| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0859/э |
| Дугаар | 882 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Э.Бадрал, өсвөр насны шүүгдэгч С.Е, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Хурметхан, тэдгээрийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шеруши овогт Серсемханы Ергалид холбогдох эрүүгийн “1811027731042” дугаартай, 186/2018/0859/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, сургуульгүй, ажилгүй, Баянгол дүүрэг 2 дугаар хороо 38-1 тоотод оршин суудаг бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Шеруши овогт Серсемханы Ергали /РД:ПБ03302514/,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны яллагдагч С.Е нь /гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 11 сар 4 хоногтой байсан/ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 111 дүгээр лангуунаас хохирогч Б.Сайнхүүгийн 700.000 төгрөгний үнэ бүхий айфон-7 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Өсвөр насны шүүгдэгч С.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Одоо би дахиж ийм хэрэг хийхгүй, гэртээ харина. Хичээлдээ явна гэв.
1.2. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Хурметхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би Улаанбаатар хотод ажил хийдэг. Хот үзүүлэх гээд хүүхдээ надруу явуулсан. Урьд нь ийм хэрэг хийж байгаагүй. Би их гайхаж байна, дахин ийм гэмт хэрэгт холбогдуулахгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сайнхүүгийн:..2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 111 дүгээр лангуун дээрээ айфон 7 маркийн гар утсаа хулгайд алдсан тухайн үед манай лангуугаар үйлчлүүлж байсан 2 хүн байсан эр хүн утас үзэж байсан би утас авч өгөх гээд тонгойх хооронд лангуун дээр байсан миний гар утсыг үл таних 14-16 насны хар өнгийн куртик, хөх өнгийн өмд өмссөн 150 орчим см өндөртэй, саарал өнгийн малгайтай цамц өмссөн байсан хүн авч явсан байсан гэх мэдүүлэг /хх-12/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй яллагдагч Х.Ергалийгийн хууль ёсны төлөөлөгч Б.Хурметханы:..Би Ергалигийн аавынх нь дүү байгаа юм. Манай дүү Ергали 2003 онд Ховд аймагт төрсөн. Ховд аймгийн 1-р сургуульд 8-р анги хүртлээ суралцаж байсан. Ергалигийн Ховд аймгийн Булган сумд байдаг, аав ээж, ах, эгчийн хамт амьдардаг байсан. 2018 оны 09 сард хичээл эхэлснээс хойш сургуульдаа яваагүй болохоор аав, ээж нь намайг хотод амьдардаг юм чинь намайг хажуудаа байлгаач гэж хэлсэн. Намайг 7 сард амралтаараа Ховд аймгийн Булган суманд очиход надтай хамт байлгана гэж байгаад Ергали 9 сарын 24-ний өдөр манайд ирсэн.Ергали хот үзмээр байна гээд ирсэн. Ирснээсээ хойш надтай хамт амьдарч 09 сарын 25-26-ны хооронд Улаанбаатар хотыг үзүүлж, гадуур хамт явсан. 09 сарын 29-ний өдөр буюу хагас сайн өдөр Ергали гадаа гарчихаад ирж болох уу гэж асуухад нийтийн байрандаа хамт амьдардаг казак хүүхэдтэй хамт гарчихаад ирье гээд өдөр гараад явсан. Орой 20 цагийн үед Ергали гэртээ орж ирээд нэг гар утас бариад орж ирэхэд нь ямар учиртай гар утас болохыг асуухад олсон гэж хэлсэн. Хаанаас олсон юм гэхэд газраас олсон гэж хэлсэн. Би тэр хэлсэн үгэнд нь итгээгүй, хүний гар утас байна, эзэн нь ярих байх гээд байж байсан. Ергали хөдөөнөөс ирэхдээ Нокиа маркийн гар утастай байсан. Эзэн нь аваад шагнал гээд мөнгө өгвөл тэр мөнгөөр нь чамд утас авч өгье гээд байж байсан юм. Гэтэл гаднаас цагдаа нар орж ирээд манай дүүг гар утас хулгайлсан байна гэж хэлсэн. Уг нь бол манай дүүд мөнгө төгрөг байх ямар ч шаардлагагүй, хэрвээ надаас асуусан бол би өгөх байсан. хэрэгтэй зүйлийг нь аваад өгөх байсан. Ергалигийн ганц мэддэг газар нь Бөмбөгөр худалдааны төв байгаа юм, тэгтэл тийшээ яваад хулгай хийсэн байсан. Тэр өдөр өөрт нь 6000 төгрөг байсан. Ергалигийн хулгайлсан гар утас нь 1рпопе 7 маркийн гар утас байсан. Асаалттай байсан гэх мэдүүлэг. /хх-17/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 12 дугаар хуудас, 24 дүгээр хуудас, 7-8 дугаар хуудас, 20-21 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, 17 дугаар хуудас, 22 дугаар хуудас , 29 дүгээр хуудас, 30-37 дугаар хуудас, 43 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судална гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Өсвөр насны шүүгдэгч С.Е нь /гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 11 сар 4 хоногтой байсан/ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 111 дүгээр лангуунаас хохирогч Б.Сайнхүүгийн 700.000 төгрөгний үнэ бүхий айфон-7 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Сайнхүүгийн:..2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 111 дүгээр лангуун дээрээ айфон 7 маркийн гар утсаа хулгайд алдсан тухайн үед манай лангуугаар үйлчлүүлж байсан 2 хүн байсан эр хүн утас үзэж байсан би утас авч өгөх гээд тонгойх хооронд лангуун дээр байсан миний гар утсыг үл таних 14-16 насны хар өнгийн куртик, хөх өнгийн өмд өмссөн 150 орчим см өндөртэй, саарал өнгийн малгайтай цамц өмссөн байсан хүн авч явсан байсан гэх мэдүүлэг /хх-12/, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хурметханы:..Би Ергалигийн аавынх нь дүү байгаа юм. Манай дүү Ергали 2003 онд Ховд аймагт төрсөн....Ергали 9 сарын 24-ний өдөр манайд ирсэн. Ергали хот үзмээр байна гээд ирсэн. Ирснээсээ хойш надтай хамт амьдарч 09 сарын 25-26-ны хооронд Улаанбаатар хотыг үзүүлж, гадуур хамт явсан. 09 сарын 29-ний өдөр буюу хагас сайн өдөр Ергали гадаа гарчихаад ирж болох уу гэж асуухад нийтийн байрандаа хамт амьдардаг казак хүүхэдтэй хамт гарчихаад ирье гээд өдөр гараад явсан. Орой 20 цагийн үед Ергали гэртээ орж ирээд нэг гар утас бариад орж ирэхэд нь ямар учиртай гар утас болохыг асуухад олсон гэж хэлсэн. Хаанаас олсон юм гэхэд газраас олсон гэж хэлсэн. Би тэр хэлсэн үгэнд нь итгээгүй, хүний гар утас байна, эзэн нь ярих байх гээд байж байсан. Ергали хөдөөнөөс ирэхдээ Нокиа маркийн гар утастай байсан. Эзэн нь аваад шагнал гээд мөнгө өгвөл тэр мөнгөөр нь чамд утас авч өгье гээд байж байсан юм. Гэтэл гаднаас цагдаа нар орж ирээд манай дүүг гар утас хулгайлсан байна гэж хэлсэн. Уг нь бол манай дүүд мөнгө төгрөг байх ямар ч шаардлагагүй, хэрвээ надаас асуусан бол би өгөх байсан. хэрэгтэй зүйлийг нь аваад өгөх байсан. Ергалигийн ганц мэддэг газар нь Бөмбөгөр худалдааны төв байгаа юм, тэгтэл тийшээ яваад хулгай хийсэн байсан. Тэр өдөр өөрт нь 6000 төгрөг байсан. Ергалигийн хулгайлсан гар утас нь 1рпопе 7 маркийн гар утас байсан. Асаалттай байсан гэх мэдүүлэг. /хх-17/ эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Ейг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Сайнхүү нь өсвөр насны шүүгдэгч С.Егаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх зүйтэй байна гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Шеруши овогт Серсемханы Ергалийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ейг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ед оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ