандаа төлж байсан. Харамсалтай нь эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлтэй тулгарч, үлдэгдэл 20 757 000 төгрөг төлөгдөөгүй. С.Амармандах болон “Эксим финанс” ББСБ нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ141032 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, түүний хүүд 4 475 000 төгрөг, нийт 19 475 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ141117 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, түүний хүүд 4 525 000 төгрөг нийт 19 525 000 төгрөг буюу нийт хоёр зээлд 39 000 000 төгрөг төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээнүүдийн хугацаа 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон ба уг хугацаанаас хойш гэрээг үргэлжлүүлэн сунгаагүй. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. С.Амармандах нь үндсэн зээл, түүний хүүд нийт 18 243 000 төгрөгийг төлж барагдуулсан, 20 757 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Бусад нэхэмжлэлийн шаардлага болох нотариат, өмгөөллийн зардал гэх төлбөрүүдийг хариуцагч тал төлөх хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүд үндсэн зээлээс зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн зээлийн төлбөрүүд үндсэн зээлээс хасагдана гэсэн журмын дагуу эхний зээлээс 368 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 3 800 000 төгрөг, нийт 4 168 000 төгрөгийг хасаад 10 832 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж байна. 2 дахь зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс илүү төлсөн 75 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 000 000 төгрөгийг хасаад 12 925 000 төгрөг, нийт 23 757 000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүнийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Амармандахаас 41 722 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ” ХХК-д олгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг барагдуулаагүй, үүргээ биелүүлэгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206034397 дугаартай, Олимпийн гудамж, Маршал таун хотхон, 116 дугаар байр, В-2 давхар, 8 тоотод байрлалтай, 15 м.кв талбайтай авто зогсоолыг, Улсын  бүртгэлийн Ү-2206035675 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхон, 116 дугаар байр, В-1 давхар, 23 тоотод байрлалтай, 15 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч С.Амармандахаас 366 560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахтамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. С.Амармандах нь “Эксим финанс ББСБ”-тай 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болон 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд зээлийн гэрээ байгуулж тус бүр 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээл авсан. С.Амармандах нь 2014 оны 10  дугаар  сарын 31-ний өдрийн  ЗГ141032  тоот  зээлийн  гэрээний  дагуу  үндсэн  зээл 15 000 000 төгрөг, түүний хүүд 4 475 000 төгрөг нийт 19 475 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ141117 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, түүний хүүд 4 525 000 төгрөг, нийт 19 525 000 төгрөг буюу нийт уг 2 зээлд 39 000 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон гэрээний хугацаа дууссаны дараа нийтдээ нотлох баримтаар 15 471 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үлдэгдэлд 23 529 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу нийт хэдэн төгрөг төлөх үүрэгтэй, уг үүргээс хариуцагч тал хэдэн төгрөгийг төлж барагдуулсан талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасч тооцоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хоёр зээлийн гэрээнүүдийн хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 28 болон 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд дуусгавар болсон. Зээлийн гэрээнүүдийн 4.2.11-д "зээлдэгч зээлийн гэрээг сунгуулах хүсэлтийг зээлийн гэрээний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө бичгээр гаргах, тухайн зээлдэгчийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийн байдлыг харгалзан зээлийн хорооны зөвшөөрлөөр зээлдэгчийн ззэлийн үлдэгдлээс 0,5 хувийн сунгалтын хураамж төлж гэрээг сунгана", 8.2-т "гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэнэ" гэж талууд зээлийн гэрээг сунгах нөхцлийг гэрээндээ тодорхой тусгасан байхад анхан шатны шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх зааснаар "үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг нь төлүүлнэ" гэж заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Талуудын хооронд байгуулсан ЗГ141032, ЗГ141117 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу эргэн төлөлтийн хугацаанд 9 000 000 төгрөгийн хүү төлж барагдуулсан тул гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 6 471 000 төгрөгийг үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс хасч тооцуулах хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ” ХХК нь хариуцагч С.Амармандахад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 41 722 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч       23 757 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“Эксим финанс ББСБ” ХХК болон С.Амармандах нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-141032  тоот  зээлийн  гэрээгээр  зээлдүүлэгч нь 15 000 000  төгрөгийг,  2014  оны 11   дүгээр  сарын   17-ны   өдрийн  зээлийн   гэрээгээр 15 000 000 төгрөгийг тус тус 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлдэгч нь зээлийн гэрээнүүдэд тохирсон хуваарийн дагуу уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 116 дугаар байрны зоорийн давхрын 8 тоот, В1 давхрын 23 тоот тус тус 15 м.кв талбай бүхий 2 авто зогсоолыг барьцаалсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ” ХХК нь хариуцагч С.Амармандахад үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор барагдуулаагүй тохиолдолд дээрх зээлийн гэрээнүүдийг цуцлахыг мэдэгдэж, уг хугацаа дууссанаар гэрээ цуцлагдсан талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хүү гаргуулахаас татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүд цуцлагдах хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин гэрээ цуцлагдсанаас хойш төлөгдсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан хугацаа нь  болсон үүргийн гүйцэтгэх дараалал тогтоосон зохицуулалтанд нийцэхээр байхад шүүх хуулийг буруу хэрэглэж тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-141032 тоот зээлийн гэрээний үүрэгт 15 015 714 төгрөг, 2014 оны 11 дүгээр  сарын 17-ны   өдрийн зээлийн гэрээний 15 658 471 төгрөг, нийт 30 674 185 төгрөгийг зээлдэгч нь нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 047 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч Б.Ундрахтамирын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/03564 дүгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...41 722 000...” гэснийг “...30 674 185...” гэж, “...олгосугай...” гэснийг  “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 047 815 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “..366 560...” гэснийг “...311 321...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундрахтамираас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.БАЙГАЛМАА