| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0860/э |
| Дугаар | 888 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч С.С, С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Сайнхүүгийн Сайнжаргал, Тайж овогт Сайнхүүгийн Нямбазар нарт холбогдох эрүүгийн “1811016191037” дугаартай, 186/2018/0860/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, нарийн бичгийн ажилтан, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, Нарантуул ОУХТ-д хивс борлуулдаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 48 дугаар гудамжны 774 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овогтой Сайнхүүгийн Сайнжаргал /РД:ХЖ87100612/,
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мон Алтиус биеийн тамирын дээд сургуульд багш, дасгалжуулагчийн 3 курсын оюутан. ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 48 дугаар гудамжны 774 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овогтой Сайнхүүгийн Нямбазар /РД:УХ96090176/,
Холбогдсон хэргийн талаар:
С.С, С.Н нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 26-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 48 дугаар гудамжны 774-А тоот хашааны гадаа хохирогч Б.Баттөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, уруулд язрал, цус хуралт, зүүн шуу өвдөг, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч С.Сайнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
1.2. Шүүгдэгч С.Нямбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баттөрийн:..2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтайгаас ирээд жолооч Баянмөнхийг буулгаж өгөх гээд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны орчим ирсэн. Тэгээд Баянмөнхийг буулгаж явуулчихаад хөдлөх гэтэл зүс таних /Улаанаа/ Сайнжаргал согтуу ирсэн. Би урьд нь улаанаад машины дугуй зарж байсан. Тэгтэл дараа нь дугуй чинь хагархай байна гээд байсан. Тэр өдөр ирчихээд тэрнээс л болж маргалдсан гэж би бодсон. Ганц юмны мөнгө өг гээд байсан. Би машинд сууж байтал учиргүй шууд толгой руу цохьсон. Би буугаад очтол миний уруул руу цохьсон. Дүү нь гэх залуу гарч ирээд намайг зодох гээд хоёулаа хөөсөн. Би зугтаасан. Би зугтаж байгаад хөл алдаад унахад энэ хоёр нийлээд дээрээс нүдсэн. Миний биед учирсан гэмтлийг Сайнжаргал дүүтэйгээ нийлж учруулсан гэх мэдүүлэг. /хх 16-27/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Баярмөнхийн:..Би Сайнжаргалтай хамт архи уусан. Энэ үедээ би тасарчихсан байсан учир болсон үйл явдлыг санахгүй байна гэх мэдүүлэг. /хх 31-33/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6802 дугаартай актын:
1.2. Б.Баттөрийн биед тархи доргилт, уруулд язрал, цус хуралт, зүүн шуу өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт. /хх-62/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1 Хавтас хэргээс улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 17-27 дугаар хуудас, 65 дугаар хуудас, 53-57 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч С.С, С.Н нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 26-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 48 дугаар гудамжны 774-А тоот хашааны гадаа хохирогч Б.Баттөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, уруулд язрал, цус хуралт, зүүн шуу өвдөг, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Баттөрийн:..2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтайгаас ирээд жолооч Баянмөнхийг буулгаж өгөх гээд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны орчим ирсэн. Тэгээд Баянмөнхийг буулгаж явуулчихаад хөдлөх гэтэл зүс таних /Улаанаа/ Сайнжаргал согтуу ирсэн. Би урьд нь улаанаад машины дугуй зарж байсан. Тэгтэл дараа нь дугуй чинь хагархай байна гээд байсан. Тэр өдөр ирчихээд тэрнээс л болж маргалдсан гэж би бодсон. Ганц юмны мөнгө өг гээд байсан. Би машинд сууж байтал учиргүй шууд толгой руу цохьсон. Би буугаад очтол миний уруул руу цохьсон. Дүү нь гэх залуу гарч ирээд намайг зодох гээд хоёулаа хөөсөн. Би зугтаасан. Би зугтаж байгаад хөл алдаад унахад энэ хоёр нийлээд дээрээс нүдсэн. Миний биед учирсан гэмтлийг Сайнжаргал дүүтэйгээ нийлж учруулсан гэх мэдүүлэг. /хх 16-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6802 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Сайнжаргал, Нямбазар нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Тайж овогт Сайнхүүгийн Сайнжаргал, Тайж овогт Сайнхүүгийн Нямбазар нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.С, С.Н нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С.С, С.Н нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон шүүгдэгч С.Сайжаргалыг 400 цаг, С.Нямбазарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.С, С.Н нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Сайнхүүгийн Сайнжаргал, Тайж овогт Сайнхүүгийн Нямбазар нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Сайнхүүгийн Сайнжаргалыг 400 цаг, Тайж овогт Сайнхүүгийн Нямбазарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.С, С.Н нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.С, С.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч С.С, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, С.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ