| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0848/э |
| Дугаар | 904 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Уранчимэг, хохирогч өмгөөлөгч Г.Баярцэнгэл, шүүгдэгч Б.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батхүүгийн Санчирт холбогдох эрүүгийн “1811023490853” дугаартай, 186/2018/0848/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамж 392 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батхүүгийн Санчир /РД:ФМ73061218/,
Холбогдсон хэргийн талаар
Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саунд вокс каракоед Д.Намжилдуламыг зодож түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хамаатны хүнтэйгээ бааранд тусгаарлагдсан өрөөнд орж суусан. Би олон жил энд байгаагүй. Тэгээд бааранд орсон. Тэгэхэд зодоон үүсээд юу болсон бэ гээд гарсан харин манай дүү Намжилдуламд архи хундагалаад байж байсан. Би дүүгээд хандаж чи яагаад энэ хүнд архи хундагалаад байгаа юм бэ гэж асуусан. Намжилдулам хэл амаар доромжлоод байсан. Уг нь би нэг айхтар хүн гэмтэхээр цохиогүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Намжилдуламын:...би хувиараа дэнжийн 1000-д Саунд вокс гэх караокег түрээслэн ажиллуулдаг. 2018 оны 08 сарын 19-ний өдөр би караоке дээрээ байж байсан. Тэгтэл манай хүргэн талын хамаатан болох Санчир гэх залуу эхнэртэйгээ, 4 хүнтэй хамт 4 дүгээр өрөөнд орсон. Тэд нар гаднаас жаахан уучихсан орж ирсэн. Тэгээд удалгүй тэд нартай хамт явсан нэг залуу өөр ширээнд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаад эхэлсэн, орж гарахдаа маргалдаад байсан, орой 21 цагийн үед би нэг өрөөнд сууж байтал манай зөөгч орж ирээд зодоон болоод байна гэсэн. Би гараад хартал бөөн зодоон болчихсон байсан. Хэн зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би зодооныг нь зохицуулаад байж байтал араас Санчир ирснээ миний шанааруу шууд цохиод авсан. Би айгаад хүүе чи яаж байнаа гэтэл дахиад намайг цохьсон. 3-4 удаа намайг цохьсон. Тэгээд араас нь авгай нь бас өөдөөс хэрүүл хийгээд байсан. Би тэгэхээр нь танай нөхөр намайг цохиод авлаа гэж хэрүүл хийсэн. Тэр үед Санчир гарчихсан байсан. Тэгтэл удалгүй орж ирээд тэкний араас намайг үсдээд доошоо дарсан. Тэкний чулуун тавцан дээр нидрэгдээд нуруу хөхөрсөн байсан. Тэгж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /хх 11-12/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Насантогтохын:... 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр Санчирын хамт түүний 2 найзтай Намжилдуламын ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулдаг караокед ороод дуулаад байж байсан юм тэгсэн чинь Намжилдулам текний хажууд Санчирын найзтай хамт архи уугаад сууж байсан юм тэгсэн чинь Санчирын хамаатны охин болох 8 дугаар ангийн Номингоор архи хундаглуулаад тэнд зодолдсон хүмүүсээс гарсан цусыг арчуулаад байж байсан чинь Санчир энд юу болоод байгаа юм бэ ийм жаахан хүүхдээр цус арчуулаад архи хундаглуулаад гээд хэлсэн чинь тэнд зодолдож байсан залуучуудын нэг залуу нь Санчирын үснээс зулгаагаад газар хамтдаа унасан юм тэгээд би салгасан чинь тэр үсдсэн залуу гараад гүйчихсэн тэгээд Санчир газраас босож ирээд Намжилдуламруу уурлаад ийм жаахан хүүхдээр ийм ажил хийлгээд танихгүй хүнээр миний үсийг зулгаалгаад гээд уурлаад Намжилдуламыг үсдээд авсан би салгах гэж байхад Намжилдуламын зүүн хацар шанаа хэсэгрүү нэг удаа цохиод авсан тэгсэн чинь Намжилдулам элдэв янзаар хараагаад нулимаад тэгээд л цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /хх-17/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10226 тоот актын:
1. Д.Намжилдуламын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөхлөг сэртэнгийн цус хуралт, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт. /хх-19/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хавтас хэргээс: Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, мэдээлэл /хх-6/, гэрч О.Насантогтохын мэдүүлэг /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10226 дугаартай дүгнэлт /хх-19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, хохирлын баримтууд /хх-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саунд вокс каракоед Д.Намжилдуламыг зодож түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Намжилдуламын...тэгээд би зодооныг нь зохицуулаад байж байтал араас Санчир ирснээ миний шанааруу шууд цохиод авсан. Би айгаад хүүе чи яаж байнаа гэтэл дахиад намайг цохьсон. 3-4 удаа намайг цохьсон. Тэгээд араас нь авгай нь бас өөдөөс хэрүүл хийгээд байсан. Би тэгэхээр нь танай нөхөр намайг цохиод авлаа гэж хэрүүл хийсэн. Тэр үед Санчир гарчихсан байсан. Тэгтэл удалгүй орж ирээд тэкний араас намайг үсдээд доошоо дарсан. Тэкний чулуун тавцан дээр нидрэгдээд нуруу хөхөрсөн байсан. Тэгж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /хх 11-12/, гэрч О.Насантогтохын....Санчир газраас босож ирээд Намжилдуламруу уурлаад ийм жаахан хүүхдээр ийм ажил хийлгээд танихгүй хүнээр миний үсийг зулгаалгаад гээд уурлаад Намжилдуламыг үсдээд авсан би салгах гэж байхад Намжилдуламын зүүн хацар шанаа хэсэгрүү нэг удаа цохиод авсан тэгсэн чинь Намжилдулам элдэв янзаар хараагаад нулимаад тэгээд л цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10226 тоот дүгнэлт. /хх-19/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Намжилдулам нь эмчилгээний зардалд 583.598 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.С нь 940.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсныг хохирогч маргаагүй эмчилгээний зардалд 940.000 төгрөг хүлээн авсан талаар хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбар хэлж байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх үзлээ.
Харин хохирогчоос сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Учир нь хохирогч сэтгэл санаагаар яаж хохирсон, энэ талаарх баримтыг шүүх ирүүлээгүй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батхүүгийн Санчирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ