Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 180

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Шүүгдэгч, хохирогч Ж.Б , түүний өмгөөлөгч Б.Галхүү,

Шүүгдэгч, хохирогч С.Н , түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б , С.Н  нарт холбогдох эрүүгийн 1806 06305 2038 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй,   тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай,  Ж  Б .

        2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, “  гоо сайханы зөвлөх ажилтай, ам бүл 4, эцэг, эх охины хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй,

       Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай,    С  Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны урд зам дээр хохирогч С Н зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Н  нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны урд зам дээр хохирогч Ж.Б ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ж.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... Миний биед С.Н  гэмтэл учруулсан. Одоогоор гомдол саналгүй.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.Н  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.Одоогоор гомдол саналгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас Ж.Б ийн хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн тайлбар, мэдүүлэг /хх-3, 5-6, 10, 57/, С.Н гийн хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-8-9, 12, 59, 61, 73/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-74, 79/, гэрч Ж.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-18/, гэрч Ю.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-16, 49, 67/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 248 дугаартай тогтоол /хх-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9268, 9294 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-21, 23/, гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-52/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-85/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30, 34/, шинээр эвлэрлийн гэрээ 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Ж Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны урд зам дээр хохирогч С Нямсүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 Шүүгдэгч С.Н  нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны урд зам дээр хохирогч Ж.Б ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б ийн өгсөн. “...2018 оны 7 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчим би Ю.Отгонбаярт утсаар “хоол ундны мөнгө байхгүй болчихлоо, мөнгө өг” гэхэд Ю.Отгонбаяр миний карт руу дансаар 40.000 төгрөг шилжүүлсэн. Орой 21 цагийн үед манай хашааны гадаа приус маркийн машин ирж зогсоод гаднаас “Ю.Отгонбаяраас мөнгө авдаг хэн бэ чи” гээд эмэгтэй хүн орилоод байсан. Харсан чинь С.Н  машины цонхоо онгойлгоод чарлаад байсан. Би гарч уулзаагүй. Тэгсэн орой 23 цагийн орчим дахин С.Н  гэрийн гадаа ирээд Ю.Отгонбаяр тэр хоёр орилоод байхаар нь гараад очиход манай нөхөр Ю.Отгонбаяр “яах гэж хүн рүү залгаад гай болоод байгаа юм” гэж хэлэхээр би орилсон чинь манай эгч гэрээс гарч ирээд “давраад байгаарай новшнууд минь” гэж хэлсэн чинь С.Н  машинтайгаа хөдөлөөд явсан. Тэгээд Ю.Отгонбаяр С.Н тэй хамт яваад өгөхөөр нь би гэртээ ороод дээшээ гудамж руу гарсан чинь С.Н  нэг намхан ахтай хамт ирж яваа харагдахаар нь би очоод “давараад байгаарай” гэж хэрэлдээд С.Н  намайг цээж рүү түлхэхээр нь би нүүрэн тус газар нь нэг удаа цохиход хамт явсан намхан залуу нь намайг бариад автал С.Н  миний гар, толгой руу гараараа цохихоор нь би тэр ахаас мултараад С.Н г үсдсэн чинь тэр намхан ах нь дахиад намайг бариад авсан чинь С.Н  миний гэдэс рүү өшиглөсөн. Тухайн үед миний гар толгой хавдсан.” /хх-5-6/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Н гийн өгсөн: “....2018 оны 7 сарын 27-ны өдөр би Ю.Отгонбаяраас өмнө нь зээлдүүлсэн байсан нэг сая гаран төгрөг авах гэж 20 цагийн орчим “Да Хүрээ” зах дээр очиход “манай гэр рүү явъя, би эхнэрээсээ асууж байгаад өгье” гээд Ю.Отгонбаярын гэрийн гадаа очиж зогссон. Тэгсэн чинь Ю.Отгонбаяр машинаас буухгүй байхаар нь тэндээс хөдөлөед 13 дугаар хороолол орж эгчийг авч гэрт нь буулгаад эргээд Ю.Отгонбаярын гэрийн гадаа очиж зогссон чинь Ю.Отгонбаярын эхнэр Ж.Б  эгчийн хамт гарч ирээд над руу дайрсан чинь Ю.Отгонбаяр эхнэрийнхээ хоёр гараас барьж аваад цаашаа явсан. Эгч нь миний араас чулуу шидэхээр нь би хөдлөөд зам дээр машинаа тавиад хүүхдээ дагуулаад гэрт нь очиход Ю.Отгонбаяр, Ж.Б  хоёр гудамжинд зогсож байсан. Би очоод Ж.Б т “нөхрөөс нь зээлсэн мөнгөө авах гэж ирсэн чинь танай нөхөр машинаас буухгүй байсан” гэж хэлсэн. Тэгээд Ж.Б  худгийн цаад руу ороход Ю.Отгонбаяр намайг “чи одоо эндээс явчих, би чамайг гудамжнаас гаргаад өгье” гэж хэлээд дагуулж яваад гудамжнаас такси бариад “эндээс суугаад машин дээрээ оччих” гэж хэлээд би тэр такситай нь машин дээрээ очоод хаалгаа онгойлгоод суух гэтэл хэн нэгэн намайг үсдээд, машинаас чирч гаргаад нүүр рүү цохиод хамраас цус гараад би доошоо хамраа дараад суухад миний гар руу өшиглөсөн. Тэгсэн Ю.Отгонбаярын эхнэр С.Батчимэг намайг таксинд суугаад машин дээрээ очиход гудамжны завсраар миний машин дээр хүрээд ирсэн байсан юм байна лээ.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Ж.Батцэцэгийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг 30 минутын орчим манай дүү Ж.Б  “Отгонбаярын нөгөө хүүхэн нь ирсэн байна” гэж надад хэлэхээр нь би “нялх хүүхэдтэй байж гараад хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд Ж.Б  гараагүй. Орой 23 цагийн орчим намайг юм оёод сууж байхад Ж.Б  орж ирээд “нөгөө хүүхэн нь дахиад ирчихсэн байна” гэхээр нь “гараад хэрэггүй” гэхэд “хүүхдүүд унтсан юм чинь гарчихаад ирье" гээд гараад явсан. Тэгээд удаад байхаар нь би санаа зовоод гарсан чинь гадаа байхгүй, төв замын арын гудамжнаас ганцаараа ирж байсан. Тэгээд бид хоёр гэрт орсоны дараа надад “С.Н  гэдэг хүүхэн намайг нэг залуугаар бариулж байгаад зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд 5-10 минутын дараа “дотор муухай оргиод гэдсээр өвдөөд байна” гэхээр нь цагдаа дуудсан юм. Тухайн үед Ж.Б  нүүр нь улайчихсан, үс нь сэгсийсзн юм орж ирсэн.” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ж.Б ийн биед тархи доргилт, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-21/ гэх дүгнэлт, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9394 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ж.Б ийн биед хамрын таславчийн хугарал зөөлөн эдийн няцрал. баруун сарвуу. зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-21/ гэх дүгнэлт, 

 

Гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-52/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-85/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-74, 78-79/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-30, 34/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ж.Б , С.Н  нарын 2018 оны 7 дугаар сарын       27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны урд зам дээр харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Н  өмнө нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан байх бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолд шинэ хууль зүйн дүгнэлт хийж шинээр ял шийтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан өмнөх шийтгэх тогтоолыг хөндөлгүй орхих шинэ Эрүүгийн хууль хэрэглээний жишиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан зорилго, зарчимд нийцнэ. Иймд шүүгдэгч С.Н г анх удаагаа гэмт үйлдсэн гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Б , С.Н  нарт ял шийтгэл оногдуулахдаа цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч  Ж  Б ,   С  Н  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Б , С.Н  нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Б , С.Н  нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Б , С.Н  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

         5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Б , С.Н  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

         6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Б , С.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Б , С.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС