Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “1803007590411” дугаартай, 186/2018/0891/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны  өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүн хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой автоцахилгаанчин мэргэжилтэй, хувиараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын Монелийн уулзварт нүүрс зардаг гэх, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 10-36 тоотод оршин суух,

Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар үйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай. Цалинч овогт Ганболдын Ганзориг /РД:ПЖ94092116/,

Холбогдсон хэргийн талаар:

Г.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Уранмандал автобусны буудлын замд 67-60 УНП улсын Тоyota рrius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Чунагсүрэнг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энх-Амгалангийн:...Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Талийгаачийн оршуулгын зардалд жолооч Ганболд овогтой Ганзориг нь 1.000.000 төгрөг өгсөн одоогоор өөр мөнгө өгөөгүй. Бид талийгаачийн буяны ажилд 6 сая орчим төгрөг зарцуулсан. Бидний хувьд төрсөн дүүгээ алдсан болохоор сэтгэл санаа хэцүү л байна гэх мэдүүлэг. /хх 21-22/,

  2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Очирхуягийн:...Намайг анх яваад очих үед явган зорчигч гэх хүн  замын голд хэвтэж байсан жолооч түүнрүү гүйж очоод хиймэл амьсгаа хийж байсан гэх мэдүүлэг. /хх-44/,

  2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Төмөрийн:..2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед байх Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Уранмандалын автобусны буудлын замд би явган хүний замаар Уранмандал дэлгүүрээс хойшоо алхаж явтал үл таних согтуу эрэгтэй хүн зам хөндлөн гарч явсан гэтэл хойноос урагшаа чиглэлд Т.Приус маркийн 67-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирээд явган зорчигчийг мөргөсөн. Осол гарах үед гадаа бороо орж, бороо шивэрч байсан, замын гэрэлтүүлэг тод сайн ажиллаж байсан гэх мэдүүлэг. /хх 44-45/,

2.4. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1997 тоот актын: 

1. Цогцост хийсэн шинжилгээгээр зүүн ухархайн гадна дээд ирмэгээс баруун дээш дух, зулай, баруун доош суурийн өмнөд хонхор, турк эмээл, баруун чулуулаг яс, дагз хүрсэн шугаман хугарал, баруун ухархайн дотор дээд ирмэгээс зүүн дээш дээрх гарлын дунд 1/3 хүрч төгссөн шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархайн суурь, зүүн духны дэлбэн, баруун, зүүн тал бөмбөлгийн таславч хооронд. эга тархинд тархмал аалзан хальсны доорх цус харвалт, зүүн чамархайн элбэнгийн голомтлог няцрал, зүүн зовхины гадна хэсэгт няцарсан шарх, нүүрэнд зулгаралт, эрүү ясны ил хугарал, цээж, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд хуучин шарх, зүүн хонго, гуя, тахимны хуучин цус хуралт гэмтэл учирчээ.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн буюу зам тээврийн ослын мөргөгдөх, шидэгдэх, цохигдох хүчний үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

3.Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь дээрх авто ослын дээрх гавал тархины гэмтлийг авч шууд нас баржээ.

5. Талийгаач нь 2018.09.11-ний өдрийн 01 цагт хийсэн цогцосны гадна талын үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байжээ.

6.Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна.

7.Талийгаачийн цусанд 3.4 промилли, шээсэнд 4.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Г.Ганхүү гэсэн дүгнэлт. /хх 56-58/,

2.5. Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №50523  тоот  актын:

1.Уг автомашиныг Швед улсад үйлдвэрлэсэн ЕWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхэлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.33/м буюу тохиргоо хэвийн байна. Салхиний шил зүүн талдаа 70х100см хэмжээтэй талбайд цацарч хагарсан, арын буфер баруун буландаа 20 см цуурсан, арын зүүн оврын гэрэл шатсан холын гэрлүүдийн тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй зэрэг гэмтэл байгаа нь Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг бүрэн хангахгүй байна.

3.Салхины шил зүүн талдаа 70х100см хэмжээтэй талбайд цацарч хагарсан, арын бүфер баруун буландаа 20см цуурсан, арын зүүн оворын гэрэл шатсан зэрэг гэмтэл байна.

3.Салхины шил зүүн талдаа 70х100см хэмжээтэй талбайд цацарч хагарсан гэмтэл нь осол хэрэг гарах үед үүссэн, арын бүфер баруун буландаа 20см цуурсан, арын зүүн оврын гэрэл шатсан зэрэг гэмтлүүд нь ашиглалтын үед үүссэн байна.

4.Салхиний шил зүүн талдаа 701х100см хэмжээтэй талбайд цацарч хагарсан гэмтэл нь осол хэрэг гарах үед үүссэн, арын буфер баруун буландаа 20 см цуурсан, арын зүүн оворын гэрэл шатсан зэрэг нь осол хэрэгт нөлөөлөхгүй.

5.Уг автомашин нь хийн шингэн дамжуулагчтай АВS тоормосны системтэй байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхэлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаарлага хангаж байна.

6.Тоормос систем нь шингэн дамжуулгатай, АВS бол дээрхи тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугын байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой. Шинжээч Монгол Улсын зөвлөх тнженер Ө.Мөнхнаст, Автотээврийн мэргэшсэн инженер Ш.Мөнхзориг, Г.Өлзийбаяр гэх дүгнэлт

    

2.6.Тээврийн цагдаагийн албаны №664 тоот актын:

1. 67-60 УНП улсын дугаартай Toyota-Рrius маркийн автомашины жолооч Г.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Б.Чунагсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигч дор дурдсан зүйлийг хориглоно:

а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй, хэсгээр зам хөндлөн гарах”

г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.67-60 УНП улсын дугаартай Toyota-Рrius маркийн автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна. Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар гэсэн дүгнэлт     /хх-75/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 41 дүгээр хуудас Иргэний хариуцагч Х.Цэндсүрэнгийн мэдүүлэг, 76 дугаар хуудас шинжээч Н.Шинэбаатарын мэдүүлэг, 21-23 дугаар хуудас хохирогч Энх-Амгалангийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.           

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан судлах баримтгүй. Хохирогчийн гаргасан хүсэлтийг гаргаж өгнө гэв.           

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Уранмандал автобусны буудлын замд 67-60 УНП улсын Тоyota рrius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Чунагсүрэнг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Т.Очирхуягийн:...Намайг анх яваад очих үед явган зорчигч гэх хүн  замын голд хэвтэж байсан жолооч түүнрүү гүйж очоод хиймэл амьсгаа хийж байсан гэх мэдүүлэг /хх-44/,  гэрч С.Төмөрийн:..2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед байх Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Уранмандалын автобусны буудлын замд би явган хүний замаар Уранмандал дэлгүүрээс хойшоо алхаж явтал үл таних согтуу эрэгтэй хүн зам хөндлөн гарч явсан гэтэл хойноос урагшаа чиглэлд Т.Приус маркийн 67-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирээд явган зорчигчийг мөргөсөн. Осол гарах үед гадаа бороо орж, бороо шивэрч байсан, замын гэрэлтүүлэг тод сайн ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх 44-45/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1997 дугаартай, Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №50523  дугаартай, тээврийн цагдаагийн албаны №664 дугаартай дүгнэлтүүд  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Гийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энх-Амгалан нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ шүүгдэгч Г.Гоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хорих ялаар шийтгүүлэх хүсэлгүй байна гэж байх тул  шүүгдэгчийг  бусдад учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, В, С, Е ангилалын №910252 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгох, шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Цалинч овогт Ганболдын Ганзоригийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д  зааснаар шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Г.Гт сануулсугай.

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энх-Амгалан нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гийн В, С, Е ангилалын №910252 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг  эзэмшигчид нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ