| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0010/э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатаргомбын Бадамхандад холбогдох эрүүгийн “1811030701108” дугаартай, 186/2019/0010/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинхайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 13 дугаар гудамж 190 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Баатаргомбын Бадамханд /РД:СЗ85091800/,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Гэрэлмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үснээс нь татаж унаган биед нь нүүр, дээд, доод мөчинд зулгаралт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...хохирогч намайг эцэггүй хүүхэдтэй гэж миний үснээс зулгаагаад газар унасан. Тухайн өдөр хохирогч Гэрлээ эгчийн төрсөн өдөр байсан. Бид архи согтууруулах ундаа багахан хэрэглэсэн байсан гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Гэрэлмаагийн:..2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 1-6 тоот буюу манай гэрийн гадаа Бадамхандтай юм ярьж байгаад маргалдсан, яг юу ярьж байгаад маргалдах болсноо санахгүй байна, тэгээд түүнтэй маргалдаж байгаад Бадамхандыг эцэггүй хүүхэдтэй гэж хэлчихээд машинаас бууж ирээд миний үснээс зулгааж байгаад шороон дээр унасан, миний биед учирсан нүүр, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтлийг Бадамханд учруулсан гэх мэдүүлэг. /хх-11/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Тогтохжаргалын:...намайг машин дотроо сууж байхад Гэрэлмаа Бадмаа нар нэг нэгнийхээ үснээс зулгаачихаад тавихгүй байсан үснээсээ зулгаалцаж байгаад хоёулаа газар унасан. ...тэр хоёр бол нэг нэгнийгээ цохиж зодоогүй үснээсээ л зулгаалцаж байгаад газар шороон дээр унасан. Намайг гэрээс гарч ирэхэд Гэрэлмаа машины арын сандал дээр сууж байхад нүүр хэсэг нь зулгарсан үс нь сэгсийсэн байдалтай байсан. Бадмаагийн мөн үс нь сэгсийсэн байсан... гэх мэдүүлэг /хх 14, 15 /
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ууганбаярын:...Гэрэлмаа Бадмаа нар нэг нэгнийхээ үснээс зулгаачихаад тавихгүй байсан, үснээсээ зулгаалцаж байгаад хоёулаа газар тавихгүй байсан.... Гэрэлмаа эгчийн нүүр нь газар шороон дээр унаад шалбарсан Бадамаа тухайн үед үс нь сэгсийсэн бусдаар гайгүй байсан... гэх мэдүүлэг,/хх-16/
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13075 тоот актын:
1. Л.Гэрэлмаагийн нүүр, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт. /хх-18/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 11 дүгээр хуудас хохирогч Л.Гэрэлмаагийн мэдүүлэг, 14-15 дугаар хуудас гэрч Т.Тогтохжаргалын мэдүүлэг, 16 дугаар хуудас гэрч С.Ууганбаярын мэдүүлэг, 18 дугаар хуудас №13075 дугаартай шинжээчийн дүгнэлт, 29 дүгээр хуудас яллагдагч Б.Бын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Гэрэлмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үснээс нь татаж унаган биед нь нүүр, дээд, доод мөчинд зулгаралт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Гэрэлмаагийн:..2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 1-6 тоот буюу манай гэрийн гадаа Бадамхандтай юм ярьж байгаад маргалдсан, яг юу ярьж байгаад маргалдах болсноо санахгүй байна, тэгээд түүнтэй маргалдаж байгаад Бадамхандыг эцэггүй хүүхэдтэй гэж хэлчихээд машинаас бууж ирээд миний үснээс зулгааж байгаад шороон дээр унасан, миний биед учирсан нүүр, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтлийг Бадамханд учруулсан гэх мэдүүлэг. /хх-11/, гэрч Т.Тогтохжаргалын:...намайг машин дотроо сууж байхад Гэрэлмаа Бадмаа нар нэг нэгнийхээ үснээс зулгаачихаад тавихгүй байсан үснээсээ зулгаалцаж байгаад хоёулаа газар унасан. ...тэр хоёр бол нэг нэгнийгээ цохиж зодоогүй үснээсээ л зулгаалцаж байгаад газар шороон дээр унасан. Намайг гэрээс гарч ирэхэд Гэрэлмаа машины арын сандал дээр сууж байхад нүүр хэсэг нь зулгарсан үс нь сэгсийсэн байдалтай байсан. Бадмаагийн мөн үс нь сэгсийсэн байсан... гэх мэдүүлэг /хх 14, 15 /, гэрч С.Ууганбаярын:...Гэрэлмаа Бадмаа нар нэг нэгнийхээ үснээс зулгаачихаад тавихгүй байсан, үснээсээ зулгаалцаж байгаад хоёулаа газар тавихгүй байсан.... Гэрэлмаа эгчийн нүүр нь газар шороон дээр унаад шалбарсан Бадамаа тухайн үед үс нь сэгсийсэн бусдаар гайгүй байсан... гэх мэдүүлэг,/хх-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13075 тоот дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Гэрэлмаа нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ Б.Баас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн ббайх тул шүүгдэгч Б.Быг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзэж шүүгдэгчийг төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баатаргомбын Бадамхандыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ