Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 05

 

Хэргийн индекс: 116/2016/0034/3

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 30 дугаар байрны 45 тоотод оршин суух, Л.Наранбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ... Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Наранбаяр /Дорнод аймгийн шүүхээс онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Наранбаяр би Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг Музейн баруун талд байршилтай 1250 мкв газрыг 2004 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан ба 2012 оноос эхлэн хашаа байшин барьж, зуны цагт гэр бүлээрээ амьдарч ирсэн.

Гэтэл 2015 оны намраас эхлэн яг зэргэлдээ зүүн талд бензин клонкийн барилгын ажил эхэлж, улмаар 2016 оны зун ашиглалтад орж, Стандарт Ойл гэдэг нэртэй шатахуун түгээх станц ажиллаж эхэлсэн. Манай гэр бүл уламжлал ёсоор зун цэвэр агаар салхинд гарахаар 2016 оны 7 сарын эхээр хашаа байшиндаа нүүж очсон боловч уг шатахуун түгээх станцын шатахууны ууршилт, бензиний үнэр нь биднийг амьдрах орчингүй болгосныг мэдэрлээ. Шатахууны үнэр манай хашаан дотор, гадаа талбайд маш их үнэртэх ба салхинд цонхоор орж ирж гэрт хүртэл үнэртэх болсон. Ингээд хашаандаа гарах ч аргагүй, цонхоо онгойлгох ч аргагүй болсон тул 10 орчим хоносны дараа арга буюу тэндээс нүүсэн.

Шатахуун түгээх станцын хашаа нь манай хашаатай яг тулгаад барьсан. Ингээд амьдрах орчингүй болсноо ойлгоод “яагаад гэр хорооллын дунд, айлын хашаатай хөрш зэрэгцүүлж хүний эрүүл мэндэд хортой, аюултай бензин түгээх станц барьдаг билээ, ямар хууль эрх зүйн актын үндсэн дээр газар эзэмшиж байна” гэдгийг мэдэхээр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт хандсанаар Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот захирамжаар “Гранд Восток Монголиа” ХХК-д тухайн шатахуун түгээх станц барих зориулалтаар газар эзэмших эрхийг олгосон болохыг 2016 оны 7 сарын 22-нд олж мэдлээ.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас надад өгсөн албан бичиг, Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны А/04 тоот захирамж, Хэрлэн сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөө болон Хэрлэн сумын газрын даамал Б.Болормаа, Гранд Восток Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан нарын надтай уулзсан ярианаас дүгнэхэд     тухайн клонкийн газрын асуудал дараах процессоор шийдвэрлэгдсэн байна.

Уг газрыг анх аймгийн Засаг даргын захирамжаар Ц.Батжаргал, Э.Цогбаяр, О.Ганлхагва, П.Анхбаяр нар "гэр бүлийн хэрэгцээний” зориулалтаар өмчилж авсан ба тэднээс Гранд Восток Монголиа ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Содбаяр худалдан авчээ. Ингээд Ц.Содбаяр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1.2-т зааснаар өмчлөх эрхээсээ татгалзсан байна. Үүний дараа Хэрлэн сумын Засаг дарга 2016 оны А/04 тоот захирамжийг гаргаж “Гранд Восток Монголиа” ХХК-нд 2800 м2 газрыг шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэнийг хууль бус гэж үзэж байна.

..... Шатахууны ууршилтаас гарч буй үнэр биднийг амьдрах аргагүй болгосон. Хүний биологийн үндсэн шинжүүдийн нэг нь үнэртэх мэдрэхүй юм. Хүн бол өөрт тааламжтай үнэрийг мэдрэхийн тулд их хэмжээний мөнгө зарцуулахаас ч буцдаггүй ба тааламжгүй, эвгүй, муухай үнэрээс зөнгөөрөө зугтаж байдаг байгалийн амьтан. Шатахууны үнэр нь ихэнх хүнд дотор муухайрах, толгой өвдөх, цаашлаад бөөлжих мэдрэмжийг төрүүлж байдаг ба байнга шатахууны үнэрт байх нь донтох, сэтгэцийн эрүүл мэндэд нь нөлөөлөх сөрөг үр дагавартай байдаг юм байна.

Хэрлэн сумын Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч аймгийн Засаг дарга миний өргөдлийг шийдвэрлэх хугацааг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасны дагуу сунгаж, 2 сар хүлээлгэсний эцэст 2016 оны 9 дүгээр сарын 30-нд “таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн болно.

Миний бие эцсийн дүндээ “шатахуун түгээх станц айлын гэр бүлийн хэрэгцээний газартай хөрш байршилд байх нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах үндсэн эрхийг зөрчиж байна” гэж үзэж байгаа юм. Энэ талаар шүүхээс гарах шийдвэр, хууль зүйн дүгнэлт нь зөвхөн миний төдийгүй цаашид хот суурин газрын төлөвлөлт, иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлын стандартыг тогтооход онцгой ач холбогдолтой гэж бодож байна.

..... Маргаан бүхий обьектод хөрш залгаа хоёр үл хөдлөх хөрөнгө байгаа. Нэг нь амьдрах зориулалттай байшин, нөгөө нь шатахуун түгээх станцийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө байгаа. Шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд манай үл хөдлөх эд хөрөнгө анхныхаа зориулалтаар ашиглах боломжгүй болчихоод байгаа. Нэгдүгээрт: тухайн бүс галын онцгой эрсдэлтэй орчин болж хувирсан. Энэ нь Монгол улсын Шинжлэх ухааны академи, Эрүүл мэндийн яамнаас хэргийн материалд ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байгаа. Нэгдүгээр бүс буюу байнгын тэсрэмтгий бүс ойрын 30м, дараагийн бүс нь 100 метрээс дотогш гэсэн байгаа. Хэрвээ шатахуун түгээх станцад галын аюул гарсан тохиолдолд манай хашаа, байшин, дотор нь амьдарч байгаа хүмүүст аюул учрах боломжтой. Манай хашааны булангаас шатахуун түгээх станцийн их бие хүртэл 36 метр байгаа. Зуны цагт бид хашаа, байшиндаа амьдардаг бөгөөд ихэвчлэн хүүхдүүд хашаандаа байдаг. Би ийм эрсдэлтэй бүсэд хүүхдүүдээ байлгахыг хүсэхгүй байна. Хоёрдугаарт: бидний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл юм. Шатахуун түгээх станц ердийн, өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүний эрүүл мэндэд хортой гэдэг нь тодорхой. Бид зун машиныхаа шатахууны банкийг онгойлгоход дотроос нь уур савсаж байдаг. Бензин нь нэг төлвөөс нөгөө рүү шилждэг хувирамтгай бодис юм. Эхлээд шингэн байж байгаад хийн төлөв рүү шилждэг. Тэр хийгээр бид амьсгалж байна гэдэг нь бензин ууснаас ялгаагүй, хортой гэж би сонссон. Манай гэрт болон хашаанд бензиний ууршил явагдаад байна гэдэг нь үнэрээс нь мэдрэгдэж байгаа. Ямар ч хүн бодсон бензин ууршсан агаараар амьсгалж байгаа нь маш хортой гэдэг нь ойлгомжтой.

Би үүнийг нотлохын тулд эхнэр болон бэр эгчээсээ гэрчийн мэдүүлэг авахуулсан. Эрүүл мэндийн яамнаас ирсэн лавлагаан дотор бензин хорт бодис нь төв мэдрэлийн үйл ажиллагааг гэмтээдэг, салст бүрхэвч гэмтээдэг гэсэн байгаа. Миний хувьд интернетээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг үзсэн. Бензиний ууршилтаас 150 гаруй төрлийн химийн нэгдэл агаарт ялгарч байдаг бөгөөд энэ нь хүүхдийн цусны хавдар өвчний үндсэн шалтгаан болдог гэсэн зөвлөмж байсан. Мөн уушгины архаг үрэвсэл үүсгэдэг гэсэн байгаа. Зүгээр нэг удаа шатахуун түгээх станцад ирээд машинаа цэнэглүүлэхэд өөр, харин байнгын тийм орчинд амьдрах нь тэс өөр юм. Шатахуун түгээх станцийн түгээгч хийдэг хүнд хөдөлмөр хамгааллын хорноос хамгаалах тусгай журам үйлчилдэг юм билээ. Бид бензиний уураар байнга амьсгалж байна гэдгийг өөр нотлох баримтаар нотолъё. Уур агаарт сарниж алга болох нөхцөл нь 170 метр зай гэж байгаа. Гэтэл манайх хэтэрхий ойрхон хашаа 36 метрт, байшин 45 метрт байгаа. Бид байнга үүгээр амьсгалж байгаа. Энгийн хүн бодоход салхины чиг ихэнхдээ баруун хойноос байдаг учраас гайгүй байх гэж бодож болох юм. Гэтэл салхи байнга чиглэлээ өөрчилж байдаг. Хэрвээ энэ хэрэгт хэн ч буруугүй бол надад ямар ч нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй байсан. Гэтэл өнөөдөр ийм байдалд хүргэсэн нь энэ хүмүүсийн буруутай ажиллагаа юм.

..... Хэрвээ энэ хүмүүс тэр газарт надаас түрүүлээд бензин колонк барьж эхэлсэн бол би тэр газарт 45 сая төгрөг зарлагадаж, 4 жил гарздан байж амьдрах зориулалттай хашаа, байшин барихгүй байх байсан. Би ингэж хашаа, байшин барьсны дараа энэ хүмүүс хажууд нь айл байна, дотор нь хүмүүс байна гэдгийг мэдсээр байж манай хажууд шатахуун түгээх станц барьсан. Би энэ хүмүүсийг буруутай гэж үзэж байгаа. Мөн хотын захиргаа ийм газар шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олгосон нь буруу юм.

Эд нарын намайг буруутгадаг ганц шалтгаан нь шатахуун түгээх станц анх барих гэж байхад хэлээгүй мөртлөө одоо барьж дуусаад, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хойно ийм зүйл ярьж байна гэж буруутгадаг. Би химийн чиглэлийн, нефтийн чиглэлийн мэргэжилтэй хүн биш. Жирийн иргэний хувьд л тэр газарт амьдарч байсан. Харин энэ хүмүүс бензинээр бизнес хийх гэж байгаа юм бол хүний эрүүл мэндэд ямар хортой вэ гэдгийг судалж мэдсэн байх учиртай. Гэтэл намайг гомдол гаргаагүйгээр далимдуулаад колонк барьсан нь энэ хүмүүсийн буруу юм.

..... Хариуцагч болон гуравдагч этгээдийн хувьд ямар нэг стандарт зөрчөөгүй гэж яриад байдаг. Шүүхийн хувьд албан ёсоор хүчин төгөлдөр болсон, нийтлэгдсэн хуулийг хэрэглэдэг. Ямар нэг байгууллага, албан тушаалтнаас гаргасан стандарт, дүрэм журмыг шийдвэр гаргахдаа хэрэглэдэггүй гэж хэлмээр байна. Үндсэн хууль болон бусад хуулийг хэрэглэдэг. Тийм учраас стандарт, дүрэм журмыг хэрэглэхгүй.

 “Шатахуун түгээх станцад тавигдах галын аюулгүйн норм”-ийн 5-р зүйлд “хот тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт төлөвлөлтийн бодлого, шаардлагыг хангасан байршилд энэ бүлгийн болон холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байхаар төлөвлөнө” гэж байгаа. Тэгэхээр энэ шатахуун түгээх станцийг барихаар төлөвлөхдөө хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заагдсан тэр хэсэгт л барих ёстой.

..... Энэ хүмүүс одоо тэр газар дээрээ мөн дэлгүүр ажиллуулж байгаа. Дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар тэр газрыг ажиллуулахад нь би гомдол гаргахгүй. Үйлчилгээ гэдэгт шатахууны жижиглэн худалдаа орохгүй байх. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн  хурлаас ирсэн, хэрэгт авагдсан баримт дээр тухайн газар нь шатахуун түгээх станцийн зориулалтаар ашиглана гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэснээс харахад төлөвлөгдөөгүй газар шатахуун түгээх станц барьсан гэдэг нь тодорхой байна.

Дараагийн стандарт зөрчсөн асуудал бол шатахуун түгээх станц нь хатуу түлшээр галладаг байрнаас 50 метр зайтай байх ёстой гэж байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр манай байшин шатахуун түгээх станцаас 45 м зайтай байгаа. Манай байшин төвлөрсөн дулааны шугамд холбогдоогүй, хэрвээ манайх энэ байшиндаа өвөл амьдарвал хатуу түлш хэрэглэж, галлахаас өөр аргагүй байшин юм. Одоогоор галлаагүй байгаа явдал нь хатуу түлшээр галладаг байр гэдэгт хамааралгүй гэж тайлбарлаад байх шиг байна. Манай байр зуны цагаас бусад улиралд хүйтэн байдаг, цаашид өвөл амьдарна. Одоо зуух бариагүй байгаа явдал нь ирээдүйд зуух барих эрхийг хязгаарлах ч юм уу тийм утгагүй зүйл байж болохгүй юм. Энэ нь бидний энэ байшиндаа цаашид өвөл амьдрах боломжийг хааж байна.

Би энэ нэхэмжлэлийг өгснөөс хойш Улаанбаатар, Хэнтий болон өөр газрын шатахуун түгээх станцуудын байршлыг судалж үзэхэд айлтай залгаа барьсан шатахуун түгээх станц огт байхгүй. Хэрвээ ингэж айлтай залгаа шатахуун түгээх станц барихыг зөв гэж хотын захиргаа үзэж байгаа бол гэр хороолол дунд хэн дуртай нь шатахуун түгээх станц барьвал юу болох вэ.

......Намайг барилга баригдаж эхэлж байхад гомдол гаргаагүй гээд байгаа нь бодвол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд байх шиг байна. Бодитой нөлөөллийг биеэр мэдэрсний дараа хууль зүйн үндэслэл юу байна гэдгийг хотын захиргаанаас олж аваад анх удаа мэдсэн. Ийм учраас би нэхэмжлэл гаргах эрхээ алдаагүй. Ингээд иргэн Наранбаяр миний болон манай гэр бүлийн, мөн бусад иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж, тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Ингэснээр буруутай этгээдээс хохирлоо гаргуулах, хөршийн эрхээ эдлэх эрх нээгдэнэ гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Содбаяр нь Хэрлэн сумын 3 дугаар багийн Бумбатын "Б" 0-03а, 0-04, 0-05, 0-06 тоотын тус бүр 700 м2, нийт 2800 м2 талбай бүхий газрыг өмчлөгч иргэдээс худалдан авсан. Улмаар "Гранд восток Монголиа" ХХК руу шилжүүлэх саналыг гаргахад Газрын даамлын зүгээс Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд хуулийн этгээдэд газар өмчлүүлэх тухай заалт байхгүй тухай амаар зөвлөгөө өгсөн.

Өмчлөгч Ц.Содбаяр нь 2800 м2 газрыг өмчлөх эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзан, Засаг даргын 2016 оны А/03 дугаар захирамжаар газар өмчлөх эрхээ дуусгавар болгож уг газраа "Гранд восток Монголиа" ХХК-ны нэр дээр шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших хүсэлт ирүүлсний дагуу сумын Засаг даргын 2016 оны А/04 дүгээр захирамжаар "Гранд восток Монголиа" ХХК-д газар эзэмших эрхийг олгосон.

Энэхүү газар нь шинээр олгогдоогүй, иргэн өөрийн өмчийн газраа Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж заасан эрхийн хүрээнд өөрийн нэр дээр байдаг аж ахуйн нэгжийн эзэмшилд шилжүүлсэн тул Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй болно. Учир нь эрхийн шилжилт хөдөлгөөний талаар уг төлөвлөгөөнд тусгадаггүй болно. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д заасан өмчлөгч иргэний эрхэд "....өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах" гэж тусгасан байдаг. Мөн хуулийн 28 дугаар зүйлд газар өмчлөгч иргэнд хориглох зүйлийг заасан байдаг. Үүнд: ...газраа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, өмчлөх эрх олгосон Засаг даргын зөвшөөрөлгүй бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах, тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах" зэргүүд орно.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар газар өмчилж авсан иргэний уг газар нь дуусгавар болсон тул сумын Засаг дарга, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 56 дугаар зүйлийн 56.1, 56.3 дахь заалтыг тус тус  үндэслэн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг гаргасан байгаа нь дээрх газрыг Газрын тухай хуулиар зохицуулсан байгаа нь харагдаж байгаа болно.

Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтад барилгын болон шатахуун түгээх станц галын аюулгүйн норм стандартад газар доор савтай шатахуун түгээх станцаас барилга байгууламж хүртэлх зай 25 метр байх ёстой гэж заасан бөгөөд энэхүү стандартыг зөрчөөгүй бөгөөд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Гранд восток Монголиа” ХХК-ны боловсруулсан байгаль орчны төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, шатахуун түгээх станцын төслийн төлөв байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ерөнхий үнэлгээний дүгнэлт хийж уг төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Ерөнхий газрын барилгын зураг төсөлд хийсэн тухай дүгнэлт, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт зэргийг хийлгэсэн байх бөгөөд шатахуун түгээх станцын барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг улсын комисс нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХҮ-28/2016 тоот актаар хүлээн авсан байгаа нь холбогдох норм, нормативыг зөрчөөгүйтэй холбоотой гэж үзэж байна.

..... Иргэн Наранбаярын хувьд энэ газрыг 2004 онд өмчилж авсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оны 5 сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн.  Үүнээс хойш Хэрлэн сумын 3 дугаар баг Бумбат хороололд иргэдэд газар өмчлүүлэх ажиллагаа эхэлсэн. Иргэд 2003 оноос эхэлж газар өмчилж авсан байдаг учраас үүнийг давхар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгах шаардлагагүй гэж үзэж байгаа. “Гранд Восток Монголиа” ХХК-ийн эзэмшиж байгаа энэ газар нь шинээр олгогдож байгаа бус урьд нь олгогдчихсон байсан газар учраас энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүй. Хоёрдугаарт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан талаар хариу ирсэн байна. Уг газар нь дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар олгогдоно гэсэн байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа ерөнхий төлөвлөгөө нь 2020 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Наранбаярын нэхэмжлэл дээр иргэн өмчлөлийнхөө газар дээр юу ч барьсан болно гэж хариуцагчийн зүгээс тайлбарласан байна гэж байсан. Иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан газартаа барилга байгууламж барьж болно, мөн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болдог. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2014 оны 11 сарын 28-ны өдөр “иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авсан газартаа янз бүрийн байшин барилга, орон сууц бариад байна, энэ талаар тодруулж өгнө үү” гэсэн утга бүхий 470 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу газрын харилцаа, геодези зурагзүйн газраас 2014 оны 12 сарын 11-ний өдөр 1/17/60 дугаартай өмчлөлтэй холбоотой чиглэл ирүүлсэн байдаг. Уг чиглэлд “иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан газар дээр барилга байгууламж барих, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар ашиглаад, түүгээрээ дамжуулан ашиг орлого олох эрхтэй” гэсэн. Хэрвээ ийм зориулалтаар ашиглаж байгаа бол тухайн барилга байгууламж нь хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, бусад холбогдох шаардлагыг бүрэн хангасан байх ёстой, эрхэлж байгаа үйл ажиллагаа нь зохих зөвшөөрөлтэй, ажлын байрны дүгнэлттэй байх ёстой гэсэн байдаг. Иргэн Наранбаярын байршлын зүүн талд байрлах 4 иргэний газрыг иргэн Ц.Содбаяр нь хуулийн дагуу худалдаж авсан байна. Тэгээд уг газраа өөрийн компани буюу “Гранд Восток Монголиа” ХХК-руу шилжүүлсэн байдаг юм байна. Ингээд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гранд Восток Монголиа" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. “Гранд Восток Монголиа” ХХК нь 2015 оны 8 сараас эхлэн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бумбатад шатахуун түгээх станц байгуулахаар судалгаа хийж тухайн нутаг дэвсгэрийн 4 айлаас 2800 м2 газрыг худалдан авч 2015 оны 08 сараас эхлэн шатахуун түгээх станцын газар шорооны ажлыг эхлүүлсэн юм.

Газар шорооны ажил эхлэх үед нэхэмжлэгч Л.Наранбаяр ямар ч гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд манай компанийн шатахуун түгээх станц барих ажил 2015 оныг дуустал үргэлжилж, 2016 оны 03 сараас дахин үргэлжлүүлж 2016 оны 6 сарын 24-ний өдөр шатахуун түгээх станцын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компани шатахуун түгээх станцад тавигддаг олон улсын шаардлага, Монгол улсын стандартыг бүрэн хангасан шатахуун түгээх станц байгуулсан бөгөөд шатахуун түгээх станцыг улсын комиссийн 100 хувийн саналаар хүлээж авсан юм. Манай компани колонкоо барьж байгуулах хугацаанд иргэн Л.Наранбаяр нэг ч удаа ирж уулзаагүй бөгөөд колонк барьж дууссаны дараа манай компанийн захиралтай уулзаж өөрийн хашаа байшингаа 50 сая төгрөгөнд худалдаж ав гэсэн тулган шаардалт хийсэн. Манай компани энэ колонкийг барьж байгуулахад 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд их хэмжээний зээлийг банкнаас удаан хугацаагаар авч үйл ажиллагаа явуулж байна. ..... Манай колонкын үйл ажиллагаа явуулж байгаа газар нь иргэн Л.Наранбаярын газартай огт давхцаагүй бөгөөд иргэн Л.Наранбаярын газартай колонкын газар хэт ойр гэдгийг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл анх колонк барихдаа мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл хүсэж стандартанд заагдсан хэмжээний зайд колонкоо барьж байгуулсан юм. Мөн иргэн Л.Наранбаярын нэхэмжлэлдээ тусгасан “Гранд Восток Монголиа" ХХК нь газар эзэмшихдээ газрын тухай хуульд зааснаар газрыг дуудлага сонгон шалгаруулалтаар аваагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь шинээр анх олгож буй газарт хамаарах бөгөөд “Гранд Восток Монголиа” ХХК нь төрөөс үнэгүйгээр газрын тухай хууль зөрчиж цоо шинээр газар авч байгаа үйлдэл биш юм. “Гранд Восток Монголиа" ХХК-ийн шатахуун түгээх станцыг холбогдох дүрэм журам, нормд заасан шалгуурыг хангаж барьж байгуулсан болохыг мэргэжлийн байгууллагууд хэлдэг.

..... Монгол улсын Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 4 сарын 09-ний 57 тоот “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” тушаал байна. Энэ стандартын дагуу л уг шатахуун түгээх станц баригдсан. Бид өөрсдийн дураар тэр газар очоод барилга бариагүй, бүх зөвшөөрлийг аваад, бүрдүүлэх ёстой баримт бичгийг бүрдүүлсэн. Тухайн үед иргэн Наранбаярын байрнаас метр хэмжээ бүх зүйлийг аваад, зохих байрлалд шатахуун түгээх станцийг барьсан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн шатахуун түгээх станцийн түгээгүүрээс Наранбаярын амьдарч байгаа байр хүртэл 46 м, газар дор байрлах савтай шатахуунаас 64.3 метр гэж гарсан байгаа. Стандарт дээр хатуу түлшээр галладаг байрнаас тэдэн метр зайд гэж байгаа.

Гэтэл үзлэгээр эдний байр хатуу түлшээр галладаг нь тогтоогдоогүй, яндан гаргасан, галладаг зүйл байгаагүй. Цаашид яндан гаргаад, галлалаа гэхэд газар дор байрлах савтай шатахуунаас 64,3 метр зайтай байгаа. Харин стандарт дээр 50 метр зайд байх ёстой гэж байна. Анх барих зөвшөөрөл авахын тулд бүх зүйлээ судлаад хийсэн байгаа. Хатуу түлшээр галладаг байр гэдэг нь мэдээж айл амьдарна гэсэн үг.

Гуравдугаарт энэ барилга баригдахаас нь өмнө бидэнтэй ирээд уулзсан бол бид ярилцаад, саналаа тавиад хоорондоо зөвшилцсөн бол эдний байрыг шатахуун түгээх станцийн ажилчид байрлаж байх байр болгох боломж байсан. Гэтэл бүх ажил дуусаад, үйл ажиллагаа явуулсны дараа нэхэмжлэгч тодорхой үнийн дүн хэлээд, 50 сая төгрөгөөр зарна гээд ирж байгаа нь бүтээн байгуулалт хийж байгаа бидний хувьд тодорхой хэмжээний дарамт болж байна. Шатахуун түгээх станц ашиглалтанд орсноор 12-13 хүнийг ажил, орлоготой болгосон, тэдний ард мөн гэр бүл, үр хүүхэд нь байгаа.

Бид Дорнод аймагт ч тэр, улсад ч тэр татвар төлж байгаа. Хамгийн гол нь стандартын хувьд иргэн Наранбаярын эрх ашиг хөндөгдөөгүй, тохирох байршилд шатахуун түгээх станц баригдсан гэж үзэж байгаа. Тухайн иргэн өмчлөөд авсан өөрийн өмчлөлийн газраа цаашид хэрхэх нь тухайн хүний өөрийнх нь эрхийн асуудал учраас 4 иргэний газрыг худалдаж аваад уг газар дээрээ шатахуун түгээх станц барьсан. Шатахуун түгээх станц гэдэг бол үйлчилгээний байгууллага юм. Дэлгүүр, үйлчилгээний газар гэж байгаа нь зөвхөн дэлгүүр гэсэн үг биш юм. Иргэн Наранбаярын гаргаж байгаа нэхэмжлэлд манай эрх ашиг хөндөгдөж байгаа. Манайх тодорхой хэмжээний зөвшөөрлийнх нь дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ямар учраас хууль, стандарт, дүрэм журам байдаг юм бэ, бид зохих хууль, дүрэм журам, стандартын дагуу бүх зүйлийг хийгээд явж байгаа.

....Одоо заавал гал түлснээр гэр, байр дулаан байхаа больчихсон. Заавал яндан гаргаад хатуу түлшээр галлахгүйгээр, цахилгаанаар дулаан гаргах маш олон арга байна. Шалны халаалт, тень гээд олон зүйл байна. Ингэж мушгиад байх нь буруу юм. Тухайн газарт барилгын ажил хийгдээд шороо босоод эхлэхэд л мэдэрч байгаа, мэдсэн байж таарна. Тийм учраас гуравдагч этгээдийн хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Манай компанийн барьсан шатахуун түгээх станц нь стандарт, норм, дүрэм журам, бусад хууль журамд заасан зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалд заасан журам, стандартын дагуу баригдсан тул иргэн Наранбаярын эрхийг зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Компани анхнаасаа үүнийг бүхий л стандарт, норм дүрэм журмын дагуу барьсан, бүхэл бүтэн 512 сая төгрөгийн зардал гарчихсан, нэг компани оршин тогтнох гээд явж байгаа. Мөн нийгэм дэх хариуцлагаа ухамсарлаад 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад ард нь тэдний гэр бүл нь явж байгаа. Дээрээс нь төлдөг татвар Дорнод аймгийн төсөв, санхүүд ордог. Нэхэмжлэгч Үндсэн хуулиар олгосон эрхийг маань зөрчсөн гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд ханд гэж хэлмээр байна. Тийм учраас иргэн Наранбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Л.Наранбаяр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан “...тус сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Дорнод аймгийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №239 дүгээр захирамж[1]-аар, тус аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Музейн баруун талд байршилтай 1250 мкв газрыг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэн Л.Наранбаяр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авч, тухайн газраа хашаа байшин барьжээ. 2016 онд нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын зүүн талд “Стандарт Ойл” нэртэй шатахуун түгээх станц баригдаж, ашиглалтанд орсон байна.

Нэхэмжлэгч нь: ...шатахууны ууршилт, бензиний үнэр нь хүний эрүүл мэндэд хортой, галын аюултай ба гэр хорооллын дунд, айлын хашаатай зэрэгцүүлж,  шатахуун түгээх станц барьсныг, мөн шатахуун түгээх станцын газар эзэмших зөвшөөрлийг ямар эрх бүхий албан тушаалтан олгосныг тодруулах зорилгоор холбогдох байгууллагад хандсанаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот захирамж[2]-аар “Гранд Восток Монголиа” ХХК-д /тухайн газарт/ шатахуун түгээх станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон болохыг мэджээ.

Улмаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны Засаг даргад гомдол[3] гаргажээ. Дорнод аймгийн Засаг даргаас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “...таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн №5/1594 тоот албан бичиг[4] хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын дээрх албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг дурдах нь зүйтэй.

 “Гранд Восток Монголиа” ХХК-ийн шатахуун түгээх станцын /одоо байрлаж байгаа/ газрыг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэн Ц.Батжаргал, Э.Цогбаяр, О.Ганлхагва, П.Анхбаяр нар нь анх “гэр бүлийн хэрэгцээний зориулалт”-аар өмчилж авсан ба тэднээс “Гранд Восток Монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Содбаяр худалдан авсан гэжээ. Бусдын өмчлөлд байсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Ц.Содбаяр худалдан авсанаар өмчлөх эрхийг  өөртөө шилжүүлсэн гэж ойлгоно. Иргэн Ц.Содбаяр нь 2 гишүүнтэй “Гранд Восток Монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч болох нь хавтаст хэргийн материалд авагдсан “Гранд Восток Монголиа” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн танилцуулга, хурлын тэмдэглэл[5] зэргээр тогтоогдож байна. Ц.Содбаяр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу дээрх нэр бүхий иргэдээс худалдаж авсан газрынхаа, өмчлөх эрхээс өөрийн хүсэлтээр татгалзжээ[6]. Уг татгалзлыг хүлээн авч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №А/03 тоот “Иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох тухай” захирамж гаргасан байна. Тухайн захирамж гарснаар, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2. , Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн ба иргэн Ц.Содбаярын газар өмчлөх, эзэмших эрх бүрэн дуусгавар болсон гэж шүүх дүгнэлээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот захирамжийн тухайд:

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “...газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, мөн хуулийн 4.1.5-д “... хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” зарчмыг төрөөс баримтлахаар тусгасан.

Гранд Восток Монголиа ХХК-ийн “Стандарт Ойл” шатахуун түгээх станц байршиж буй газар нь анх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу “...гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар” иргэдэд олгосон газар байна. Энэ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21 тоот тогтоол[7]-оор нотлогдож байна. Гэр бүлийн хэрэгцээнд, иргэдэд өмчлүүлсэн газрын зориулалтыг нь өөрчилж, шатахуун түгээх станц барих буюу өөр зориулалттай болгох эрх шат шатны Засаг даргад олгогдоогүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “...захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтлах ёстой” гэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж тус тус заасан.

Гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь Гранд Восток Монголиа ХХК-д “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” шийдвэр гаргахдаа шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчим болон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэснийг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “...хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ” гэснийг тус тус зөрчиж, газрын үндсэн зориулалтыг нь өөрчилж, газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Т.Болд: “...тус сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Бумбат “Б” 0-03а, 0-04, 0-05, 0-06 тоотод байрлах 2800 мкв газар дээр шатахуун түгээх станц барих талаар тусгагдаагүй болно”  гэсэн №72 тоот албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, мөн Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар: “...сум болон хотын гудамж, хорооллын газрын төлөвлөлт нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэгт тусгагдан хийгддэг, .... дээрх газар нь иргэдийн өмчлөлд олгогдсон газар байсан тул Хэрлэн сумын Газар зохион байгуулалтын 2016 оны тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байна”  гэсэн №528 тоот албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус шүүхэд ирүүлжээ.

Дээрх  байдлаас Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “...нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэснийг удирдлага болгон газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй  байна.  

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №10 тоот тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсан.

Эдгээр хуулийн зохицуулалт, журмуудын дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь Гранд Восток Монголиа ХХК-д зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмшүүлэх эрх олгох ёстой байжээ.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:

Нэхэмжлэгч нь: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын энэхүү хууль бус захирамжийн улмаас манай гэр бүл болон ойр орчны айл өрхүүдийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх” ноцтой зөрчигдөж байна. Шатахууны ууршилтаас 150 орчим төрлийн химийн хорт нэгдлүүд агаарт ялгарч, эргэн тойрны 100 метр газарт тархаж, амьсгалын замын төрөл бүрийн өвчлөлийн шалтгаан болдог. Бензол гэх бодис нь хүний эрүүл мэндэд нэн хортой, ялангуяа бага насны хүүхдэд цусны хорт хавдрын үндсэн шалтгаан болдог нь олон улсын судалгааны байгууллагуудаас хийсэн судалгаагаар батлагдсан. Шатахуун, дизелийн түлш нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон хүний эрүүл мэндэд нэн хортой бодис юм. Шатахууны ууршилтаас гарч буй үнэр биднийг амьдрах аргагүй болгосон. Тухайн үнэр нь дотор муухайрах, толгой өвдөх, цаашлаад бөөлжих мэдрэмжийг төрүүлдэг ба шатахууны үнэрт байнга байх нь донтох, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үр дагавартай байна. Эцсийн дүндээ шатахуун түгээх станц, айлын буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газартай хөрш зэргэлдээ байршилд байх нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах үндсэн эрхийг зөрчиж байна гэжээ.

Монгол Улсын Эрүүл Мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга Т.Содгэрэл 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №3-2/59 тоот албан бичиг[8]-ийг тус шүүхэд ирүүлжээ. Үүнд: “...Монгол Улсад Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм” болон “Шатахуун түгээх станц, Техникийн ерөнхий шаардлага”  MNS 4628:2013 үндэсний стандартыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн шингэн түлшийг хүлээн авах, хадгалах, түгээх зориулалттай шатахуун түгээх станцын (ШТС) барилга байгууламжийг төлөвлөхөд мөрдөж байна. .... Шатахууны өөрөө ноцох байдлыг саармагжуулдаг антидетанатор бодис болох изо-октан зэрэг нэмэлт химийн нэгдлүүд нь түрүүлж ууршдаг бөгөөд тэсрэмтгий шинж чанарыг нь бүрдүүлдэг метан, бутан, этан, этилен, ацетон зэрэг органик бодисуудын ууршилт үүсдэг. Эдгээр органик уусгагчид нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг гэмтээж, эд ба салст бүрхэвчийг цочроодог, дотор хордуулах үйлчлэлтэй байдаг бөгөөд салст бүрхэвчийн үрэвсэл, харшил, уушигны багтраа зэрэг өвчинг үүсгэж болно. ....Шатахуун түгээх станцыг зэргэлдээ орших орон сууц, олон нийтийн барилга, олон нийтийн газраас 25-80 метрийн зайд барихыг хориглодог байна. ...Бензиний найрлаганд 30-200 градуст буцалдаг нүүрстөрөгч болон түүний ашиглалтын чанарыг сайжруулахад зориулагдсан нэмэлтүүдээс бүрддэг бөгөөд пропан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон химийн бодис агуулагддаг. Эдгээр хорт бодисууд хүний бага тархинд хүчтэй нөлөөлж, мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна амьсгал боогдуулах, нүдний салстуудыг гэмтээх онц аюултай, уушигны сурфактант тогтолцоог гэмтээж, уушигны архаг хордлогот үрэвсэл үүсгэнэ. ...Шатахуун түгээх станцын нутаг дэвсгэр, барилга байгууламжид хамаарах орон зайг галын болон тэсрэх аюултай байдлаар нь Английн APEA/IP-ийн зөвлөмж, Монгол Улсын Үйлдвэр Худалдааны сайдын 2002 оны 27 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станцын галын аюулгүйн дүрэм” зэргийг үндэс болгон дараах байдлаар ангилдаг.

1-р бүс – Байнгын тэсрэлтийн аюултай орчин, 30 метрээс дотогш

2-р бүс - Үйл ажиллагааны үед тэсрэмтгий холимог үүсч болзошгүй орчин

3-р бүс - Осол, гэмтлийн үед тэсрэмтгий холимог үүсч болзошгүй орчин, 100 метрээс дотогш байдаг.

Эдгээр бүсийн хүрээ нь тухайн газар нутгийн өндөр, байршил, салхины хурд, агаарын температур зэргээс хамаарна” гэснийг,

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Бүтцийн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Бурмаажав 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр №6/10 тоот албан бичиг[9]-ийг тус шүүхэд ирүүлжээ. Үүнд: “...Автобензин нь амьд бие махбодид үзүүлэх нөлөөгөөр бага аюултай бүтээгдэхүүн бөгөөд дөл үүсгэх, асах шинж чанараараа онцгой аюултай, галын аюултай чанараараа 1-р ангилалын бүтээгдэхүүнд хамаардаг, ...бензиний найрлаганд хүний биед сөрөг нөлөөтэй 150 гаруй химийн бодис агуулагддаг, ...бензиний архаг хордлоготой хүмүүст бензин, соляркны арьсны архаг шүүдэст үрэвсэл илэрдэг, ...Шатахуун түгээх станцын байршил, тоног төхөөрөмжүүдэд тавигдах техникийн шаардлага, галын болон техникийн аюулгүй байдалтай холбоотой “Газрын тосны бүтээгдэхүүний галын аюулгүй байдал” MNS 5282-2003, “ Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах галын аюулгүйн норм” БНбД 21-03-04, “Шатахуун түгээх стнац, Техникийн ерөнхий шаардлага” MNS 4628-2013 стандарт, Олон Улсын “Fire safety requirements for petroleum service station” Ref FS-PAN 701 стандартуудыг Монгол улсад мөрдөж байна” гэсэн албан бичгүүд ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь Гранд Восток Монголиа  ХХК-ийн “Стандарт Ойл” шатахуун түгээх станц нь шатахуун түгээх станцын байршилд тавигдах шаардлага, хөрш зэргэлдээ барилга байгууламж хүртэл хамгийн бага зайд байх шаардлагыг зөрчиж, шатахуун түгээх станц барихаар төлөвлөгдөөгүй, иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт шатахуун түгээх станц барьсан. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь  ”Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм”-ын хүснэгтийн 3-т заасан “орон сууц, олон нийтийн барилга” хүртэл 25 метр гэх хамгийн бага зайг сонгон зориудаар буруу тайлбарлан хэрэглэж байна.  Хүснэгтийн 13-т гэр хорооллын айлын байшингаас “хатуу түлшээр галладаг байрнаас” 50 метр зайд байна гэж нарийвчлан зохицуулсан. Манай газар, байшин нь төвлөрсөн халаалтад холбогдоогүй, гэр хорооллын бүхий л айлын нэг адил гал түлж халаахаас өөр аргагүй байшин юм. Энэ нь “...иргэн Л.Наранбаярын хувийн байшингаас Гранд Восток Монголиа ХХК-ийн “Стандарт Ойл” шатахуун түгээх станцын түгээгүүр хүртэлх зай 45 метр”-т байгаа болно гэсэн шинжээчийн дүгнэлт[10]-ээр нотлогдож байгаа. Нөгөөтэйгүүр бидний амьдрах орчны аюулгүй байдлыг хангая гэвэл хашааны голд байгаа байшингаас биш эдэлбэр газрын хилийг тогтоосон хашааны хананаас эхэлж шатахуун түгээх талбайн хамгийн ойр зайг хэмжиж тогтоох ёстой. Мөн шатахуун түгээх станцын барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд барилгын, галын аюулгүй байдлын, байгаль орчны талаас олон дүгнэлт, бичиг баримтуудыг гуравдагч этгээд бүрдүүлсэн байдаг. Эдгээр бичиг баримт, акт дүгнэлтүүд нь хөрш айлуудад нөлөөлөх сөрөг нөлөөллийг огт тооцоолж үзээгүй, акт дүгнэлт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй манайд болон хөрш зэргэлдээ айлуудад мэдэгдээгүй гэжээ.

Шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн маргаан бүхий газар үзлэг[11] хийхэд  “... нэхэмжлэгчийн эдэлбэр газрын хашаанаас түгээгүүр хүртэлх зай 36 метр 20 см, мөн  нэхэмжлэгчийн эдэлбэр газрын хашаанаас шатахууны газар доорх сав хүртэл /худаг/ 55 метр 10 см, нэхэмжлэгчийн хувийн өмчийн байшин нь төвлөрсөн шугамд  холбогдоогүй” болох нь тогтоогдсныг дурдах нь зүйтэй.

Гранд Восток Монголиа ХХК нь шатахуун түгээх станцаа, Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралт, Монгол Улсын барилгын норм ба дүрэм, “Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм”-ын 5-д “...хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого шаардлагыг хангасан байршилд энэ бүлгийн болон холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлага хангасан байхаар төлөвлөнө” гэснийг зөрчиж,  Дорнод аймгийн Хэрлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй /гэр бүлийн хэрэгцээний зориулалтын/ газарт, айлын амьдрах орчинд, хөрш зэргэлдээ, хашаатай нь тулгаж, шатахуун түгээх станц барихаар төлөвлөөгүй  газарт барьсан ба Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь ийм боломж олгож Гранд Восток Монголиа ХХК-д “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” хууль бус захирамж гаргасан байна.

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга: “...иргэн Ц.Содбаяр нь Хэрлэн сумын 3-р багийн Бумбатын “Б” 0-03а, 0-04, 0-05, 0-06 тоотын тус бүр 700 мкв, нийт 2800 мкв талбай бүхий газрын өмчлөх эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу сумын Засаг даргын 2016 оны А/03 тоот захирамжаар газар өмчлөх эрхийг нь дуусгавар болгосон. .... иргэн Ц.Содбаяр тухайн газрыг  Гранд Восток Монголиа ХХК-ийн нэр дээр шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших хүсэлт ирүүлсэн. ..... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг гаргасан” гэсэн хариу тайлбар[12]-ыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нь: 1. Иргэн Ц.Содбаярын “Газар өмчлөх эрхийг дуусгавар болгох тухай” захирамж гаргасан ба тухайн захирамж гарснаар, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2. , Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэснийг хүлээн зөвшөөрчээ.

2. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана” гэж заасан. Энэ дагуу иргэн Ц.Содбаяр шатахуун түгээх станц, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших хүсэлт Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад гаргасан гэдгийг нотолж байна.

3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамж гарсан боловч  тухайн газар нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байна. Иймд хариуцагч хууль бус захирамж гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар шүүхэд ирүүлсэн гэж үзлээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2015 оны 8 дугаар сараас эхлэн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бумбатад шатахуун түгээх станц байгуулахаар судалгаа хийж тухайн нутаг дэвсгэрийн 4 айлаас 2800 мкв газрыг худалдан авч газар шорооны ажлыг эхлүүлсэн, ...манай колонкийн үйл ажиллагаа явуулж байгаа газар нь иргэн Л.Наранбаярын газартай хэт ойр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, ...анх колонк барихдаа мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл хүсэж стандартад заагдсан хэмжээний зайд колонкоо барьж байгуулсан. ...мөн  нэхэмжлэгч нь Гранд Восток Монголиа  ХХК-нь газар эзэмших зөвшөөрөл авахдаа Газрын тухай хуульд зааснаар газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар аваагүй гэснийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, ... өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь шинээр анх олгож буй газарт хамаарна. Гранд Восток Монголиа  ХХК-нь төрөөс үнэгүйгээр, газрын тухай хууль зөрчиж цоо шинээр газар авч байгаа үйлдэл биш юм.” гэсэн тайлбар[13]-аа шүүхэд ирүүлжээ. Гранд Восток Монголиа  ХХК-д газар эзэмших зөвшөөрөл хууль ёсны дагуу олгосон гэх нотлох баримт цуглаагүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар нотолж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, мөн хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Наранбаярт олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БАЯСГАЛАН

 

 

 


[1] Хавтаст хэргийн 32-р хуудас

[2] Хавтаст хэргийн 12-р хуудас

[3] Хавтаст хэргийн 66-р хуудас

[4] Хавтаст хэргийн 10-р хуудас

[5] Хавтаст хэргийн 95-96-р хуудас

[6] Хавтаст хэргийн 26-27-р хуудас

[7] Хавтаст хэргийн  190-р хуудас

[8] Хавтаст хэргийн  157-158-р хуудас

[9] Хавтаст хэргийн  166-168-р хуудас

[10] Хавтаст хэргийн  113-116-р хуудас

[11] Хавтаст хэргийн  181-185-р хуудас

[12] Хавтаст хэргийн  20-21-р хуудас

[13] Хавтаст хэргийн 106-107-р хуудас