Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0203

 

2019 оны 4 сарын 10 өдөр           Дугаар 221/МА2019/0203                            Улаанбаатар хот

К.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу К.Д-н нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Дгаас Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор[17] байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисст тус тус холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолын[18] болон сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоолын[19] И-н А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.3-д “Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5-д заасан болон тухайн албан тушаал /ажлын байрны тодорхойлолтод/-ын шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино” гэж тодорхойлсон.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй И.А-ийг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан нь журмын зорилгыг ноцтой зөрчсөн.

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар удирдах ажилтнаар ажиллаж байсан туршлагатай хүнийг бүртгэх ёстой.

И.Алемгүл нь цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлд зааснаар цэцэрлэгийн арга зүйч нь ТҮБД-4 ангилалд хамаарах мэргэжлийн алба хаагч байдаг.

Түр эзгүй байгаа цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоог орлон ажилласныг удирдах ажилтнаар ажиллаж байсан туршлагад хамруулан ойлгосон шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Хэрэгт авагдсан Засаг даргын хоёр удаагийн захирамж байгаа боловч чухам ямар хугацаагаар орлон ажиллаж байсан нь тодорхой бус байна.

Сонгон шалгаруулах комиссын бүртгэлийн комисс нь сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн бусад арга зүйч нарыг бүртгээгүй мөртлөө зөвхөн И.А-д давуу байдал олгож бүртгэсэн. Энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн Т.А-ийн мэдүүлэгт тодорхой бий.

И.А-г бүртгэх болсон үндэслэлээ Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, сонгон шалгаруулах комисс, бүртгэлийн комисс гурван өөр байдлаар тайлбарласан бөгөөд чухам ямар үндэслэлээр бүртгэх болсон нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх зөвтгөж шийвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Дээрх журмын 1.4.3-т зааснаар орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсролын газар зохион байгуулах ёстой. Гэтэл журмын дээрх заалтыг зөрчиж Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч К.Д-аас “И.А ... нь удирдах ажилтнаар огт ажиллаж байгаагүй, зөвхөн цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан, ... бусад цэцэрлэгүүдийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэхээр ирсэн арга зүйч нарыг удирдах ажилтан биш гэж бүртгээгүй мөртлөө зөвхөн И.А-ийг бүртгэсэн нь хууль бус, ... комисс нь шалгуур хангаагүй хүнийг бүртгэж шалгалтад оруулснаас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна,  ... тухайн ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд тухайн үед ажил олгогч надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ... сонгон шалгаруулалт явуулах журамд ажил олгогч нь шинээр сул орон тоо гарсан тохиолдолд 14 хоногийн дотор захиалга өгөх ёстой. Гэтэл 3 жил өнгөрсөн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар нэхэмжлэгч К.Д нь Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байжээ.

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч К.Д оролцож тэнцээгүй талаар Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1425 тоот албан бичигт дурджээ.

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд анх түр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, томилогдсоноосоо хойш тухайн ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтуудад тэнцээгүй зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд И.А нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, тус баримтуудыг үндэслэн сонгон шалгаруулалтад бүртгэсэн талаар гэрч Т.А мэдүүлэг өгсөн байна. Иймд гуравдагч этгээд И.А-ийг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 түүнээс дээш жил багшилсан, удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх”-ыг ерөнхий шаардлагыг хангасан гэж үзэхээр байх бөгөөд тус шаардлагад удирдах ажилтан гэдэгт ямар ажил албан тушаалд, хэдий хугацаагаар ажилласан байх талаар тодорхой заагаагүй байна.

Нэхэмжлэгчийн “сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсролын газар зохион байгуулах ёстой. Гэтэл журмын дээрх заалтыг зөрчиж Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.4.3-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна” гэж заасан боловч Төрийн албаны салбар зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтад оролцсон тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, тус сонгон шалгаруулалттай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн, сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоол, гуравдагч этгээд И.А-г Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч К.Д нь тус сонгон шалгаруулалтад оролцож тэнцээгүй байна.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдээр зөв дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн алдаа гаргасан байх тул залруулсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2019/0008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн” гэсний дараах “тухай хуулийн” гэснийг болон 17, 18, 19 дүгээр ишлэл, зүүлтийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.Д-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[17] Хэргийн 149 дүгээр хуудас

[18] Хэргийн 73 дугаар хуудас

[19] Хэргийн 61-62 дугаар хуудас