Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2023/00028

 

2023 03 30 207/МА2023/00028

 

 

С.Л-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.П-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.П-т холбогдох,

Барааны дутаасны төлбөр 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Л-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагч Т.П-, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Л би 2005 оноос эхлэн Х худалдааны төвд гэр ахуйн барааны лангуу ажиллуулж эхэлсэн юм. 2013 оноос Ж.Э гэх эмэгтэйг худалдагчаар ажиллуулсан ба тэрээр 2016 он хүртэл ямар нэг асуудал гаргахгүй сайн ажиллаж байсан. 2016 онд манай нөхрийн бие өвдөж нөхрөө сахиж явсаар 2017 онд нас барсан, дараа нь ээжийн маань бие өвдөж мөн л сахиж асарч байгаад ээж маань 2018 онд бурхан болж энэ он жилүүдэд миний сэтгэл санаа хүнд өөрийн бие ч сайнгүй байсан тул худалдагчдаа итгэж энэ хугацаанд тооллого хийгээгүй нэмж бараа татаж өгдөг байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сард барааны үлдэгдэл багасаад бэлэн мөнгө өгөх нь ч муудсан тул худалдагч Э-ы лангууны бараанд тооллого хийхэд 49.094.000 /дөчин есөн сая ерэн дөрвөн мянган/ төгрөг бэлэн мөнгөөр дутсан, бараа нь зарагдсан байсан. Худалдагч Э-ыг яагаад их хэмжээний дутагдал гаргасан талаар асуухад тэрээр өөрийн хүү П.Б-аа дагуулан манай гэрт ирсэн. Тэрээр тайлбарлахдаа хүү Б Б ХХК-д ажилладаг бөгөөд ажил дээрээ мөрийтэй тоглож, архи ууж бусадтай маргалдаж хүн зодож тэр хүнийхээ хавиргыг хугалж, шүдийг нь хугалж, тархинд нь гэмтэл учруулж цагдаагын газарт шалгагдаж эрүүгийн хэрэг үүсэж, шүүхэд шилжиж, хохирогчийн хохирлыг төлж байж л тэнсэн авах, хохирол төлөхгүй бол 3,5 жилээр хорих ял авах байсан тул таны мөнгөөр хохиролоо төлж хүүгээ ялгүй гаргасан гэдгээ хэлсэн. Мөн Дэнжид байрлалтай 8 нэрийн хүнсний дэлгүүрийг худалдан авахдаа миний лангууны орлогоор авсан байсныг би сүүлд мэдсэн. Тэр үед Э- түүний нөхөр П нар бид таны мөнгийг 2018 онд багтааж 20 000 000 төгрөг, 2019 онд 29 000 000 төгрөгийн бараа материалаа 06 сард гэхэд дуусгана гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч цувуулан өгсөөр 10 000 000 төгрөг өгч үлдэх 39 094 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Ж.Э 2019-07-20-ны өдөр ажилдаа ирээгүй миний лангууг хаяаад явсан байсан. Түүнийг ирж бараагаа хүлээлгэн өгч тооллого хийлгэхийг шаардахад утас нь холбогдохгүй сураггүй алга болсон тул үлдэгдэл бараагаа тоолж үзэхэд нэмээд 7 000 000 төгрөгний бараа дутаасан байсан. Үүний дараахан нөхөр Т.П-ыг 2019-8-15-ны өдөр олж уулзахад миний мөнгөөр худалдан авсан 8 нэрийн хүнсний дэлгүүрээ худалдаад 20 000 000 төгрөгийг Би дэлгүүрээ зараад 20 000 000 төгрөг өгч төлнө гэж гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн. Гэвч түүнээс хойш П удахгүй төлнө гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгсөнгүй, дэлгүүрээ худалдсан болохыг сүүлд мэдсэн. Эхнэр Ж.Э Турк улс руу явсан байсан, фэйсбүүк мессэнжрээр холбогдоход таны мөнгийг төлнөө эгчээ гэж байнга л бичдэг байсан, одоо хаягаа устгасан уу намайг блоклосон уу холбогдохоо больсон. Эхнэр нөхөр 2 намайг анхнаасаа л зөөлчилж, миний ар гэрийн гачигдалтай байсан үеийг ашиглан миний барааг зарсан мөнгөөр дэлгүүр худалдан авч, хүүхдийнхээ өр ширийг дарж байсан нь дэндүү муухай увайгүй үйлдэл хийж, өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй ганц бие намайг дэндүү элэг барьж байна. Аргаа бараад шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй гэж шүүх нэхэмжпэлийг буцаасан тул би дахин хүсэлт гарган харуцагч нарыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж Цагдаа эрэн сурвалжилж хариуцагч Т.П-ын оршин сууж байгаа хаягыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичиг ирүүлсэн байна. Т.П- нь эхнэр Э-ы төлөх ёстой 39 094 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг төл барагдуулна гэж бичгээр баталгаа гаргасан тул 20 000 000 төгрөгийг Т.П-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.П- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие С.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр Ж.Э хэдийгээр манай эхнэр хэдий ч би энэ хоёр хоорондоо ямар гэрээ хийж яаж ажиллаж байсныг мэдэхгүй. Ямартай ч манай эхнэр барааны захад лангуун дээр суудаг л байсан. Би хааяа ажилд нь хүргэж өгч авч байсан. Би өөрөө Б компанид сахиулаар ажилладаг. Би ийм их өртэй гэж огт мэдээгүй. Тэгээд банкнаас 15 сая төгрөг, би цалингийн зээл 10 сая төгрөг зээлээд дэлгүүр худалдаж авсан. Гэтэл гэнэт Турк явахаар болсон. Би хориод дийлээгүй. 3 сар ажиллаад л ирнэ гэсэн. Одоо болтол ирээгүй. Өөрөө очоод ажил хийж мөнгө олно л гэсэн. Банкны өр яах вэ гэсэн би ажил хийгээд төлнө л гэсэн. Би өөр өртэй байсныг мэдэхгүй. Гэвч төлөхгүй байсаар банк барьцаанд тавьсан дэлгүүрийг хураагаад авчихсан. Хааяа FB-ээр л холбогддог. Ойрд харин холбогдохгүй байна. Ийм учраас би энэ өрийн талаар огт мэдэхгүй учир энэ нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мэдэх хүн Ж.Эаас нь авах ёстой байх. Би юу мэдэж хүний өмнөөс хариуцлага хүлээх вэ. Боломжгүй байна. Хүүхдийн хохирогчид төлсөн төлбөр тийм их мөнгө гараагүй. 3 сая орчим төгрөг төлсөн санаж байна. Харин үүнийг манай эхнэр гаргасан хаанаас яаж авсныг мэдэхгүй, надад хэлээгүй. Ер нь надад тэглээ ингэлээ гэж огт хэлдэггүй. Өөрөө л болгоод яваад байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2023/000083 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1.-д заасныг баримтлан Т.П-д холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Ж.Э худалдагчаар ажиллаж байхдаа 49.000.000 төгрөг дутааж түүгээр хүүгээ Эрүүгийн хэргээс чөлөөлж тэнсэн харгалзах ял авахуулсан мөн Дэнжид дэлгүүр авахад хэрэглэсэн гэдгээ хэлсэн.Нөхөр Пын хамт 20.000.000, 29.000.000 төгрөгөөр хувааж өгнө гэсэн боловч 10.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 39.000.000 төгрөгийг өгөөгүй.Үүнийг нотолсон Т.П-ын гарын үсэг бүхий баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Надад эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй тул миний эрхийг зөрчсөн байна гэж ойлгож байна гэжээ.

Хариуцагч Т.П- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би энэ хэргийг хариуцах хүн биш. Би эхнэрээ ийм өртэй гэж мэдээгүй. Дэлгүүр хураалгаагүй байхдаа зараад 20.000.000 төгрөг өгнө гэж бичиг хийж өгсөн нь үнэн. Гэхдээ одоо бол чадахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Т.П-т холбогдуулан бараа дутаасны төлбөр 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.4.-д заасныг баримтлан Т.П-д холбогдох 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Ж.Э нь нэхэмжлэгч С.Лтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 2013 оноос эхлэн гэр ахуйн бараа зардаг лангуун дээр худалдагчаар ажиллаж эхэлжээ.

2018 оны 10 дугаар сард бараагаа тоолж үзэхэд 49.094.000 төгрөгийн дутагдал гаргасан болох нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1.-д Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, 234.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ, 234.4.-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж тус тус заажээ.

Гэрээний доод хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 1 ны тооллогоор үлдэгдэл 67.325.000 байхаас 18.230.000 байсан. Бараа материалын зөрүү нь 49.094.000 төгрөг дутсан. 12 сардаа багтааж 20.000.0 сая төгрөгийн бараа материалыг бэлэн болгоно. Үлдсэн зөрүүгээсээ 2019 онд 29.000.0 сая төгрөгийн бараа материалаа 06 сар гэхэд дуусгана. 2019 он 08 -15 нд Би дэлгүүрээ зараад 20.000.000 төгрөг өгч төлнө ..., гэж Т.П- гарын үсэг зурж баталгаа гаргажээ.

Хариуцагч Т.П- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Би энэ өрийн талаар огт мэдэхгүй учир энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэсэн агуулгатай тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Т.П-ын өгсөн тайлбараар хариуцагч Т.П- нь 2.000.000 төгрөг, Ж.Э 8.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Т.П-ыг өр, төлбөрийн талаар мэдээгүй гэж үзэх боломжгүй болно.

Нэхэмжлэгч С.Л-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Иймд хариуцагч Т.П-аас бараа дутаасны төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Лд олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч С.Л-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 257.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4.-д заасныг баримтлан Т.П-д холбогдох 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хариуцагч Т.П-аас бараа дутаасны төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Лд олгосугай... гэж ,

Шийдвэрийн 2 дах заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.П-аас улсын тэмдэгтийн хураамжинд 257.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Лд олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч С.Л-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 257.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б