Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2023/00026

 

2023 03 23 207/МА2023/00026

 

 

Д.А-ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч С.У, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/.... дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Д.А-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.А-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.А- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1983-1986 он хүртэл З аймаг Э сумын Бага нуур бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрхи үеийн ажилласан архивын лавлагаа баримт олдохгүй байгаа тул З аймгийн Э сумын Бага нуур бригадад 1983-1986 онд малчнаар ажиллаж байсан байдал сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/.... дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6. дахь хэсэгт заасныг баримтлан Ш овгийн Д А /регистрийн дугаар ........................../-ийг З аймгийн Э сумын Бага нуур бригадад 1983-1986 онд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэхь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Д.А- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142\ШШ2023/... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэспэл бүхий байна. шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үндэслэл нь: Анхан шатны шүүх ...Д.А- нь дээрх 1983-1986 онуудад З аймгийн Э сумын Бага нуур" бригадад малчнаар ажиллаж байсан нь болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. ...Д.А-ын хүсэлт нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэснийг зөвшөөрөхгүй байна.Учир нь:1.Д.А- би 1983 онд 8-р анги төгсөөд \16 настай\ Хэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж эхэлсэн. Цэргийн албанд 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдөр татагдсан. Цэргийн лавлагаа хэрэгт бий. 1990 оноос өмнө социализмын үед Х-д 15 наснаас биеийн хүчин үнэлж, эцэг эхийн хамт мал маллаж, цэргийн албанаас татагдан ирээд 1989 оноос өрх тусгаарлан гарч, Д.А-ынх гэх өрх бий болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Өнөөг хүртэл малаа малласаар л явна. Гэрч Т.О ...Манай аавынхантай хамт өвөлждөг байсан... миний бие 1983 оноос хойш Э суманд мал маллаж байсан...Д.А- энэ хугацаанд малчин байсан наториатаар баталгаажуулж, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон байна. Үе тэнгийн бие биеэ сайн мэдэх нэг нутаг усны хүмүүс байна. Гэрч И.Г шүүх хуралдаанд 1983 онд 8 дугаар анги төгсөөд З аймгийн Э суманд ах, дүү нартайгаа маллаж байгаад 1986 онд цэрэгт явсан... гэж мэдүүлжээ. ХХ-ийн 8-р хуудас А.У- наториатаар баталгаажуулсан тодорхойлолт эдгээр баримтуудыг шүүх үнэлэхдээ хэтэрхий нэг талыг буюу хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...А.У-ын шүүхэд гаргасан тодорхойлолт\хх-8\, Т.Оийн шүүхэд гаргасан тодорхойлолт\хх-9\, А.У-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар\хх-10\, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1332 дугаартай архивын лавлагаа\хх-12\, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2888 дугаартай архивын лавлагаа\хх-19\, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 674 дугаартай архивын лавлагаа \xx-16\ зэрэг баримтууд гаргаж өгсөн гэж дурьдсан боловч дээрх баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн, үнэлээгүй үндэслэлээ дурьдаагүй байна. Нотлох баримтыг дахин бүрдүүлэхээр хурлыг нэг удаа хойшлуулжээ. Энэ хугацаанд З аймгийн Э сумын ЗДТГ-аас ирүүлсэн Д.А-ыг мал маллаж байсан... тухай албан бичиг, З аймгийн Архивын тасгаас ирүүлсэн тодорхойлолтыг үнэлээгүй талаар шийдвэрт дурьдаагүй байна. Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй алдааг залруулж, ... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэнэ үү. Шүүх хуралдаанд сонгон авсан өмгөөлөгч Б.Дгийн хамт оролцоно. Эрх зүнйт туслалцаа үзүүлэх гэрээг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ :

Хүсэлт гаргагч Д.А- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6. дахь хэсэгт заасныг баримтлан Ш овгийн Д А /регистрийн дугаар ........................../-ийг З аймгийн Э сумын Бага нуур бригадад 1983-1986 онд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2.-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 118.4.-д үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг анхан шатны шүүх зөрчжээ.

Хүсэлт гаргагч Д.А-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч Д.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/.... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагч Д.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б