Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ганзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, ялтан Ж.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, Ө.Нарантуяа,  хохирогч Л.Батболд, прокурор Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Ганзоригт холбогдох эрүүгийн 201620000243 дугаартай хэргийг ялтан Ж.Ганзориг, өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 10-36 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, уг ялаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эдэлж дууссан, Цагаагч овогт Жамсрангийн Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Л.Батболдыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цагаагч овогт Жамсрангийн Ганзоригийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ганзоригт 3 жил, 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Ганзоригт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Шүүгдэгч Ж.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ж.Ганзоригт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах гомдолдоо: Ж.Ганзориг нь хохирогч Л.Батболдтой хувийн таарамжгүй харьцаа үүссэнээс болж түүнийг цохьсон бөгөөд тухайн үед тэр хоёрыг маргалдаж байсныг гэрчүүд гэрчилж байгаа. Ж.Ганзориг нь 23 настай, эхнэр, 0-2 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь хүүхэд төрүүлээд 20 гаруй хонож байгаа, хоёулаа эрхэлсэн ажил байхгүй эхнэр, хүүхдүүд нь амьдралын маш хүнд нөхцөлд амьдарч байна. Иймд Ж.Ганзоригийг хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Л.Батболдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйл ангийг өөрчилж, мөн амьдрал байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангажээ.

Ж.Ганзориг нь 2016 оны 09 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчихдөө иргэн Л.Батболдын толгой руу зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй гэнэт үүссэн шинжээрээ хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд Ж.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гал, ус асуухад байхгүй гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Л.Батболдын толгой тус газар 2-3 удаа зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүч хэрэглэсэн үйлдэл нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрахдаа догшин авирласан шинжийг агуулсан гэж үзнэ.

Л.Батболд, Ж.Ганзориг нар  урьд нь бие биенээ таньж мэдэхгүй бөгөөд тухайн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж зодолдсон эсхүл гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байдал хэргийн материалаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн Ж.Ганзориг нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн, анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулсан тул ялыг хөнгөрүүлэх хуульзүйн үндэслэл байхгүй байна.

Иймд ялтан Ж.Ганзориг түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйл болгон өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэхь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Ганзориг , өмгөөлөгч Б.Цагцалмаа  нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.