Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 29

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, өсвөр насны шүүгдэгч О.З, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, насанд хүрээгүй хохирогч М.Бямбасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мэндсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны яллагдагчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Очирхуягийн Золбатад холбогдох эрүүгийн “1811028411053” дугаартай, 186/2019/0006/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар  сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүн хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын политехник коллежид оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12-76 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Очирхуягийн Золбат /РД:УО02241517/,

Холбогдсон хэргийн талаар:

           О.З нь 2018 оны 09 дүгээр 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ангийн хүүхэд болох М.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Өсвөр насны шүүгдэгч О.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Насанд хүрээгүй хохирогч М.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Насанд хүрээгүй хохирогч: Бид сургууль дээр жаахан таарамжгүй байсан. Сургуулиас гараад сагс тоглож байгаад маргалдаад зодолдсон гэв.

Хоёр: Өсвөр насны шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.Бямбасүрэнгийн:...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байран дунд байдаг сагсны шийдэн дээр ангийнхаа хүүхэд болох Золбат, Нямдаш, Мягмарцэрэн, Идэрбат, Хүрэлсүх нарын хамт тоглож байгаад би эхлээд тоглож байх завсраар суга нь тэр гэж хэлэхэд Золбат намайг мөн суга, пиздаа минь далдагнаад гэх мэтээр хэлж байсан. Тэгээд тоглож дуусчихаад Золбат нь би тоглоом даадаггүй, түргэн ууртай хүн шүү дээ гэхээр нь би ч гэсэн тэвчээртэй хүн биш шүү дээ гэхэд намайг элэгдээд толгойгоороо миний хамар луу мөргөчихсөн Ийм зүйл болсон бөгөөд би эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарчихсан, цөмөрсөн хэсгийг нь юм чихүүлж гаргасан гэх мэдүүлэг.  /хх-9/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Д.Дашнямын:...Тухайн өдөр ангийнхаа Золбат, Бямбасүрэн, Мягмарцэрэн, Хүрэлсүх нарын хамт Бөмбөгөрийн урагшаа байран дунд манай сургуулийн дотуур байрны хажуухан талд сагсны талбай дээр сагс тоглож байгаад дуусаад сургууль руугаа явж байх замд Оюутны байрны ойролцоо Золбат, Бямбасүрэн хоёр маргалдсан ба Бямбасүрэн Золбатыг ал минь гэхэд Золбат би тоглоом даадаггүй шүү гэж байсан. Тэр хоёр маргалдаж, юм ярьж байгаад Золбат Бямбасүрэнг гэдэс хавьд нь нэг цохиод нүүрлүү нь мөргөчихсөн  гэх мэдүүлэг. /хх-13/,

               2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Мягмарцэрэнгийн:... 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчим байх ангийнхаа Золбат, Бямбасүрэн, Нямдаш, Хүрэлсүх нарын хамт сургуулийн дотуур байрны хажуухан талд сагсны талбай дээр сагс тоглочихоод сургууль руугаа явж байх замд Золбат, Бямбасүрэн хоёр маргалдаад байсан. Би Хүрэлсүхийн хамт урд нь гараад хойно тэр хоёр Нямдашийн хамт явж байсан. Би эргээд харахад Золбат Бямбасүрэнг гэдэс рүү нь цохьсон, Бямбасүрэн доош тонгойгоод босоод ирэх үед Золбат нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөчихсөн гэх мэдүүлэг. /хх-14/,

 

 2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12059 тоот актын:

               1. М.Бямбасүрэнгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

               3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

               4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд, тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт. /хх-17/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1.Хавтас хэргээс улсын яллагч:...өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 9 дүгээр хуудас насанд хүрээгүй хохирогч М.Бямбасүрэнгийн мэдүүлэг, 13 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Д.Нямдашийн мэдүүлэг, 14 дүгээр хуудас насанд хүрээгүй гэрч М.Мягмарцэрэнгийн мэдүүлэг, 17 дугаар хуудас №12059 дугаартай шинжээчийн дүгнэлт, 24 дүгээр хуудас өсвөр насны шүүгдэгч М.Бямбасүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.   

       Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 31, 26, 17, 25 дугаар хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.

       Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Тусгайлан судлах баримтгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Өсвөр насны шүүгдэгч О.З нь 2018 оны 09 дүгээр 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт сагсны талбай дээр тоглож байгаад нэг ангийн хүүхэд болох М.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хамар тусгазар нь мөргөж  биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Бямбасүрэнгийн:...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байран дунд байдаг сагсны шийдэн дээр ангийнхаа хүүхэд болох Золбат, Нямдаш, Мягмарцэрэн, Идэрбат, Хүрэлсүх нарын хамт тоглож байгаад би эхлээд тоглож байх завсраар суга нь тэр гэж хэлэхэд Золбат намайг мөн суга, пиздаа минь далдагнаад гэх мэтээр хэлж байсан. Тэгээд тоглож дуусчихаад Золбат нь би тоглоом даадаггүй, түргэн ууртай хүн шүү дээ гэхээр нь би ч гэсэн тэвчээртэй хүн биш шүү дээ гэхэд намайг элэгдээд толгойгоороо миний хамар луу мөргөчихсөн Ийм зүйл болсон бөгөөд би эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарчихсан, цөмөрсөн хэсгийг нь юм чихүүлж гаргасан гэх мэдүүлэг.  /хх-9/, гэрч Д.Дашнямын:...Золбат, Бямбасүрэн хоёр маргалдсан ба Бямбасүрэн Золбатыг ал минь гэхэд Золбат би тоглоом даадаггүй шүү гэж байсан. Тэр хоёр маргалдаж, юм ярьж байгаад Золбат Бямбасүрэнг гэдэс хавьд нь нэг цохиод нүүрлүү нь мөргөчихсөн  гэх мэдүүлэг. /хх-13/, гэрч М.Мягмарцэрэнгийн:...Золбат, Бямбасүрэн хоёр маргалдаад байсан. Би Хүрэлсүхийн хамт урд нь гараад хойно тэр хоёр Нямдашийн хамт явж байсан. Би эргээд харахад Золбат Бямбасүрэнг гэдэс рүү нь цохьсон, Бямбасүрэн доош тонгойгоод босоод ирэх үед Золбат нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөчихсөн гэх мэдүүлэг. /хх-14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12059 тоот дүгнэлт болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Зыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч М.Бямбасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Мэндсайхан нараас хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал 154.600 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний  зардалд 1.600.000 төгрөгийг тус тус  нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 154.000 төгрөгийн баримт  авагджээ.

Шүүгдэгч О.З нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 500.000 төгрөгийг төлсөн,  энэ талаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс маргахгүй, 500000 төгрөгийг  шүүгдэгчээс  төлсөн талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад  учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн байна гэж  шүүх үзлээ.

Хохирогч 1.600.000 төгрөгийг  нэхэмжилсэн  боловч  шүүгдэгч 1.600.000 төгрөгийн  эмчилгээг хийлгээгүй харин төлбөрөө урьдчилж  шүүгдэгчээс авч  байж  эмчилгээгээ хийлгэнэ гэсэн  тайлбарыг шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүхээс шүүгдэгчийн эмчилгээний  зардлыг  урьдчилан гаргах  боломжгүй байна гэж  үзлээ.

Харин хохирогч  цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасны  дагуу жич  нэхэмжлэх эрхтэй  болохыг шүүхийн шийтгэх тогтоолд  дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж  шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

          1. Өсвөр насны шүүгдэгч Халх овогт Очирхуягийн Золбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зад 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч О.Зад хянан хүмүүжүүлэх хугацаанд хөдөлмөрлөх, зан үйлээ засах, амьдрах зөв арга барилд сургах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ болон  харьяа дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

          4. Өсвөр насны шүүгдэгч О.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч О.Зад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ