Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2023/00013

 

 

 

 

 

 

 

 

2023 02 13 207/МА2023/00013

 

 

 

ЖББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А.Аөд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ЖББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Аөд холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 9.121.022,35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.109.670, 74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 313.101,80 төгрөг, даатгалын хураамж 559.750,50 төгрөг, нотариатын төлбөр 25.200 төгрөг, орчуулгын хөлс 16.000 төгрөг нийт 18.144.754,39 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О /цахим/, хариуцагч А.А,хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЖББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч К ББСБ буюу одоогийн нэр нь ЖББСБХХК нь Хариуцагч А.А(цаашид Хариуцагч гэх)-тэй 2018 оны 12-р сарын 20-ны өдөр ...... тоот Зээлийн гэрээ(цаашид Зээлийн гэрээ гэх) байгуулж, сарын 2,9%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 11,900,000.00 төгрөгийг зээлүүлсэн. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба Зээлийн гэрээний хавсралт Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон. Мөн, Зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.1.4 дэх хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 12-р сарын 20-ны өдөр ........ тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээ (цаашид Фидуцийн гэрээ гэх) байгуулж, Т /Арлын дугаар: ................ Улсын дугаар: ......УНХ/ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2019 оны 1 сараас сар бүрийн 15-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн хуваан төлөх эрхээ алдсан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн гэрээний үүрэг 937 хоног хоцорсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээр зогсохгүй холбогдохгүй болсон. Тиймээс фидуцийн гэрээний 4-р зүйлийн 4.3 дах хэсэгт төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдана борлуулна" гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох Т маркийн автомашиныг хураан авах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагааг хийх гэсэн боловч Фидуцийн зүйл хаана байгааг олж очиж чадаагүй. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Дээрх дурдсанчлан зээлдэгч зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Мөн, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн К ББСБ буюу одоогийн нэр нь ЖББСБ ХХК болон М Даатгал ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт Б тал нь даатгуулагчид зээл олгох үед даатгалын хураамжийг даатгуулагчаас хүлээн авч өөрийн дансанд түр төвлөрүүлэх ба сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд А талтай тооцоо нийлнэ, мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт Даатгуулагч даатгалын хураамжиг Б талын дансанд төлсөн нь даатгагч, даатгуулагчийн хооронд даатгалын гэрээ байгуулсан гэж үзэн даатгуулагчид тооцно гэж тус тус заасан. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.9-д барьцаа автомашиныг ...зээлийн хугацаатай адил хугацаагаар даатгуулна... гэж заасан байдаг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй гурван жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулахдаа нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, барьцаа автомашины даатгуулсан. Тухайн даатгалын гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь зохих даатгалын хураамжийг төлж даатгалын гэрээний хугацаагаар сунгуулаагүй учраас нэхэмжлэгч нь зээлдэгчийн өмнөөс даатгалын хураамжийг төлсөн буюу хариуцагчийн барьцаа автомашины тэвэрийн хэрэгэслийн даатгалын гэрээг сунгуулсан. Тэрбээр хариуцагчийн хуьвд нийт 3 удаагийн буюу 2019.12.17, 2021.01.20, 2022.02.10 өдрийн сунгалтад хамаарах даатгалын хураамж болох 559,750.50 төгрөгийг нэхэмжлэгч компаниар тус тус төлүүлсэн. Фидуцийн гэрээний 5-р зүйлийн 5.9 дэх хэсэгт өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр, хураамж болон энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотой бусад төлбөрийг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч хариуцахаар заасан. Тийм учраас нээхмжлэгчийн гаргасан энэхүү зардлыг хариуцагч этгээд төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Зээлдэгч нь төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, зээлийн гэрээнйи 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 9,121,022.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,109,670.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 313,101.80 төгрөг, даатгалын хураамж 559,750.50 төгрөг, нотариатын төлбөр 25,200 төгрөг, орчуулгын хөлс 16,000 төгрөг нийт 18,144,745.39 төгрөг тус нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 248,673.73 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай банк бус санхүүгийн байгууллага хариуцагчтай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11 900 000 төгрөгийн сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн байдаг. Гэрээний дагуу эргэн төлөлт болох 18.144.745 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Жи пи эс юунаас болж эвдэрсэн эсэхийг бид мэдэхгүй байгаа. Барьцаа хөрөнгийг хайгаад олохгүй байгаа. Ямар ч байсан машин одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Зээлдэгч анх манайхаас 3 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. Иргэний хуулийн 74.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байдаг. Хөөн элэлцэх хугацаа тасалдсан бол өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тооцогдоно гэж заасан байдаг. Үүний дагуу хариуцагч манайд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлөлт хийсэн. Үүнээс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа сунгаад явсан. Мөн өөрөө өмнө төлсөн мөнгөө хасаад үлдснийг нь төлөхгүй гэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байгаа. Мөн хуулийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан. Зээлдэгч манайхаас сарын 2.9 хувийн хүүтэй зээл авсан учраас төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч ковидын давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж байна. Энэ нь аль аль салбарт болж байсан учраас ганцхан хүний асуудал биш байсан. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлсэн байдаг. Манайх хүсэлт гаргасан болон гаргаагүй бүх зээлдэгч нараас нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сар хүртэл чөлөөлсөн байдаг. Тухайн үед манайд хүсэлт өгсөн бол болох байсан. Зээлдэгч хүсэлт гаргаагүй. 2022 оны 05 дугаар сард төлөлт хийсэн. Тэгж л бие муудсан гэж хэлээд бид мэдсэн. Түүнээс өмнө мэдээгүй. Утсаа ерөөсөө авдаггүй, 2-3 сар болоод утсаа авахаараа машинаа зараад өгнө гэдэг байсан. 400.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү хасагдсан байгаа гэжээ.

Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч А.А би нэхэмжпэгч ЖББСБ" ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус компанитай Тоёото приус 30 загварын ...... УНХ улсын дугаартай автомашиныг барьцаалж, зээлийн гэрээ байгуулж 11,900,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан нь үнэн. Би авсан зээлээ эхний 1 жилийн хугацаанд зээлээ тогтмол төлж ирсэн бөгөөд 2020 онд ковид цар тахлын улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийг Засгийн газраас түр хугацаагаар зогсоосон, би ч зээлийн төлөлтийг зогсоолгох талаар хүсэлт гаргаж байсан, 2020 оны 07, 11, сард 350,000, 100,000 төгрөг зэргээр өөрийнхөө боломжоор зээлээ төлж, хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 10-нд 400,000 төгрөг төлсөн ба нийтдээ 7,611,500 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн төлбөрөөс 2,778,977 төгрөг төлөгдөж хүүнд 4,832,522 төгрөг төлөгдсөн байсан. Би 2020 оны 01 дүгээр сард тархи, нүүрэнд саажилт үүсэж хүндээр өвчилж эхэлсэн, тэгээд би ажил хийх орлого олох боломжгүй болсон дээр нь ковид цар тахлын улмаас улс даяар ажилгүйдэл, сул зогсолт, хөл хорио эхэлсэнтэй холбоотойгоор төлбөрөө төлж чадахаа больсон. Намайг төлбөрөө төлж чадахаа больж эхэлсэн үеэс эхлэн тус компаниас мэдэгдэл ирж эхэлсэн. Уг мэдэгдэлд төлбөрөө төлөхгүй 162 хоног болсон тул таны машиныг хурааж авч худалдан борлуулах ажиллагаа явуулах болно гэсэн утгатай байсан ба хамгийн анх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл өгч байсан. Уг мэдэгдлийн дагуу тооцоод үзэхээр ЖББСБ ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн намайг төлбөрөө төлөхгүй байгааг, төлбөрийн чадваргүй болсныг мэдсэн байна. Тэгсэн мөртлөө яагаад тухайн үед миний машиныг худалдан борлуулах, эсвэл шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зэрэг бусад ажиллагааг яаралтай авахгүй 2 жил 6 сар орчмын хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод яваад байсан юм бэ гэдэг асуудал яригдана. Тиймээс би үндсэн зээл болох 11,900,000 төгрөгнөөс үндсэн зээлд төлсөн 2,778,977 төгрөгийг хасаад 9,121,023 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би машинаа зараад намайг албаар ийм их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү гээчийг зохиомол байдлаар гаргаж өрөнд оруулсан. Харин би даатгалд төлсөн 559,750 төгрөгийг төлж болно, түүнээс биш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжпэл гаргахдаа зарцуулсан гэх нотариатын зардал, орчуулгын хөлсийг төлөх үүрэг надад байхгүй тул төлөхгүй. Учир нь нотариатад хандах нь тухайн иргэн, байгууллагын өөрсдийнх нь үүрэг, хэрэв нотариатад хандаагүй бол тэдний гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болох эрсдэлтэй, орчуулгын зардал нь надад ямар ч хамаагүй захиралдаа орчуулж өгөх эсэх нь тухайн компаний өөрсдийнх нь дотоод асуудал юм. Иймд нэхэмжпэлийн шаардлагаас би 9,121,023+559,750=9,680,773 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна харин үлдэгдэл 8,463,972 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Би тус банк бус санхүүгийн байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж 11.900.000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. 2019 оны 01 дүгээр сараас эхлээд 1 жилийн хугацаатай тасралтгүй зээлээ төлсөн. 2019 оны эхээр Ковид гараад ковид тусч саажилт өгөөд эдний компанид өвчтэй байна гэдгээ хэлж байсан. Гэхдээ эдний компани 2020 онд явуулсан мэдэгдэл ирсэн. Би бүтэн 1 жил төлсөн юм чинь одоо машинаа зараад үлдэгдэл мөнгөө хаая гээд асуухад миний үндсэн мөнгөнөөс 2.000.000 гаруй төгрөг л хасагдсан байсан. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэж байсан. Тухайн үед нь шүүхэд өгсөн бол би ийм нэмэгдүүлсэн хүү, алданги төлөхгүй байсан. Машинаа олохгүй байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Машинд жи пи эс суулгаж байсан. Хаана ч явж байсан унтраагаад машинаа авах эрх байдаг. Шүүхэд эрт өгөхгүй маш олон сая төгрөгийн өрөнд орчихлоо. Би нэхэмжлэлийн шаардлагаас 2.700.000 төгрөгөө хасаад 9.121.023 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр нэмээд даатгалд төлсөн 559.750 төгрөгийг төлөөд нийтдээ 9.680.773 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 8.463.972 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед өөрсдийнх нь нэр дээр байсан машинаа авч зарах боломж байсан ашиглаагүй, шүүхэд өгөх боломж байсан ашиглаагүй, би өөрөө өөрийгээ шүүхэд өгч болохгүй, энэ асуудлаа шийдэж чадахгүй байсан. Ингэж явсаар байгаад 17.000.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр гарсан. Мөн нотариатын зардал, орчуулагчийн зардлыг төлмөөргүй байна. Энэ нь та нарын хийж байгаа ажлын зардалд орох байх. Жи пи эс эвдрээгүй байх. 07 дугаар сард над руу утсаар ярьж байхдаа машинаа унаад нааш цаашаа яваад байх юм гэж ярьж байна. Үнэхээр жи пи эс эвдэрсэн бол яагаад энэ олон удаа холбогдож байж надад мэдэгдээгүй вэ. Зээлийн гэрээнд нэг хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор зээлийг татна гэж байгаа. Гэтэл 7 хоног байх ёстой байхад хэдэн жил болчихов. Шүүх рүү шилжүүллээ гэхэд нь шилжүүл гэж хэлж байсан. Би ганцаараа короно туссан гэж хэлээгүй. Би өөрөө оёдлын ажил хийдэг. Хоногийн 20 гаруй цаг ажиллаад саажилт өгсөн гэж мэдэгдсэн. Гэрээний дагуу ажлаа хийсэн бол ийм их төлбөр гарахгүй байсан. Үндсэн төлбөр, даатгалын мөнгийг төлнө. Бусад мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 11.900.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Хүү, зээлийн харилцаа үүссэн байгаа дээр маргахгүй байгаа. А.А саажилт өгсөн гэж хэлсэн учраас давхцуулахгүйгээр ярья. Төлбөрөө төлөхгүй 162 хоног болсон учраас машиныг хураан авч мөнгөө гаргуулах тухай мэдэгдэл гаргахдаа мэдсэн байна. Тийм учраас зээлээ төлж чадахгүй бол машиныг худалдан борлуулах эрх ЖББСБ ХХК-д нээгдсэн байна. Иргэний хуулийн 223.2 дахь хэсэгт заасан энэ үүргээ биелүүлээгүй учраас хүү, анз авах эрхээ алдсан. Зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Дээрээс нь нотлох баримтаар судалсан зээлийн болон фидуцын гэрээн дээр машиныг үл маргах журмаар авч худалдан борлуулна гэсэн байдаг. 1 хоног болон 7 хоногийн хугацаа хэтэрвэл тэгнэ гэх үүргээ биелүүлээгүй байна. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй. 8.463.972 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй, хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Нотариат болон орчуулгын зардал нэхсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах хэргийн оролцогчийн үүргээ биелүүлж байгаа болохоос хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй. Компанийн захиралдаа Японоор орчуулж өгсөн төлбөр, бусад зардлыг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 223 дугаар зүйлийн 223.2.-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Аөөс үндсэн зээлийн төлбөр 9,121,022.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1902453 төгрөг, даатгалын хураамж 559,750.50 төгрөг, нотариатын төлбөр 25,200 төгрөг, орчуулгын хөлс 16,000 төгрөг нийт 11.625.403,85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 6.519.342, төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,673.73 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Аөөс 200,956 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 6.519.342 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.А давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүйгээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч ЖББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ...... тоот зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч ЖББСБ ХХК нь хариуцагч А.Атэй 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 11.900.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай автомашины зээлийн зориулалттай зээлдүүлсэн ба зээлийн барьцаанд Toyota Prius маркийн автомашиныг барьцаалж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2.778.977 төгрөг, хүүнд 4.832.522 төгрөг төлсөн. 2020 онд ковид цар тахлын улмаас зээлийн төлбөрийг төлж чадахгүй болсон, нэхэмжлэгч зээлээ төлөхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шүүх Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл, 223 дугаар зүйлийн 223.2-т заасныг баримтлан үндсэн зээлд 9.121.022,35 төгрөг, хүүнд 1.902.453 төгрөг, даатгалын хураамж 559.750,50 төгрөг, хүүнд 1.902.453 төгрөг, нотариатын төлбөр 25.200 төгрөг, орчуулгын хөлс 16.000 төгрөг, нийт 11.625.403 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрт төлсөн 2.700.000 төгрөгийг хасч 9.121.023 төгрөгийг даатгалын хураамж 559.750 төгрөгийг хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан ба 2019, 2022 онд улс орныг хамарсан ковид цар тахлын улмаас улс даяар ажилгүйдэл, сул зогсолт, хөл хорио эхэлсэнтэй холбоотойгоор төлбөрөө төлж чадахгүй болсон гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй мэтгэлцсэн татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба зээлийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байх тул зээлийн гэрээг цуцлах шаардлага үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх ЖББСБ ХХК нь хариуцагчийг зээлийн гэрээг зөрчсөнийг мэдсээр байж шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй тул мөнгөн төлбөрийн үүрэг буюу хүү нэхэмжлэх эрхээ зарим хэсгийг алдсан гэж үзэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс хүүнд 1.902.453 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр, ямар тооцоо хийж хүүнээс 6.519.342 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлөх байсан хүүнээс /7.335.925,14 төгрөг/ түүний төлсөн 4.832.522,35 төгрөгийг хасч хүүнд 2.503.403 төгрөг, нийт 12.166.305 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ....... дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг ...үндсэн зээлийн төлбөр 9.121.022,35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.503.403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500.680 төгрөг, нотариатын зардал 25.200 төгрөг, орчуулгын зардал 16.000 төгрөг, нийт 12.166.305 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.978.440 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд ...хариуцагч А.Аөөс 209.611 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.259,47 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцааж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У