| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0848/э |
| Дугаар | 880 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, хохирогч Л.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номт овогт Мягмарын Батсайханд холбогдох эрүүгийн “1811024240965” дугаартай, 186/2018/0848/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 6-388 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Номт овогт Мягмарын Батсайхан /РД:ФМ70032095/,
Холбогдсон хэргийн талаар:
М.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн орчим таксинаас буусан хохирогч Л.Баярмаагийн тус тээврийн хэрэгсэлд мартаж буусан Орра-5 маркийн гар утас, түрүүвчтэй 1800 юаныг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 1.188.752 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед хүүхэд хүн миний машинд суусан. Тэр үед давхар өөр хүн авч болох уу гэж өмнө нь суусан хүнээс асуухад гэсэн. Тэгэхээр нь би хүн авсан. Тухайн үед 5 дугаар сургуулийн хажууд хохирогч буусан. Хохирогчийг буухаас өмнө давхар суусан хүн буусан. Тэгээд хүмүүс буусны дараа өөр хүн суухал хойно утас байгаа талаар хэлэхээр нь би утсыг авсан. Тэр үед түрийвч байгаагүй гэв.
1.2. Хохирогч Л.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2018.08.27-ний өдөр таксинд суугаад 5 дугаар сургуулийн тэнд буусан. Тэр үед 1800 юанн манай нөхрийн түрийвчинд байсан. 5 дугаар сургуулийн тэнд нэг залуу суусан. Тэр залуу сууж байхад байгаад гэнэт түгжирээд байна гээд буусан. Буусны дараа би хэсэг зуур зүйрмэглэсэн байсан. Тэгээд машинаас буугаад утас түрийвчээ мартсан байсан. Тэгээд өөрийнхөө дугаар руу залгахад холбогдохгүй байсан гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Баярмаагийн:..2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нөхөр хүүхдийн хамтаар шөнийн зах худалдааны төвийн урд талаас 14 цаг өнгөрч байхад таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн урд талд буухдаа таксинд бор өнгийн түрийвч, цэнхэр өнгийн "Орра ай-5" загварын гар утас, 1800 юаны хамт мартаж буусан. Тухайн үед таксинаас буухдаа машины багажнаас манай нөхөр хүүхдийн тэрэг авсан. Би хүүхдээ тэврээд буусан. Такси хөдлөх үед гар утас, эд зүйлээ мартсанаа мэдсэн. Тэр даруй 99010944 дугаараас 80031427 гэсэн дугаарлуу залгахад дуудаж байгаад унтарсан. Ахиж холбогдоогүй. Бид нар таксинаас буухдаа таксины мөнгө 5000 төгрөг гарсан, монгол мөнгө байхгүй болохоор мобайл банкаар 5077224324 гэсэн Хаан банкны дансруу 14 цаг 38 минутанд шилжүүлсэн. Гар утсаа 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуун сухаатын Ганц мод гэдэг газраас 1599 юань худалдан авсан. Монгол мөнгөөр 572.442 төгрөгийн үнэтэй, 570.000 төгрөгөөр үнэлж байна. 1800 юань болон гар утсыг олж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-13/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1 Хавтас хэргээс: Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, мэдээлэл /хх-9/, Хаан банкны депозит дансны хуулбар /хх-10/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-27/, эд зүйлийн үнэлгээ /хх-28/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-34/, зэрэг бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн орчим таксинаас буусан хохирогч Л.Баярмаагийн тус тээврийн хэрэгсэлд мартаж буусан Орра-ай 5 маркийн гар утсыг буюу гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Баярмаагийн....2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нөхөр хүүхдийн хамтаар шөнийн зах худалдааны төвийн урд талаас 14 цаг өнгөрч байхад таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн урд талд буухдаа таксинд бор өнгийн түрийвч, цэнхэр өнгийн "Орра ай-5" загварын гар утсаа мартаж буусан.....гэх мэдүүлэг. /хх-13/, мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Бы гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон М.Бы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн...би гар утсыг нь авсан нь үнэн...гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Быг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Баярмаа гар утсаа биетээр хүлээж авсан харин 1800 юанийг хүлээж аваагүй тул шүүгдэгчээс 1800 юаныг гаргуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогч 1800 юаныг хэзээ, хаанаас авсан, хэний мөнгө байсан, эсэхийг баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Шүүх дээрхи 1800 юаныг хэзээ, хаанаас авсан, хэний мөнгө байсан, юунд зарцуулах мөнгө байсан эсэхийг тодруулуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхгүй шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч М.Быг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Бы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номт овогт Мягмарын Батсайханыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Быг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ