Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/0114

 

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй,

Барилга, хот байгуулалтын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн, шүүгч:    Ч.Тунгалаг

Шүүгчид:                                 Х.Батсүрэн

                           Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                        М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмын бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах гэсэн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.5.1-д заасан “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр” гэсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байгаа тул дээрх заалтыг хүчингүй болгуулах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д-аас Барилга, хот байгуулалтын сайдад холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмын бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах гэсэн 5 дугаар зүйлийн 5.5. дахь заалт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 5.5.1-д заасан “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр” гэсэн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байгаа тул дээрх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Давж заалдах журмаар гаргасан гомдол

  1. Нэхэмжлэгч Л.Д давж заалдах гомдолдоо: “... Миний бие хөдөлмөрийн чадвараа 76 хувь алдсан бөгөөд байнгын асаргаа шаардлагатай, ам бүл 5-уулаа, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргасан боловч “... нийт 512 иргэн хамрагдсанаас иргэн Л.Д нь 1490 дугаартай бүртгэл үүсгэн 57-д эрэмбэлэгдсэн байна” гэсэн хариуг Нийслэлийн орон сууцны корпорацаас өгсөн. Миний хувьд тулгуур эрхтний бэрхшээлтэй, хугацаагүй хөдөлмөрийн чадвар алдалттай, зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын ямар төрөлд хамаарч, ямар үндэслэлээр 57-д эрэмбэлэгдсэн талаар тодорхой хариу өгөөгүй. Тулгуур эрхтний бэрхшээлээс үүдэн хөдөлмөрийн чадвараа 76 хувиар алдсан, нэмж байнгын асаргаа тогтоогдсон хэдэн хүмүүсээс ямар үндэслэлээр 57-д орсон талаар тодорхой мэдэгдээгүй, зэрэг гэдэг шалгуураар авч үзвэл өвчлөлийн хугацаа, биед үйлчилж байгаа нөлөөлөл, өвчлөлийн хугацаа, биед үйлчилж байгаа нөлөөлөл, өвчлөлийн гэх зэрэг шалгуурын алинд хамаарч байгаа нь тодорхой бус. Ижил түвшний тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдээс миний бие ямар шалгуураар 57-д эрэмбэлэгдсэн гэдэг талаар хариу өгөөгүй. Хариуцагчийн хариу тайлбарт “… түрээсийн орон сууцны санд бүртгэгдсэн орон сууцны 5 хувийг дээр дурдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөл тус бүрт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг үндэслэн олгоно” гэсэн журмын талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гэх 114 дүгээр тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй байхын зэрэгцээ, хоёрдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүчингүй болгосноор зөрчигдсөн эрх сэргэх үр дагавартай байж гэмээ нь шүүх нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.
  1. Энэхүү хэргийн хувьд, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалын хавсралт “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмын “Бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах” гэсэн тавдугаар зүйлийн 5.5-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг /ихээс нь бага руу эрэмбэлнэ/ гээд 5.5.1-д “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр”  гэсэн заалт нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй буюу тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс журмын дээрх заалтыг хүчингүй болгох талаар маргахдаа “... сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байгаа тул ...” гэснээс өөрөөр  тодорхой хууль нэрлэн зааж, зөрчсөн гэх үндэслэлээ гаргаж тайлбарлаагүй, маргаж буй үндэслэлээр шүүх хянахад хууль зөрчөөгүй байна.
  1. Учир нь, Орон сууцны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Засгийн газар орон сууцны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 6.1.1-д “төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хавсралтаар баталсан бөгөөд уг тогтоолын 3-т “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шалгуур үзүүлэлт болон тухайн жилд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг баталж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгасугай” хэмээн асуудал хариуцсан сайдад үүрэг чиглэл болгосон; үүний дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталж, ингэхдээ “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд Улаанбаатар хотод 5 хувийн квот тогтоосны зэрэгцээ уг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг ихээс нь бага руу эрэмбэлэхдээ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг төрлөөр”  гэж заасан нь хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд болжээ.
  1. Нөгөө талаас, уг журмын заалт нь нэхэмжлэгч Л.Д-ын ямар хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүнийг хүчингүй болгосноор зөрчигдсөнөөс өмнөх байдалд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойгүй, түүний “... түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалт 76 хувь байгаагийн улмаас хойгуур буюу хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн 57-д эрэмбэлэгдсэн, ямар хувь хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн намайг 57-д эрэмбэлсэн нь тодорхой бус, ... хөгжлийн бэрхшээлтэй иргэний үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг үр дагаврыг үүсгэсэн ...” гэж тодорхойлж буй ашиг сонирхол маргаж буй журмын заалтыг хүчингүй болгосноор эсрэгээр хамгаалагдахгүй буюу 57-д эрэмбэлэгдсэн дараалал өөрчлөгдөж урагшлахгүй, харин эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж, зөрчигдөх магадлалтай; энэ талаар давж заалдах шатны шүүх “... маргаан бүхий журмын 5.5.1 дэх заалтын үйлчлэл нь байнга давтагдах, нийтээр дагаж мөрдүүлэх шинжтэй тул уг заалтыг хүчингүй болгосноор түрээсийн орон сууцанд орохоор хүсэлтээ өгсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар үндэслэлээр сонгон шалгаруулж, хэрхэн эрэмбэ тогтоож, дараалалд оруулах нь тодорхойгүй болох үр дагавар бий болох нөхцөл бүрдэхээр байгааг дурдах нь зүйтэй ...” хэмээн зөв дүгнэсэн байна.
  1. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 тоот тушаалын хавсралт “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмын 5.5.1 дэх заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” энэхүү маргаанд хамааралтай тул давж заалдах гомдолд дурдсан “... Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гэх 114 дүгээр тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна” гэх хэсэгт шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.
  1. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэл няцаагдаж байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

         

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                        Ч.ТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                                                                           Х.БАТСҮРЭН

                                                                                                                       Д.МӨНХТУЯА

                                                                                                                       М.БАТСУУРЬ