Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2023/01415

 

 

 

 

 

 

 

 

2023 07 19 210/МА2023/01415

 

 

Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/01394 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч Т ХХК -д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 88,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Т ХХК нь манай компаниас элс угаах тоног төхөөрөмж, шлюзыг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11/20 дугаартай элс угаах тоног төхөөрөмж /скруббер/-ийн шлюз худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т төлбөрийн нөхцөлийг гэрээний хавсралт №2-т зааснаар гэрээний урьдчилгаа төлбөр 90,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Гэвч захиалагч тал 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 35,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 73,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Захиалагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний төлбөр дутуу боловч манай компани үүргээ бүрэн биелүүлж, захиалагчийн захиалсан тоног төхөөрөмжийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр актаар бүрэн хүлээлгэн өгч, тоног төхөөрөмжийг суурилуулан металлыг нь гаргуулж, шалгаж хүлээлгэж өгсөн. Хариуцагч талыг гэрээний үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан. Гэрээний 6.2-а-д Захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг заасан хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд төлөх ёстой өрийн дүнгээс хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлнө гэж заасны дагуу алдангийг тооцож үзэхэд гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтэрч байна. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр 73,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б ХХК -тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11/20 дугаартай элс угаах тоног төхөөрөмжийн шлюз худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-д ажил хүлээлцэх хугацааг 30-40 хоног гэж тохирсон ч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тоног төхөөрөмжийг хүлээлцэж авсан. Тус худалдах, худалдан авах гэрээний 5.2-т тоног төхөөрөмжийг зургийн даалгаврын дагуу Монгол улсад борлуулж байгаа чанартай материалаар хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж, 5.3-т тоног төхөөрөмж бэлэн болж захиалагчид хүлээлгэн өгөх үедээ тоног төхөөрөмжийг суурилуулж холболтыг бүрэн хийн тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулж хүлээлгэж өгнө" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компанийн хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмж бүрэн ажиллагаанд ороогүй, хүлээлгэж өгөх үед цар тахалтай холбоотойгоор шалгаж авах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Дээрх нөхцөлийн улмаас тус төхөөрөмжийн ажиллагааг бүрэн шалгах боломжгүй байсан бөгөөд дараа нь ажиллагаанд оруулж үзэхэд элс угаах ажиллагаа нь алдаатай байснаас элсийг бүрэн зайлуулах боломжгүй нөхцөл байдалтай буюу төхөөрөмжийг одоог хүртэл ашиглах боломжгүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасны дагуу тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байх тул нэхэмжлэгч тал доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлж зөрчил гаргасан. Дээрх гэрээний дагуу төлөх урьдчилгаа төлбөрөө бага багаар төлж, төхөөрөмжийг захиалсан боловч нэхэмжлэгч тал доголдолтой хөрөнгө нийлүүлснээс элс угаах боломжгүй болж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд хохирч байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ захиалагч тал нийт 77,000,000 төгрөгийг Б ХХК -д төлсөн боловч үлдэгдэл 73,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл Б ХХК -ийн тооцооны үлдэгдлийн баталгаанд 53,000,000 төгрөгийн үлдэгдлийн баталгаатай болохыг нотлов гэж нэхэмжлэгч талаас тооцож баталгаа гаргасан. Гэрээний 6.2-а-д хэдийгээр алданги төлөхөөр зохицуулсан боловч хариуцагч Т ХХК -ийн хувьд дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас хөл хорионд орж, ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, мөн 2021 оны 09 дүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тавьж манай байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Дээрх нөхцөл байдлаас үүдэж үйл ажиллагаа явуулах, хөрөнгө олох боломжгүй нөхцөл бий болсноор төлбөр төлөх боломжгүй болсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан буюу цар тахал гарснаар үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь компанийн буруутай үйл ажиллагаа биш тул алданги төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагын албан ёсны бланк, тамга тэмдэг байхгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь тогтоогдохгүй байна. Талууд тооцооны үлдэгдэл 53,000,000 төгрөг гэж тохирсон атлаа 73,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК -аас 88,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 597,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс тоног төхөөрөмжийн доголдлын талаар хариуцагч талд удаа дараа мэдэгдэж, энэ талаар тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлагатай тохиролцсоны дагуу үнийн дүнгээс 20,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцон акт үйлдсэн. Гэтэл шүүхээс тоног төхөөрөмжийн доголдлын талаар гаргасан хариуцагч талын хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн 3 дахь хуудасны 3 дахь хэсэгт нэхэмжлэгч талтай харилцан тохиролцон нийт дүнг 58,000,000 төгрөг байхаар тогтоосон акт, доголдлын талаарх фото зураг зэргийг хавсаргасан болно. Гэтэл шүүхээс үлдэгдэл дүнг дур мэдэн тогтоож алданги тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тухайн үед хариуцагч талаас доголдлын талаар гомдол гаргаагүй. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нотлох баримтгүй. Мөн доголдлын улмаас 20,000,000 төгрөг бууруулсан гэх тайлбар үндэслэлгүй. Харин хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд 20,000,000 төгрөгийг төлсөн, гэвч компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон тул банкнаас хуулга авах боломжгүй гэсэн тайлбар гаргадаг. Хариуцагч талын давж заалдах гомдол нь бодит үнэнд нийцэхгүй байна. 53,000,000 төгрөгтэй холбоотой баримтад тухайн үед хариуцагч тал 20,000,000 төгрөгийг хасвал 2-3 хоногийн дотор мөнгийг төлж барагдуулна гэж хуурч, гарын үсэг зуруулж авсан боловч төлөөгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлээгүй. Гэрээний хавсралтаа урьдчилгаа төлбөр 90,000,000 төгрөгийг төлсний дараа төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Т ХХК -д холбогдуулан гэрээний үүрэг 73,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б ХХК , Т ХХК -иудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11/20 дугаартай элс угаах тоног төхөөрөмж /скруббер/-ийн шлюз худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь элс, шавар задалж угаах хүчин чадалтай тоног төхөөрөмжийн их бүрдэл шлюзнуудыг үйлдвэрлэж нийлүүлэх, захиалагч нь гэрээ батлагдсан өдөр урьдчилгаа төлбөрт 90,000,000 төгрөг, төхөөрөмж хийж дуусаад уурхай руу ачих өдөр 30,000,000 төгрөг, төхөөрөмжийг уурхайд суурилуулж, ажилд оруулж хяналт дууссан өдөр үлдэгдэл 30,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх4-9/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

5. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Т ХХК -ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Ар Тамсаг 1 алтны уурхай дээр суурилуулан бэлэн болгож ашиглалтад оруулж, элсийг технологийн дагуу угааж баяжуулан алтыг гаргаж хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон угаах төхөөрөмж скруббер-100 хүлээлцэх актаар тогтоогдож байна. /хх10-12/

6. Гэрээ хүчин төгөлдөр тул зохигч хэн алинаас гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй ба хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 77,000,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй, харин гэрээнд заасан ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэж зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

8. Хариуцагч нь доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, компанийн удирдлагатай тохиролцон 20,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

9. Хариуцагч Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б ХХК нь алданги шаардах эрхтэй. Учир нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрэх нөхцөл байдалд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.2.а-д Захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг заасан хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд төлөх ётсой өрийн дүнгээс хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлнө. Гэрээний 3.3.-д заасан төлбөрийг төлөх хугацаа нь гүйцэтгэгч тоног төхөөрөмж бэлэн болж хүлээлгэн өгөх боломжтой болсон талаар захиалагчид албан бичиг хүргүүлснээр эхэлнэ. Нийт алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд тогтоосон алданги нь хуульд заасан хувь хэмжээний дээд хязгаарт хүрэхгүй байгаа учраас алдангийг бууруулах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/01394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН