Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2023/00038

 

2023 04 24 207/МА2023/00038

 

 

Т ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/............. дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн хүсэлттэй,

Т ХХК-ийг дампууруулах тухай хүсэлттэй, Татварын өр төлбөр 66.310.688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан хүсэлт, түүний үндэслэл, агуулга:

...Улсын бүртгэлийн ..................... дугаартай, 437101...тоот регистрийн дугаартай Т ХХК нь 2007 оны 0...дүгээр сарын 04-ний өдөр барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай ...гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани О аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллаагаа явуулж, барилга угсралт, барилгын засварын ажлыг гүйцэтгэж байсан боловч 201...оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсоор өнөөг хүргэлээ. Бидний хувьд ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй байх бөгөөд барилгын салбарт тулгарч буй хүндрэл, барилга угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, барилгын ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, барилгын түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлт зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани хөрөнгө оруулалт байхгүй, санхүүгийн эх үүсвэр татаж чадахгүй байдалтай байна. О аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ..................... дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийдвэрийн зөрчилд: 1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайландаа тусгаагүй 40,909,090.90 төгрөгийн орлогоос 35,900,000 төгрөгийн өртөг зардлыг хасч 5,009,90.90 төгрөгийн татвар ногдуулах орлогод 500,909.10 төгрөгийн татвар, 150,272.70 төгрөгийн торгууль, 250,454.60 төгрөгийн алданги, нийт 901,636.40 төгрөгийн шийтгэл, 1.2.Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2012 оны тайландаа тусгаагүй 40,909,090.90 төгрөгийн орлогоос 54,545.50 төгрөгийн худалдан авалтыг хасч 40,854,545.40 төгрөгийн ногдуулах орлогод 4,085,454.50 төгрөгийн нөхөн татвар, 2,042,727.30 төгрөгийн торгууль, 12,256.40 төгрөгийн хүү нийт 6,140,438.20 төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Иймд Т ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч О аймгийн Татварын хэлтэс нь Т ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 66.827.593,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... 437101...тоот регистрийн дугаартай Т ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт 2008-2012 онд 2,429,700 төгрөг, 2014 онд 800,000 төгрөг, 2,924,881.4 төгрөг нийтдээ 6,154,581.4 төгрөгийн албан татвар төлсөн байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байна. Т ХХК-д Татварын улсын байцаагчийн 201...оны 10 сарын 05-ны өдрийн ................ тоот актаар тогтоогдсон 97,372,600 төгрөгийн төлбөрөөс 3,724,881.4 төгрөгийн төлөлт хийгдэж 33,862,200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204-201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7,042,074.6 төгрөгийн төлбөрийг хариуцуулан нийт 66,839,849.6 төгрөгийн албан татварын өртэй байна. Т ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш туйлын хариуцлагагүй буюу хангалтгүй байдлаар татварын харилцаанд орж хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл /2008 он/ 18.1....татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 28 дугаар зүйл /2019 он/ 28....Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасныг зөрчсөн үйлдэл юм. Иймд 66,827,593.2 төгрөгийн албан татварын өр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Э-ын дүгнэлтдээ:

...Т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007 оноос 2010 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,827.593 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1204.10 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4....дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Т ХХК нь 2008 оноос өөрийн хөрөнгийн 3358.92 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 0...дүгээр сарын 19-ний өдрийн ...дугаартай тогтоолын ...дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж тайлбарласныг үндэслэн О аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон өр төлбөрийг нэмж тооцвол Т ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 0...дүгээр сарын 19-ний өдрийн ...дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1...дэх заалтын ...санхүүгийн тайлан тэнцэл гэдэгт төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд, түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн сүүлийн 3 жил гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино гэж заасан байх тул Т ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан үед хамаарах 2007-2010 онуудын санхүүгийн тайлангуудад дүн, шинжилгээ хийж төлбөрийн чадварын талаар дүгнэлтийг гаргасан. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4....дэх хэсэгт заасан зохицуулалт нь Balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007-202...оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн ашигт ажиллагаа доголдож алдагдал ихээр хуримтлагдсан, үйл ажиллагаа нь бүрэн зогссоноос эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 80 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2007 оноос алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Т ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. "Т ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүйгээс компанийн үйл ажиллагааг зогсоож, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ. Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 0...тоотоор шүүхэд хүсэлт гаргаж О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/.......... дугаартай захирамжийн дагуу эд хөрөнгийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа. шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичиг, бусад нотлох баримтуудаар Т ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө, хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсний дагуу О аймгийн Татварын хэлтэс нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ИХШХШТХуулийн 13-р бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч Т ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь Т ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ. Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23....дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Т ХХК нь 2008 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1....дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33....дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй... гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх .Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Э-ын зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-д хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О аймгийн Татварын хэлтсийн Т ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/............. дугаар шийдвэрийг гардан авч хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна гзж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана. Энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй; мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжпүүлэх нь татан буулгаснаас нэхэмжпэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэхэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана гэж хуульд заасан. Нэхэмжлэгч байгуулагын хувьд татвар төлөгчийн төлөгчийн төлсөн, төлбөл зохих албан татварыг хуулийн дагуу хураан барагдуулж улсын төсөвт төвлөрүүлэх, татвар төлөгчдөд татварын хууль, журмын талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллах үндсэн үүрэгтэй төсвийн байгууллага юм. Татвар төлөгчийг дахин хөрөнгөжүүлэхэд шаардагдах санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан төлөвлөгөө гаргах хууль зүйн хувьд болон чиг үүргийн хувьд боломжгүй юм. Шүүх татвар төлөгчийн үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлэх тал дээр хэрхэн санал, санаачлага гаргасан, эсвэл гаргаж болох тухай огд үнэлэлт өгөөгүйгээр дампууруулах шийдвэрийг гаргасан байна. Т ХХК нь татварын ногдол, хяналт шалгалтын актаар төлбөр тогтоогдсоноос хойш иргэний хэргийн шүүхэд дампууруулах хүсэлт удаа дараалан гаргасан, захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан зэргээс үзэхэд хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээс зайлсхийх хүсэл эрмэлзэлтэй байдаг гэж үзэж болохуйц этгээдийн хүсэлтийн дагуу дампууруулах шийдвэр гаргаж байгаа нь туйлаас учир дутагдалтай байна. Татвар төлөгч нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрт олж болох ашгаа авчаад түүндээ ногдуулсан албан татвараа төлөхгүйгээр албан татвар төлөхөөс зайлсхийж байгаа нь энэ хэргээс харагдаж болохоор байна гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус хэлтсийн нэхэмжлэлийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан болон байгаа өр байдаг. Мөн түүнчлэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлийг эцсийн шийдвэр болгон үнэлсэн нь шийдвэрт эргэлзэх, хуульд заасан бүх боломжийг ашигласан эсэх эргэлзээг төрүүлж байна. Т ХХК дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар гаргасан хүсэлтийн үндэслэлдээ Компанийг дампууруулах хүсэлтийн үндэслэл болсон шалтгаан нөхцлийг анхааран үзээгүй, нотлох баримтаар тогтоосон эсэхэд үнэлэлтдүгнэлт өгөөгүй, үйл ажиллагаанууд тухайлбал ямар үйлчилгээ үзүүлсэн, эдийн засгийн ямар тооцоололтой байгаад ямар хэмжээний зардал гарч алдагдал үүсэж ашиггүй ажилласныг баримтаар нотолж, холбогдох ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт хавсаргах, хүсэлтэд заасан үндэслзлээ хуулийн хүрээнд нотлох, хэдий хэмжээний алдагдал хүлээснийг тодруулах боломжтой байхад хэрэг гүйцэтгэгч болон шүүхийн шийдвэрийн алинд ч тодорхой бус байхад хэргийг шийдсэн. Дампуурлын тухай хуулийн 7.1.1-д заасан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэл гэдгийг хуанлийн тооцооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлгохыг Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан. Иймд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, татварын тайланг оруулан дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэж байх тул холбогдох дүгнэлтийг үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө-д заасан татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хуулиар олгох нь буруу юм. Тиймээс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/............. дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгон татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгон шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.Хүсэлт гаргагч Т ХХК нь шүүхэд ...Манай компани 201...оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсоор өнөөг хүргэлээ. ...Татварын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ..................... дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийдвэрийн зөрчилд албан татвараа тайландаа тусгаагүй 901.636 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 2012 оны тайландаа тусгаагүй 40.854.545 төгрөг, нөхөн татвар, 6.140.438 төгрөгийн шийтгэл тус тус оногдуулсан байдаг. Иймд дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт,

Тус аймгийн Татварын хэлтэс ...Т ХХК-д Татварын улсын байцаагчийн 201...оны 10 сарын 05-ны өдрийн ................ тоот актаар тогтоогдсон 97,372,600 төгрөгийн төлбөрөөс 3.724.88...төгрөгийн төлөлт хийгдэж, 33.862.200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204-201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7,042,074.6 төгрөгийн төлбөрийг хариуцуулан нийт 66.839.849 төгрөгийн албан татварын өртэй байна. Иймд 66.827.593 төгрөгийн албан татварын өр гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэл тус тус гаргасан байна.

3.Шүүх шийдвэр хүчин төгөлдөр болмогц Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д шилжүүлж, зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-д хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О аймгийн Татварын хэлтсийн Т ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

4.Хүсэлт гаргагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь ...тус аймгийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалын дагуу тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгаж, нэхэмжлэгч Татварын хэлтсийн нэхэмжилж буй татварыг хэрэгсэхгүй болгож хаасан, харин манай компани тус аймгийн Татварын хэлтэст татвар-7.042.074 төгрөгийн өр төлбөртэй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүсч шүүхэд дахин хүсэлт гаргаж байгаа гэж тайлбарласан.

5.Хүсэлт гаргагч Т ХХК шүүхэд ...Т ХХК-ийг дампуурсанд тооцуулах, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн № 142/ШШ/2018/..........дүгээр шийдвэрээр тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх № 67дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ................... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хүсэлт гаргагч Т ХХК-ийн гаргасан Дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд тус компани шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх татвараас хэдэн төгрөгийн татвар төлсөн, шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байна.

6.Түүнчлэн шүүх ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Т ХХК нь татварын төлбөрөөс 3.724.88...төгрөг төлсөн, Өршөөлийн хуульд хамрагдаж, нийт 59.785.519 төгрөгийн үлдэгдэлтэй, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай .................. дугаартай шийтгэлийн хуудсаар 7.042.074 төгрөгийн төлбөр ногдуулж, уг төлбөрт албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэсэн дүгнэлт хийж, Татварын хэлтсийн гаргасан татварын өр төлбөр нийт66.827.593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

7.Учир нь шүүх хүсэлт гаргагч Т ХХК-ийн шүүхэд дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Татварын хэлтсийн нэхэмжилж буй татвар нийт 66.827.593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар тодруулах ажиллагааг хийгээгүй, одоо нэхэмжилж буй татварын төлбөр өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт Татварын хэлтсээс нэхэмжилж байсан 69.752.474 төгрөгийн татварт хамааралтай эсэх, Дээд шатны шүүхээс хүчингүй болж шийдвэрлэгдсэн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэж тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгасан эсэх нь тодорхойгүй байна.

8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/............. дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч О аймгийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О