Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

У.Дашням нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, ялтан У.Дашням, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, ялтан Д.Дашжүгдэр, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, ялтан Х.Отгонзаяагийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, прокурор Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой, У.Дашням нарт холбогдох эрүүгийн 201620000193 дугаартай хэргийг ялтан У.Дашням, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, ялтан Д.Дашжүгдэр, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, ялтан Х.Отгонзаяагийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давэ заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, Улаангом сумын 7 дугаар багийн 21-25 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан Галзад овгийн Ууганбаярын Дашням нь 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Пүрэвээгийн эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хэтэвчтэй бэлэн мөнгө, гар утас болон бусад эд зүйлийг бүлэглэн дээрэмдэж, 79.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, Улаангом сумын 12 дугаар багийн 1-03 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Борлууд овгийн Дэмбэрэлийн Дашжүгдэр нь 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Пүрэвээгийн эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хэтэвчтэй бэлэн мөнгө, гар утас болон бусад эд зүйлийг бүлэглэн дээрэмдэж, 79.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, Улаангом сумын 7 дугаар баг 21-22 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,Шангас овгийн Төмөржавын Баярсайхан нь 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Пүрэвээгийн эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хэтэвчтэй бэлэн мөнгө, гар утас болон бусад эд зүйлийг бүлэглэн дээрэмдэж, 79.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, Улаангом сумын 12 дугаар багийн Залгамжлагч хороолол 3-02 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хошууд овгийн Хатуугийн Отгонзаяа нь У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нарыг бүлэглэж 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдүүлээгүй гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Галзад овогт Ууганбаярын Дашням, Борлууд овогт Дэмбэрэлийн Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Шангас овогт Төмөржавын Баярсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг, Шүүгдэгч Хошууд овогт Хатуугийн Отгонзаяаг У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр У.Дашнямд 03 /гурав/ /жил 05 /тав/ сар хорих ял, шүүгдэгч Д.Дашжүгдэрт 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 01 /нэг/ хоног хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд 02 /хоёр/ жил 07 /долоон/ сар хорих ял,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 /есөн зуун жаран/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан, 52.5 дахь хэсэгт зааснаар У.Дашням, Д.Дашжүгдэр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч Д.Дашжүгдэр, Х.Отгонзаяа, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Дашнямын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.3-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлж, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч О.Төмөржавт даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяа, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр нарт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор төгссөнд тооцогддог. Гэтэл хэрэгт авагдсан нотпох баримтууд болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. У.Дашнямын яллагдагчийн мэдүүлэг "... Би тухайн үед хохирогч Пүрвээг ганцаараа цохиж эд зүйл, гар утсыг нь авсан. Тэгээд явж байгаад гар утас мөнгийг гаргаж үзүүлсэн. Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар уг нь чамайг зодуулж байна гэж бодоож очсон шүү дээ гэсэн. Тэр үед би авсан мөнгөө Т.Баярсайханд өгчихсөн Учир нь би тухайн үед айгаад Т.Баярсайханд өгсөн гар утсыг өөрөө авчихсан" \1-р хавтас 129,130-р тал\ гэх мэдүүлгүүдээр У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй болох нь тогтоогдсон байдаг. Тухайн үед Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нарт хохирогч Р.Пүрвээг дээрэмдэх санаа зорилго, сэдэлт байгаагүй бөгөөд найзыгаа зодуулж байна гэж ойлгоод хохирогчийг өшиглөж зодсон байдаг. Харин У.Дашням нь хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор түүний амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн. Энэхүү гэмт хэрэг У.Дашнямын хохирогч руу довтолсон довтолгоо эхэлснээр төгссөн. Дээрэмдэх гэмт хэрэг төгссөний дараа Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар нь хэргийн газар дээр ирсэн байдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Дашжүгдэрийн " ...Тэгтэл Т.Баярсайхан газар унасан байсан ахын халаасыг нь ухсан.'' \1-р хавтас 121 ар тал\ , У.Дашнямын ".... тэгээд бид 2 дэвсэж байгаад цамцныхаа халааснаас гар утас болон бэлэн мөнгө авсан” гэх сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг үнэлж уг гэмт хэргийг шүүгдэгч нар хамтран бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон болно гэж дүгнэсэн.

Гэтэл Т.Баярсайханы сэжигтнээр өгсөн 1-р хавтас 117-р тал, Д.Дашжүгдэрийн  1-р хавтас 121 хуудсны ар тал, У.Дашнямын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх 3 шүүгдэгч нар нь өмнө нь айснаасаа болоод зарим зүйлийн талаар буруу зөрүү ярьсан гэдгээ мэдүүлсэн. Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэж хуульчилсан байхад сэжигтэн, яллагдагч нарын зөрүүтэй мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцож эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж У.Дашнямын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Х.Отгонзаяа нь гэмт хэрэгт холбогдохдоо насанд хүрээгүй байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “18 насанд хүрэхийн өмнө анх удаа, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн  этгээдийг ял шийтгэхгүй, хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх тул шүүгдэгчийн хувийн байдал хэргийн  нөхцөл байдал, цаг хугацааг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжэээ авч өгнө үү гэв. 

Ялтны өмгөөлөгч Б.Бунжаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Дашжүгдэр, У.Дашням, Т.Баярсайхан, Х.Отгонзаяа нарын хооронд ямар нэгэн санаа зорилго агуулсан, төлөвлөсөн зүйл байхгүй. Тухайн үед нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд Д.Дашжүгдэр нь У.Дашням, Т.Баярсайхан нар хохирогч Пүрэвээг зодож халаасанд байсан мөнгө гар утас авсан мэтээр бүхнийг мэдэж ойлгож байсан мэтээр мэдүүлэг өгсөн нь мөрдөн байцаалтын шатанд байцаагчийн тавьсан асуулт болгонд айсандаа тэгсэн гэсэн хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Пүрэв мэдүүлэгтээ “Д.Дашжүгдэр ирээд наад хүн чинь хөгшин хүн байна шүү дээ болиоч” гэж У.Дашнямыг болиулсан гэх нөхцөл байдлуудад шүүх дүгнэлт хийж ялгамжтай ял оногдуулсан боловч Д.Дашжүгдэр буруутай эсэхэд бодитой дүгнэлт өгч хэргийг үндэслэлтэй шийдвэрлээгүй байна. Нөгөө талаар хэргийн холбогдогч нар үгсэн тохирсон, үйлдлээрээ нэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй учир миний үйлчлүүлэгч Д.Дашжүгдэрийг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь учир дутагдалтай байна. Иймд Д.Дашжүгдэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

            У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Пүрэвээгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, гар утас, түрийвч зэрэг эд зүйл дээрэмдсэн, Х.Отгонзаяа нь дээрх дээрмийн гэмт хэргийг У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт  хэргүүдийг  үйлдсэн болох нь Хохирогч Р.Пүрэвээгийн “Би 2016 оны 8 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах Цэвээнгэрэл гэдэг айлд очсон. Цэвээнгэрэл надад 0.5 литрийн шилтэй архи гаргаж өгөхөөр нь би ихэнхи талыг нь уусан. Тэгээд байж байгаад шөнө 00 цаг 40 минутын орчимд Цэвээнгэрэлийн гэрээс гараад гэрлүүгээ явсан. Манай гэр тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 4 замын ХААН банкны араар доош ороод байдаг бөгөөд би зам дагуу алхаж явтал 20 орчим насны бор хүрэн өнгийн нимгэн куртиктай, малгайгүй, үсээ овоолж зассан, 165 см орчим өндөртэй туранхайвтар жижиг биетэй залуу хүрч ирээд тамхи байна уу гэж асуухаар нь “ах нь тамхи татдаггүй болохоор тамхи байхгүй" гэж хэлэхэд тэр залуу надаас та хаашаа явж байгаа юм бэ гэхэд би "гэр рүүгээ явж байна" гэхэд манай гэр бас ийшээ байдаг гээд намайг дагаад хамт явж байгаад нөгөө залуу гэнэт миний нүүр рүү цохьсон. Тэр үед миний нүүрэнд гал манарах шиг болоод л би газар унасан. Тэр үед миний толгой гэдэс, нуруу руу өшиглөөд цохиод байсан ба би толгойгоо дараад миний нүдийг битгий сохолчихоорой гэж орилж байсан. Тэгтэл нэг залуу нь наадах чинь хөгшин хүн байна ш дээ наад хүнээ хая гэж хэлсэн. Намайг газар унасан байхад 2 залуу нэмж ирсэн бөгөөд тухайн хоёр залуу нь намайг мөн өшиглөж цохьсон. Би тухайн үед шоконд орж яг юу болоод байгааг ч сайн мэдээгүй. Учиргүй л намайг цохиод өшиглөөд байсан. Тэгж байгаад нөгөө 3 залуу явсан бөгөөд би газарт хэвтэж байгаад арай хийж нэг гайгүй болоод биедээ авч явсан эд зүйлээ бүртгэж үзэхэд миний Nokai 32-10 маркийн хар өнгийн гар утас, түрийвч зэрэг зүйл байгаагүй. Миний түрийвчинд 7500 төгрөг, иргэний үнэмлэх, Капитал банкны виза карт зэрэг зүйл байсан. Миний түрийвчинд нийт 7500 төгрөг байсан юм. ...намайг эхлээд дагаж явсан хүүхэд нь нүүр рүү цохиод л нэг мэдэхэд би газар унасан. Тэгж байтал 2 залуу гүйж ирээд намайг өшиглөөд, дэвсээд байсан. Тухайн үед би надад авах зүйл байхгүй, ахынхаа 2 нүдийг л үлдээчих гэж хэлж гуйж орилж байсан. Толгойнд нийт 7 оёдол тавиулсан, нүүр дарж байсан гарыг өшиглөсөн хавдартай, нуруу нилэнхүйдээ өвчтэй байна.” гэх мэдүүлэг,

            Гэрч Х.Отгонзаяагийн “…У.Дашнямын гэрийн гадна байдаг эзэнгүй газарт шөнө болтол юм ярьж сууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад У.Дашням удахгүй Улаанбаатар явах гэж байна цуг гадуур жаахан алхая гэхээр нь бид 3 зөвшөөрч зам дагаж яваад хойд 4 замын дэргэд ирээд 4 замын клонкын зүүн талд байрлах шороон далангийн хажуугаар явж байгаад би утсаар яриад сууж байтал У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар алга болчихсон. Би утсаар 1 цаг орчим ярьсан бөгөөд миний утасны цэнэг дуусчихаар нь зам дээр гарахад нөгөө хэд харагдахгүй байсан. Тухайн зам дагуух гэрэлтүүлэг унтарсан байсан ба нөгөө хэд олдохгүй болохоор нь зам дагаад явж байтал ХААН банкны арын 2 залгаа гражны арын гудамжнаас У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар гарч ирсэн. У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар хүн зодоод утас, мөнгө дээрэмдчихлээ гэж хэлж байсан. Тэгээд бид нар гэр рүүгээ явсан. Би Д.Дашжүгдэртэй нэг чиглэлд байдаг болохоор цуг явж байтал Д.Дашжүгдэр надад хандаж бид 3 хүн цохиод утас, мөнгийг нь авчихсан гэж хэлсэн. Тухайн үед дээрэмдэж авсан гар утсыг У.Дашням авсан гэж хэлж байсан. Мөнгийг нь хэн авсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал /,

            Гэрч П.Цээпилийн “…Тэгээд шөнө дунд 01 цагийн үед аав гаднаас орж ирээд гэрлээ асаа аав нь хүнд зодуулчихлаа гэхээр нь гэрлээ асаатал нүүр нь цус болчихсон толгойноос нь цус гарч байсан. Тэгэхээр нь эмнэлэгт очиж үзүүлэхэд оёдол тавьж цэвэрлэгээ хийсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн. Тухайн үед би ааваас юу болсон гэж асуухад гудамж руу орж ирж байтал нэг хүүхэд таарч тамхи асуухад тамхи татдаггүй гэж хэлээд гудамж руу ороход нөгөө хүүхэд манайх мөн энд байдаг гэж дагаж орж ирээд цохиж унагаах үед цаанаас нь 2 хүүхэд ирж 3 хүүхэд нийлж зодсон гэж хэлж байсан. Түрийвч, гар утас байсан боловч аль аль нь байхгүй байсан” гэх мэдүүлэг,

            Гэрч П.Агваандүгэрийн  “2016 оны 08 дугаар сарын 13-ны шөнө би найзынхаа гэрт унтаж байтал шөнө 01 цагийн үед миний эгч Цээпил миний утас руу залгаад "чи хаана байна, аав хүнд зодуулчихсан байна" гэхээр нь би Цагдаагийн байгууллагад очиж мэдэгдчихээд гэртээ очиход миний аав Д.Пүрвээ зодуулчихсан нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь эмнэлэг дээр очиж оёдол тавиулж цэвэрлэгээ хийлгэсэн. Сүүлд сонсоход 3 залууд дээрэмдүүлсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 47 тал /  болон мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн У.Дашнямаас гар утас хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, мөн  хохирогч Р.Пүрэвээд Nokia 2-10 маркийн гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 420 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч  нарын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон бөгөөд тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

            Ялтан Д.Дашжүгдэр түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын “...Д.Дашжүгдэр дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин танхайн гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчлөх” ,

            Ялтан У.Дашням, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын “...шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, У.Дашням нь ганцаараа үйлдсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх”,

            Өмгөөлөгч Ө.Нарантуяагийн “...Х.Отгонзаяад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү “гэх гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл:

            У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар нь шөнийн 01 цагийн үед хохирогч Р.Пүрэвээтэй гудамжинд тааралдан У.Дашням нь тамхи асууж, манай гэр танай гэрийн зүгт байдаг гэж хууран хамт явах явцдаа нүүр орчим нь цохиж, газар унаган У.Дашям,  Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар нь хохирогчийг бүлэглэн зодож, гар утас, түрийвч зэрэг эд зүйлийг авсан үйлдэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

            Дээрэмдэх гэмт хэргийг У.Дашням ганцаараа үйлдсэн, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар нь У.Дашнямыг бусдын эд зүйл авсан гэдгийг мэдээгүй гэх гомдол нь хохирогч Р.Пүрэвээгийн “...Намайг газар унасан байхад 2 залуу нэмж ирсэн бөгөөд тухайн 2 залуу нь мөн өшиглөж цохисон”, гэрч Х.Отгонзаяагийн “...Хаан банкны арын 2 залгаа гаражны арын гудамжнаас У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар гарч ирсэн.Тэд нар хүн зодоод утас, мөнгө дээрэмдчихлээ гэж хэлж байсан. Тэгээд бид нар гэрлүүгээ явсан” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч нар нь  гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар нь У.Дашнямын үйлдлийг дэмжиж, хохирогчийг бүлэглэн зодож, үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар нь үйлдлээрээ нэгдэн  бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар хүч хэрэглэн авахдаа амь нас, эрүүл мэндэд аюултайгаар халдаж довтолсон нь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульзүйн үндэслэл байхгүй байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулахдаа хуулинд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд шүүгдэгч нар нь хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн тул тэдгээрт оногдуулсан ял шийтгэлийг дахин хөнгөрүүлэх боломжгүй байна.

            Х.Отгонзаяа нь У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийг лавтай сайн мэдсэн мөртлөө зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, болон У.Дашням,Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нарын мэдүүлгээр нотлогдсон байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн Х.Отгонзаяад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь: Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг зөвхөн насанд хүрээгүй этгээдэд хэрэглэхээр хуульчилсан бөгөөд Х.Отгонзаяа нь шүүхээс ял шийтгэл оногдуулах үед насанд хүрсэн байх тул дээрх арга хэмжээг хэрэглэх боломжгүй байна.

            Иймд ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.