Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 891

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батнай  овогт Батсүхийн Батбаярт холбогдох эрүүгийн “1811023401128” дугаартай, 186/2018/0845/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн боовны эсгэгч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 23-549Б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Батнай овогтой Батсүхийн Батбаяр                     /РД:ЦД87103018/,

Холбогдсон хэргийн талаар;

Б.Бнь 2018 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хайлаастын 23 дугаар гудамжинд Э.Энхтөгсийг эхнэртэй нь маргалдсаны улмаас хавсарч унагаан биед нь дух, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шанаа чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг: Шүүгдэгч Б.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би машинаараа 8 цагт гэртээ ирэхэд 2 найзтайгаа пиво уусан нэг залуутай маргалдаад байж байсан. Би боль гэхэд надруу дайраад байхаар нь хавираад унагаасан гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч З.Энхтөгсийн:...миний бие 2018 оны 08 дугаар сарын 19-ний орой гэрлүүгээ харих гээд Чингэлтэй дүүргийн      14-р хороо, Хайлаастын 23-р гудамжинд явж байхад манай гэрийн баруун талд үл таних 3-4 залуу хоорондоо маргалдаж чангаар орилоод байсан учир би тар нар битгий орилолдоод бай. Наана чинь хөгшин настай, өвчтэй хүн байгаа гэхэд чи муу дуугүй бай, чамд ямар хамаатай юм бэ гэхэд шууд 3-4 үүлээ намайг газар унагааж зодсон. Тэгэхээр нь би цагдаад  дуудлага өглөө гэхэд уг залуус зугтаагаад алга болсон. Уг  залуусыг би харвал танина. Нэг залуу нь бол манай хажууд одоо ч гэсэн амьдардаг. Намайг тухайн үед Батбаяраас өөр хүн зодоогүй. Намайг Батбаяр баруун хөлөөрөө хавирч унагаах үед би зүүн талын нүүрээрээ харуулдаж унасан. Миний эмчилгээний зардлыг Батбаяр надад гаргаж өгсөн гэх мэдүүлэг. /хх 14-15/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Сарангэрэлийн:...манайх 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шинээр Хайлааст 23-549 тоот хашаанд түрээсээр амьдрахаар болж гэр авч ирж тавиад 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ барьж дуусгаад манай нөхөр Б.Б16 цагийн орчим машинаар халтуур хийх гээд гарч явсан. Манай найз Энхжин, Цэвэлмаа нар ирсэн учир дэлгүүр орж 2,5 литрийн савтай Нийслэл гэсэн 3 сав пиво авч манай гэрт уусан. Манай нөхөр машинтайгаа гудамж руу орж ирсэн. Ингээд нөхөр Батбаяр машинаасаа бууж хашаанд орж ирээд тэр залууг яаж байгаа юм бэ, хашаанаас гар гэхэд намайг зод, би хэлдэг газар нь хэлнэ гээд манай нөхөр лүү дайраад хувцаснаас нь заамдаж аваад байсан тул манай нөхөр уурлаад түүнийг нэг удаа хавирч унагаасан. Энэ үед тэр залуугийн хашаанаас эгч нь гарч ирээд намайг болон гэр бүлийг маань доромжилсон гэх мэдүүлэг. /хх 24-25/,

             2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч А.Энхжингийн:..Сарангэрэл, Цэвэлмаа хоёр нэг үл таних залуутай маргалдаж байсан. Уг залуу нь би эндэхийн атаман байна, та нар хаанаас ирчихээд томроод байгаа юм гээд маргалдаж байх үед Сарангэрэлийн нөхөр Батбаяр гудамжаар машинтайгаа орж ирээд машинаас буугаад нөгөө залууг юу болоод байгаа юм бэ, боль гэхэд нөгөө согтуу залуу зүгээр байхгүй өөдөөс нь барьж авах гээд байхаар нь Батбаяр түүнийг хавираад газар унагаасан. Гэтэл нөгөө залуу орилж хашгираад байтал хашаанаас 1 эмэгтэй гарч ирсэн тул би явлаа гээд тэд нарыг орхиод харьсан гэх мэдүүлэг. /хх 31-32/,

             2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Намсрайжавын:..Уг дуудлагаар очих үед зодуулсан гэх залуу зүүн нүднийхээ дээхэн талд шархны лент наасан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй. Тухайн дуудлагаар очих үед дээд талын айлд ороход нэг эрэгтэй /үсээ ардаа боосон/ залуу байсан гэх мэдүүлэг. /хх 48-49/,

   2.5. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Отгонцэцэгийн:...Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастын 23-549 тоотод гэртээ амарч байхад гадна 20 цагийн орчим хүмүүс шуугилдаад байсан. Тэгэхээр нь энэ үед манай хашааны гадна талд гудамжинд үл таних 4 эмэгтэй, 1 эрэгтэй /үсээ ардаа боосон/ залуу манай хүүг заамдаж аваад, хавираад унагасан юм гэх мэдүүлэг. /хх  49-50/,

 2.6. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10228 тоот актын: 

1. Э.Энхтөгсийн биед дух, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа  зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр  үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Туяа гэсэн  дүнэлт  /хх-54/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 33 дугаар хуудас №10228 дугаартай шинжээчийн дүгнэлт, 14-15 дугаар хуудас хохирогч З.Энхтөгсийн мэдүүлэг, 24-25 дугаар хуудас М.Сарангэрэлийн мэдүүлэг, 31-32 дугаар  хуудас гэрч А.Энхжингийн мэдүүлэг, 48-49 дүгээр хуудас гэрч Г.Намсрайжавын мэдүүлэг, 49-50 дугаар хуудас гэрч С.Отгонцэцэгийн мэдүүлэг, 34-35 дугаар хуудас яллагдадгч Б.Батбаярын мэдүүлэг, 57-58 дугаар хуудас шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хайлаастын 23 дугаар гудамжинд Э.Энхтөгсийг эхнэртэй нь маргалдсаны улмаас хавсарч унагаан биед нь дух, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шанаа чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч хохирогч З.Энхтөгсийн:...наана чинь хөгшин настай, өвчтэй хүн байгаа гэхэд чи муу дуугүй бай, чамд ямар хамаатай юм бэ гэхэд шууд 3-4 үүлээ намайг газар унагааж зодсон. Тэгэхээр нь би цагдаад  дуудлага өглөө гэхэд уг залуус зугтаагаад алга болсон. Уг  залуусыг би харвал танина. Нэг залуу нь бол манай хажууд одоо ч гэсэн амьдардаг. Намайг тухайн үед Батбаяраас өөр хүн зодоогүй. Намайг Батбаяр баруун хөлөөрөө хавирч унагаах үед би зүүн талын нүүрээрээ харуулдаж унасан. Миний эмчилгээний зардлыг Батбаяр надад гаргаж өгсөн гэх мэдүүлэг. /хх 14-15/,  гэрч М.Сарангэрэлийн:...манай нөхөр уурлаад түүнийг нэг удаа хавирч унагаасан. Энэ үед тэр залуугийн хашаанаас эгч нь гарч ирээд намайг болон гэр бүлийг маань доромжилсон гэх мэдүүлэг. /хх 24-25/, гэрч А.Энхжингийн:..Сарангэрэл, Цэвэлмаа хоёр нэг үл таних залуутай маргалдаж байсан. Уг залуу нь би эндэхийн атаман байна, та нар хаанаас ирчихээд томроод байгаа юм гээд маргалдаж байх үед Сарангэрэлийн нөхөр Батбаяр гудамжаар машинтайгаа орж ирээд машинаас буугаад нөгөө залууг юу болоод байгаа юм бэ, боль гэхэд нөгөө согтуу залуу зүгээр байхгүй өөдөөс нь барьж авах гээд байхаар нь Батбаяр түүнийг хавираад газар унагаасан. Гэтэл нөгөө залуу орилж хашгираад байтал хашаанаас 1 эмэгтэй гарч ирсэн тул би явлаа гээд тэд нарыг орхиод харьсан гэх мэдүүлэг. /хх 31-32/,  гэрч Г.Намсрайжавын:..Уг дуудлагаар очих үед зодуулсан гэх залуу зүүн нүднийхээ дээхэн талд шархны лент наасан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй. Тухайн дуудлагаар очих үед дээд талын айлд ороход нэг эрэгтэй /үсээ ардаа боосон/ залуу байсан гэх мэдүүлэг. /хх 48-49/, гэрч С.Отгонцэцэгийн:...Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастын 23-549 тоотод гэртээ амарч байхад гадна 20 цагийн орчим хүмүүс шуугилдаад байсан. Тэгэхээр нь энэ үед манай хашааны гадна талд гудамжинд үл таних 4 эмэгтэй, 1 эрэгтэй /үсээ ардаа боосон/ залуу манай хүүг заамдаж аваад, хавираад унагасан юм гэх мэдүүлэг. /хх  49-50/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10228 тоот дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Энхтөгс нь шүүгдэгч Б.Батбаяртай эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Батбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Батнай  овогт Батсүхийн Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батбаярыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ