Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/01431

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01431

 

 

Р.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01037 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Б , Г.Ж нарын хариуцагч Н т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00222 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00502 дугаар тогтоолоор Р.Б , Г.Ж нараас 1,054,079,167 төгрөгийг гаргуулж * банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Н т явагдаж, төлбөр төлөгч Г.Ж гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, * тоот од байрлах, * м.кв талбай бүхий амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан. Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлуулахаар Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, тус газрын үнэлгээний тайлантай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр танилцсан. Тус тайлангаас үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 1,415,184,174 төгрөгөөр үнэлсэн байх ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үнэлгээ нь ямар нэгэн баримт, мэдээлэлд үндэслэгдээгүй, мэдээлэл хаанаас ямар аргаар олж авсан нь тодорхойгүй, өмчлөгчөөс хөрөнгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл аваагүй, зах зээлийн мэдээлэл цуглуулаагүй, тухайн хөрөнгийг барьж байгуулахад оруулсан хөрөнгийн материалын үнэлгээг судлаагүй, мөн төв зам, хороо, цэцэрлэг, сургууль ойрхон гэж бичсэн атлаа өрөөнүүдийн тоо, талбайн хэмжээ, гадна терассын хэмжээ зэргийг тайландаа тусгаагүй. Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрын үнэлгээг тайландаа оруулаагүй зэрэг ноцтой алдаа зөрчил гаргасан байна. Иймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэж үзэж гомдол гаргаж байна. 2015 онд ижил байршил, цаг хугацаанд, адил хэмжээгээр баригдсан амрагчдын орон сууцыг 1 м.кв-ыг 1,106,140 ам.доллараар худалдахаар гэрээ байгуулж байсан. Мөн нэг худалдан авагч энэхүү барьцаа хөрөнгийг 1,000,000 ам.доллараар үнэлж худалдан авахаар санал болгож байсан боловч тухайн үед банк зөвшөөрөөгүйн улмаас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж чадаагүй. Иймд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00222 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00502 дугаар тогтоолоор 1,054,079,167 төгрөгийг Р.Б , Г.Ж нараас гаргуулж * банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үүсгэсэн бөгөөд уг ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, * тоот од байрлах, * м.кв талбай бүхий амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/428 дугаар тогтоолоор шинжээч томилж, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 1,415,184,174 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Р.Б , Г.Ж нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 183/ШЗ2023/01033 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00222 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00502 дугаар тогтоолоор Р.Б , Г.Ж нараас 1,048,677,828 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 5,401,339 төгрөгийг хамт гаргуулж * банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн барьцаа хөрөнгө болон баталгаа гаргагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно. Р.Б , Г.Ж нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж эхэлсэн. Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр төлөгч нарт холбогдох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад нэг ч төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа бөгөөд * банк ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байгаад шүүх дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэхийг хүсэж байна. Тухайн үнэлэгдсэн эд хөрөнгийн доорх газар нь барьцаалагдаагүй, энэ талаарх үнэлгээнд тусгагдаагүй гэх асуудал үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Р.Б , Г.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ж гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/01033 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тухайн маргаан бүхий харилцаа нь хөрөнгийн үнэлгээг хэт багаар тогтоосон, бодит нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж, хөндлөнгийн хараат бус шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38,1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт цуглуулах үүрэгтэй. Уг үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн үнэлгээ нь үнэн зөв, бодитой эсэхийг шүүхийн журмаар шинжээч томилуулж, тогтоолгох хүсэлт гаргасан. Учир нь нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гэж тодорхойлсон үнэлгээ нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар тусгай мэдлэг шаардагдах асуудал байсан. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний үнэн зөв эсэх асуудал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, олон улсын стандарт зэрэг хөрөнгийн үнэлгээний тусгай мэдлэг шаардагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болсон. Тодруулбал, анхнаасаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан, энэ талаараа хөндлөнгийн хараат бус шүүхээс томилогдсон шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хавсарган шүүхэд хүргүүлсэн боловч тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүхээс нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тус хуулийн зорилтот нийцээгүй байна. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 17 дугаар тогтоолын 2.1.1-д заасан агуулгад нийцэхгүй шийдвэр гаргасан. Мөн маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь илэрхий байхад шүүхээс Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт нийцээгүй. Түүнчлэн, маргаан бүхий үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэлд үндэслэж, хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй. Өмчлөгчөөс үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийн тухай мэдээлэл аваагүй, зах зээлийн мэдээлэл цуглуулан, тооцоонд хэрэглэсэн анхдагч материалын үнэлгээ хийхдээ үнэн зөв гүйцэтгээгүй байна. Үнэлгээчин Г.Отгонбаяр зах зээлийн ханшаар үнэлсэн гэх боловч бодит байдал дээр зах зээлийн үнэлгээг хэт доогуур байдлаар тогтоосныг хүлээн зөвшөөрч, зөвтгөх үндэслэлгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 онд 1,000,000 ам.доллароор үнэлж, гэрээ байгуулсныг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн. Үнэлгээ хийлгэсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй нэг байршилд байрлах, адил загвар хэмжээтэй амрагчийн сууцыг худалдах, худалдан авах гэрээний 2-т зааснаар 1,106,140 ам.доллароор худалдсан. Дээрх үнийн дүнг Монгол банкнаас зарласан валютын ханшаар буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн төгрөг, ам.долларын харьцаанд хөрвүүлэхэд 1 ам.доллар нь 3,527.53 төгрөгтэй тэнцэх тул 3,901,942,034 төгрөг болдог. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2,486,757,860 төгрөгөөр илэрхий багасгаж тогтоосон хөрөнгийн үнэлгээчин Г.Отгонбаярын үнэлгээний дүгнэлтийг зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Р.Б , Г.Ж нар нь хариуцагч Н т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00222 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00502 дугаар тогтоолоор Р.Б , Г.Ж нараас 1,048,677,828 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 5,401,339 төгрөгийн хамт гаргуулж * банк ХХК-д олгож, мөн Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, * тоот хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-* дугаартай, * м.кв талбайтай амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 дугаар давхрын 701 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай * банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх39-42, 43-47, 48-51/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Г.Ж гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, * тоот од байрлах, * м.кв талбай бүхий, амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 22290749/01 дугаар тогтоолоор битүүмжлэн /хх54-55/, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22290749/03 дугаар тогтоолоор хураан авсан /хх-57-58/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр, 54 дүгээр зүйлд нийцжээ.

4.2 Төлбөр төлөгч Р.Б , Г.Жаргалаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтбаатараас үнийн санал авахад 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 2,100,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч Худалаа хөгжлийн банк ХХК-аас эс зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх61, 62/

Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/428 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг томилсон. /хх-63/

4.3 Шинжээч нь Г.Ж гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг 1,415,184,174 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нарт танилцуулж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4-178/24638 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх67-85, 86-87/

5. Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийг шинжээч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ямар баримт, мэдээлэлд үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэг гэснийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хөрөнгийн үнэлгээний үнэн зөв эсэх асуудал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, олон улсын стандарт зэрэг хөрөнгийн үнэлгээний тусгай мэдлэг шаардсан тул үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Шүүхээс нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Учир нь анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг хянан шийдвэрлэдэг бөгөөд шүүх дахин шинжээч томилох замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээг тогтоох ажиллагаа хийхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь бусадтай байгуулсан хэрэгжээгүй гэрээний үнээр тухайн хөрөнгийн үнийг баримтлан шинжээг хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 122 дугаар зүйлийн 122.4 гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН