Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1338

 

С.Бүжинлхамын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03225 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Бүжинлхамын

Хариуцагч П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нарт холбогдох

           

Худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байрлалтай, 2205011912 дугаарт улсын бүртгэлтэй, 77 метр квадрат амины орон сууц миний өмч юм. Гэтэл П.Мөнхзаяа нь миний өмчийг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах хэлцлээр иргэн Тамирын Сэлэнгийн өмчид шилжүүлсэн байна. Миний зөвшөөрөлгүйгээр миний өмчийг бусдад шилжүүлсэн нь хууль бус байна. Иймд П.Мөнхзаяа Т.Сэлэнгэ нарын хийсэн 2205011912 дугаарт улсын бүртгэлтэй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Мөнхзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ягаан шүүхэд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоот газарГ-2205000674 улсын бүртгэлтэй, байшин Y-2205011912 улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Т.Сэлэнгийн мэдэлд шилжсэн гэдэг албан тоотыг 2015 оны 3 дугаар сарын 23-нд шүүхэд ирүүлсэн байдаг. П.Мөнхзаяа болон Т.Сэлэнгэ нарын хооронд хийгдсэн хэлцэл, гэрээ нь хууль ёсны үндэслэлтэй тул С.Бүжинлхам гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Энэ асуудлаар урьд нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны 1149 тоот шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсаар байтал өөр дүүргийн шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. С.Бүжинлхам нь энэ үл хөдлөх хөрөнгөө Л.Азжаргал гэгчид худалдаж, Л.Азжаргал нь П.Мөнхзаяад 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Сэлэнгэ нь С.Бүжинлхам гэдэг хүнийг танихгүй, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Сэлэнгэ нь Y-2205011912, Г-2205000674 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь юм. С.Бүжинлхам нь өдийг хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоот газар, хувийн сууцыг чөлөөлж өгөхгүй шүүхээр маргаан үүсгээд хугацаа хожоод явна. Т.Сэлэнгэ нь сууц болон газраа чөлөөлүүлэхээр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Бүжинлхам П.Мөнхзаяа гэдэг 2 хүний маргаанд Т.Сэлэнгэ ямар ч холбогдолгүй өөрийн худалдаж авсан хувийн сууцаа эзэмшиж чадахгүй хохирч явна. Иймд асуудлыг хурдан шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлснээр тухайн хашаа байшин, газар нь түүний эзэмшлийнх бөгөөд хууль ёсны өмчлөгч нь биш юм. С.Бүжинлхамыг тухайн хашаа байшин болон газрын өмчлөгч болохыг нотолсон баримт хэргийн материалд байхгүй. С.Бүжинлхам тухайн хашаа байшин, газрыг Л.Азжаргалд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар С.Бүжинлхам нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Дээрх хашаа байшин болон газар урьд нь С.Бүжинхамын нэр дээр байсан гэдэгт маргахгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээгээр Л.Азжаргалд шилжүүлсэн байдаг. Ингээд Л.Азжаргал нь П.Мөнхзаяад шилжүүлсэн улмаар П.Мөнхзаяа нь Т.Сэлэнгэд худалдах, худадан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг тул С.Бүжинлхамын эрх ашиг зөрчигдөөгүй болох нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нарын хооронд хийгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байршилтай 249, 89 метр квадрат талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай 77 метр квадрат талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай С.Бүжинлхамын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан С.Бүжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Бүжинлхам нь анх О.Наранбаатар гэгчээс мөнгө зээлж авахдаа барьцаа болон Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байрлалтай газар үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг О.Наранбаатарт өгсөн байна. С.Бүжинлхам О.Наранбаатарт мөнгөө буцаан төлөх хугацаа болмогц П.Мөнхзаяагаас 48 сая төгрөгийн зээл авч О.Наранбаатарт төлж П.Мөнхзаяад өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг П.Мөнхзаяагийн нэр дээр шилжүүлэхийг О.Наранбаатар, Л.Азжаргал нарт хүссэнээр П.Мөнхзаяа үл хөдлөх хөрөнгө болох газар өвлийн сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. П.Мөнхзаяа С.Бүжинлхамын үл хөдлөх хөрөнгийг Т.Сэлэнгэ гэгчид 40 сая төгрөгөөр зарж ашиг олсныхоо дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 40 сая төгрөг нэхэмжилж С.Бүжинлхамаас 40 сая төгрөг гаргуулан авахаар хандсан. Б.Мөнхзаяа барьцаалан авсан үл хөдлөх хөрөнгөө зарж ашиг олоод дараа нь С.Бүжинлхамаас мөн нэхэмжилж давхар ашиг олох замаар хууль бус ажиллагаа явуулж байдаг. Л.Азжаргалаас П.Мөнхзаяагийн нэр дээр буюу түүний өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа үед шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

         Нэхэмжлэгч С.Бүжинлхам нь хариуцагч П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нарт холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж буй хувийн сууц нь бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээгээр бусдад дамжин худалдагдсан, нэхэмжлэгч Б.Бүжинлхам хашаа байшингийн өмчлөгч мөн болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй гэж маргажээ.

 

          Нэхэмжлэгч өөрийнх нь өмчийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн гэсэн үндэслэл заан, хариуцагч П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос үзэхэд дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах бус, анхнаасаа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулгатай гэж үзэхээр байна.  

 

         Улсын  бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 229491 тоот албан  бичигт  эрхийн  улсын бүртгэлийн Ү-2205011912 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн С.Бүжинлхам бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна гэх баримт нь хэрэгт авагдсан байх боловч /хх-5 дугаар хуудас/ нэхэмжлэгч С.Бүжинлхамаас 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр О.Наранбаатарт, Л.Азжаргалаас 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр мөн О.Наранбаатарт дээр дурдсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байршилтай 77 м.кв талбайтай хувийн сууцыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаанд тавих зэрэгт захиран зарцуулахад төлөөлж гарын үсэг зурах гэх мэт эрхийг /хх-7 дүгээр хуудас/ тус тус олгожээ.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд мөн зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгчийн бусад эрх итгэмжлэлийн дагуу үүснэ. Нэхэмжлэгч С.Бүжинлхам хувийн сууцаа 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Л.Азжаргалд, 2012 оны 9 дүгээр сарын 27-нд О.Наранбаатараас П.Мөнхзаяад, хамгийн сүүлд 2014 оны 7 дугаар сарын 22-нд П.Мөнхзаяагаас Т.Сэлэнгэтэй орон сууцыг худалдаж, худалдах худалдан авах гэрээ /хх-78 дахь тал/ байгуулснаар Т.Сэлэнгэ уг сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байгааг хууль бус гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар дээрх хэлцлүүд Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр худалдан авагч талууд нь тухай бүр өмчлөх эрхтэй болсон гэж үзнэ. 

 

        Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нар 2014 оны 7 дугаар сарын 22-нд байгуулсан “Хувийн сууц худалдах, худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн байх тул С.Бүжинлхамын өмчлөлийн хувийн орон сууцыг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн гэх боломжгүй гэсэн нь хуульд нийцсэн байна.

 

        Түүнчлэн нэхэмжлэгчээс хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол хэлцлийн үр дагаврыг хэрхэн хангуулах, энэ талаар ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй байх ба нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус нэхэмжлэлийг ханган  шийдвэрлэх боломжгүй байжээ.

 

Хариуцагч Т.Сэлэнгийн хувьд худалдан авч буй маргаан бүхий хувийн сууц нь   М.Мөнхзаяагийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч этгээдтэй хэлцэл хийсэн гэж үзнэ.

       

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 01 дүгээр сарын 19-ний 101/ШШ2016/00733 дугаар шийдвэрээр Л.Азжаргалд холбогдох 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хувийн сууц болон худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай С.Бүжинлхамын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн /хх-132-135 дугаар хуудас/ нь тус хэрэгт хамааралгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

  

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                                             Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Д.БАЙГАЛМАА