| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0887/э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Б.Эхохирогч Н.Урнаа нарыг оролцуулан тус шүүхийн “Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батзогсохын Энхзаяад холбогдох эрүүгийн “1803007920424” дугаартай, 186/2018/0887/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15-р хороолол, 11-р байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батзогсохын Энхзаяа /РД:ЧД81112361/,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Энхзаяа нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 11 дүгээр сургуулийн хойд замд Тоёото приус маркийн 80-57 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, ундаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Урнааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Энхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед 11 дүгээр сургуулийн хойд уулзвараар ногоон гэрэл асахад эргэсэн. Ногоон гэрэл асаад хэсэг хугацаа өнгөрч хэд хэдэн машин хөдөлгөөн эхэлсэний дараа хөдөлгөөнөө эхлүүлсэн. Тухайн үед хохирогч харагдаагүй. Хохирогчийг жолоочийн эсрэг талын урд байрлах гэрэлтэй хэсгээр мөргөсөн. Тэр үед хүн мөргөсөн гэдгээ мэдээд хөдөлгөөнөө зогсоож тормос аван машинаа унтраагаад хохирогч руу очсон. Тэгээд түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэв.
1.2. Хохирогч Н.Урнаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой ажлаасаа тараад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан. Замын тусгаарлах зурвас өнгөрөхөд хажуу талаас машин гэнэт гарч ирсэн. Ухаан ороод сэрэхэд газар унасан байдалтай байсан ба тухайн үед цагдаа, түргэн тусламж дуудсан байсан гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Урнаагийн:...2018 оны 09 дүгээр сарын 16-ны оройн 20 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11 дүгээр сургуулийн хойд замд явган хүн явахыг зөвшөөрсөн ногоон гэрлэн дохио асах үед явган хүний гарцаар гарч 5-6 метр явсан байхад гэнэт зүүн гар талаас машин мөргөсөн гэх мэдүүлэг /хх 18-20/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.Даваадоржийн:...Тоёота приус маркийн 80-57 УНУ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх юм. Бусдад учруулсан хохирлыг төлнө гэх мэдүүлэг. /хх-28/,
2.3. Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11404 тоот актын:
1. Н.Урнаагийн биед зүүн эгэмний зөрөөтэй хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн эдийн голомтлог няцрал. тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг үед үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх-40/,
2.4. Автотээврийн үндэсний төв “ТӨҮГ” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв №185 тоот актын:
1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн, баруун гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.
2. Хойд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ цуурч хагарсан, булангийн хэсэгтээ будаг бага зэрэг халцарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
3. Хойд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ цуурч хагарсан, булангийн дээд хэсэгтээ будаг бага зэрэг халцарсан эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осол хэрэг болохоос өмнө үүссэн хуучин эвдрэл гэмтэл тул уг осолд нөлөөлөхгүй.
4. Дээрхи эвдрэл гэмтэл нь уг автомашины осолд нөлөөлөхөөр зүйл илрээгүй.
5.Уг автомашины шингэн дамжуулгын АВ5 бүхий тоормосны системтэй.
6.Тоног төхөөрөмж болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг авто тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна.
7. Уг авто тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байгаа учраас осолд нөлөөлөхгүй.
8.Уг авто тээврийн хэрэгсэл нь 2017 оны 09 дүгээр сарын 14-нд Баянзүрх дүүргийн техник хяналтын үзлэгийн төвд оношилгоонд орсон байна.
9. Гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. МУ-ын зөвлөх инженер О.Батхишиг, Мэргэшсэн инженер М.Цэдэнгомбо, Э.Золбоо гэх дүгнэлт. /хх 45-48/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хавтас хэргээс улсын яллагч:..Хавтаст хэргээс 40 дүгээр хуудас 11404 дугаартай шинжээчийн дүгнэлт, 54 дүгээр хуудас, тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 692 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Шүүгдэгч Б.Энхзаяа нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 11 дүгээр сургуулийн хойд замд Тоёото приус маркийн 80-57 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, ундаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Урнааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Урнаагийн:...2018 оны 09 дүгээр сарын 16-ны оройн 20 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11 дүгээр сургуулийн хойд замд явган хүн явахыг зөвшөөрсөн ногоон гэрлэн дохио асах үед явган хүний гарцаар гарч 5-6 метр явсан байхад гэнэт зүүн гар талаас машин мөргөсөн гэх мэдүүлэг /хх 18-20/, шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11404 тоот дүгнэлт, автотээврийн үндэсний төв “ТӨҮГ” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв №185 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Энхзаяаг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Урнаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батзогсохын Энхзаяаг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Энхзаяаг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхзаяад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхзаяа нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Энхзаяа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт хураан ирүүлсэн №502761 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эзэмшигч Б.Энхзаяад буцаан олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Н.Урнаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхзаяад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ