Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0205

 

2019 оны 4 сарын 10 өдөр           Дугаар 221/МА2019/0205                            Улаанбаатар хот

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Батнасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нт, өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0038 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 48 дугаар зүйлийн 48.6, 48.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гаргасан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0038 дугаар шийдвэрээр “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамжид байрлах 55 дугаар байрны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Энэхүү шийдвэрийг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Шүүх үндэслэх хэсэгтээ ““Ч” ХХК 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г “А” ХХК-тай байгуулсан, гэрээний дагуу 2012 оны Д.Ц-н эзэмшил газар дээр 9 давхар орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг “А” ХХК хийж гүйцэтгэсэн гэх ба энэ үйл баримтын тухайд талууд маргаагүй” гэж дүгнэсэн. Тодруулбал, хариуцагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтээр барилгыг ашиглалтад хүлээн авахдаа захиалагч болон хөрөнгө оруулагчаар “Ч” ХХК-ийг, гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг тус тус оруулаагүй нь ийнхүү тодорхой байхад нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй. Үүнд:

“Э” ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан хүсэлтэд “Ажлын өрлөг, шавар, гадна болон дотор засал, цахилгаан гэх мэт ажил хийсэн” гэж бичсэн байхад энэ нотлох баримтыг буруу үнэлж карказийн ажил хийсэн мэтээр үнэлж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, дахин комисс 6 дугаар сарын 20-ны өдөр тус тус ажилласан. Хэлтсийн дарга Т.Э 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралд “Бүх бичиг баримтын зөрчлийг арилгаж цэгцлэх” гэсэн үүрэг даалгавар өгсөн бөгөөд энэхүү зөрчлийг иргэн Д.Ц 14 хоногийн дотор буюу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор арилгах ёстой байсан. Гэтэл 14 хоногт зөрчлөө арилгаагүй нь 2017 оны 69 дүгээр тогтоол, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.6-д “Захиалагч гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчлийг 14 хоногт арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж шаардлагатай бичиг баримт бүрдүүлнэ” гэсэн заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болон 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2 удаа зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байхад Барилгын тухай хуулийн 48, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4, 4.7 дахь хэсэгт нийцэж байна гэж шүүх үзсэн нь хууль буруу хэрэглэсэн.

Хэрэв тухайн үед Т.Э дарга байсан бол өөрийн өгсөн ажлын үүрэг даалгаврын биелэлтийг шалгах байсан. Гэтэл орлож буй н.Бум-Эрдэнэ нь огт шалгаагүй зурсан гэдгээ гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан. Мөн түүнчлэн, Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дүрмийн 4.5-д зааснаар “хэлтсийн даргын ажлыг ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ” гэсэн. Энэ дүрмийн дагуу ахлах мэргэжилтэн н.Б, н.Б хоёрын аль нэг нь орлохоор байгаа болохоос биш н.Б орлоно гэсэн тушаал шийдвэр байхгүй тул 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтэд гарын үсэг зурах эрхгүй этгээд зурж, баталгаажуулсан.

Шүүх өөрийн санаачлагаараа гуравдагч этгээд Д.Ц, М.Т нарыг 55 дугаар байрны захиалагч гэж үзсэн нь хэрэгт авагдан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан.

Дээрх хууль бус үйлдлээс болж “Ч” ХХК нь барилгын захиалагчаар улсын комиссын актад тэмдэглүүлж чадаагүй тул компанийн хууль ёсны эрх ашиг буюу компанийн захиалан хийж гүйцэтгүүлсэн ажлынхаа үр дүнтэй холбогдуулан эрх бүхий этгээд холбогдох баталгаа, дүгнэлт гарган өгч барилгын салбарын үйл ажиллагаанд эрх тэгш, бие даан оролцох хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм.

Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бе даасан байдлыг хангах” нь барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим байхаар заасан.

Уг актыг хүчингүй болгож, дахин улсын комисс ажиллуулахыг даалгаснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд эрх тэгш, бие даан оролцох эрх нь сэргэж комисст оролцон баталгаа, дүгнэлт шаардлагатай баримт бичгийг гарган өгч, улсын комиссын дүгнэлтэд “захиалагч”-аар тэмдэглүүлэн гарын үсэг зурж баталгаажуулах боломжтой болох юм. Ийнхүү захиалагчаар бүртгэгдсэнээр барилгатай холбоотой харилцаанд эрх тэгшээр оролцох боломж бүрдэж, бусад өөр иргэн, хуулийн этгээдтэй ажлын туршлага, хийсэн ажлаа танилцуулж харилцах эрх нээгдэх юм.

Шүүх “Барилгын тухай хуулийн 48.5.1-48.5.7-д нэрлэн заасан баримт бичгүүд үнэн зөв эсэх, хуурамч бичиг баримт үйлдсэн эсэх асуудлаар эрх бүхий этгээдэд шалгуулах тогтоолгох эрх нээлттэй” гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн маргаан байтал өөр байгууллагад хандах ёстой гэж үзэж, нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй. Нэгнээ хэрэгжсэн захиргааны актыг хүчингүй болгохгүй гэж шүүх үзсэнээр хариуцагч байгууллагыг өөгшүүлсэн төдийгүй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлт нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий акт тул Монгол Улсад захиргааны хэргийн шүүхээс өөр ямар ч байгууллага энэхүү актыг хүчингүй болгох эрх байхгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас “гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагчаар манай компанийг, гүйцэтгэгч компаниар “А” ХХК-ийг оруулаагүй, барилгын үндсэн хийц болох төмөр бетон карказын ажил гүйцэтгэсэн ил, далд ажлын актыг хуурамчаар үйлдэн ... барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн ... комиссыг дахин ажиллахыг даалгаснаар манай компани комисс оролцон баталгаа дүгнэлт, шаардлагатай баримт бичгийг гарган өгч комиссын дүгнэлтэд “захиалагч”-аар тэмдэглүүлэн гарын үсэг зурж баталгаажуулах боломжтой” гэх үндэслэлээр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг барилгад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дахин ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 55 дугаар байрны зоорийн давхар бүхий 9 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Гуравдагч этгээд Д.Ц-с Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “Барилга, байгууламж барихыг хүссэн өргөдөл”, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, Орон сууцны барилгын эх загвар зураг /эскиз/, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримтууд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээс үзвэл гуравдагч этгээд Д.Ц тухайн барилгын захиалагч байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д ““барилгын ажлын захиалагч” гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” ойлгохоор заасан байх тул 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г “А” ХХК-тай байгуулан барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн нэхэмжлэгч “Ч” ХХК-ийг маргаан бүхий барилгын захиалагч гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн гомдлын “хариуцагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтээр барилгыг ашиглалтад хүлээн авахдаа захиалагч болон хөрөнгө оруулагчаар “Ч” ХХК-ийг, гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг тус тус оруулаагүй нь ийнхүү тодорхой байхад нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй, 40.1.9-д “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх” гэж тус тус зааснаас үзэхэд барилгын ажлын гүйцэтгэгч нь захиалагчтай гэрээ байгуулсан, барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд байхын зэрэгцээ тухайн барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн этгээд байхаар байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь “А” ХХК-тай гэрээ байгуулан барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлснээс өөрөөр маргаан бүхий барилгын ажилд оролцоогүй. Барилгын карказ угсралтын ажлаас бусад хуульд заасан барилгын ажлыг “Э” ХХК гүйцэтгэсэн байх тул гэрээний үндсэн дээр тус барилгын карказ угсралтын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн “Ч” ХХК-ийг тус барилгын гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байна. Харин барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2017/32 дугаар дүгнэлтэд тус барилгын карказ бүтээцийг “А” ХХК хийж гүйцэтгэсэн болохыг тусгаагүй, “А” ХХК энэ талаар маргаагүйг тэмдэглэв.

Барилгын тухай хуулийн зохицуулалтуудаас үзвэл барилгын бичиг баримтыг үнэн, зөв бүрдүүлэхийн ач холбогдол нь тухайн барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээвэр гэх зэрэг гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой гарсан хохирлыг хариуцах этгээд тодорхой байх шаардлага байна. Харин уг барилгын суурь, хана, хучилт, шат, араг, бүтээц, дээвэр зэргийг “Ч” ХХК хийж гүйцэтгээгүй тул эдгээртэй холбоотой гарсан хохирол гарсан тохиолдолд “Ч” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

Дүгнэлтэд захиалагчаар бичигдээгүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тухайн барилгын үйл ажиллагаанд гүйцэтгэгчээр оролцоогүй. Иймд нэхэмжлэгчийн гомдлын “захиалагчаар бүртгэгдсэнээр ... бусад өөр иргэн, хуулийн этгээдтэй ажлын туршлага, хийсэн ажлаа танилцуулж харилцах эрх нээгдэнэ” гэдэг нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гомдлын “захиалагчаар бүртгэгдсэнээр барилгатай холбоотой харилцаанд эрх тэгшээр оролцох боломж бүрдэнэ” гэх үндэслэлийн хувьд, нэхэмжлэгчээс “А” ХХК-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн, тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.  

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ