| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0885/э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Ч.Бтүүний өмгөөлөгч Б.Эрдэмболор, хохирогч И.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдийн Батмөнхөд холбогдох эрүүгийн “1811007371057” дугаартай, 186/2018/0885/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1960 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу 25-6 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо усны 2-6 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Чимэдийн Батмөнх /РД:ХЛ60081911/,
Холбогдсон хэргийн талаар;
Ч.Батмөнх нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн дэлгүүрийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Даваадоржтой маргалдаж улмаар түүнийг зодож биед нь дээд үүдэн хоёр шүдний булгарал, уруулын дотор салстад эдгэрч буй шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ч.Батмөнх хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2.Хохирогч И.Даваадорж хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Тухайн өдөр Батмөнх ах манай гэрт ороод ир гээд би орж нэг шил архи хувааж уусан. Тэгээд гараад явж байхад Батмөнх ах эхнэртэйгээ хардаад манайг цохиод үүдэн шүд унагахан. Тэгээд та миний шүдийг унагачихлаа гэж хэлэхэд тоогоогүй учраас би цагдаад мэдэгдсэн гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч И.Даваадоржийн:..2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн дэлгүүрийн хажуугаар явган хүний замаар гэрлүүгээ харих гэж явж байгаад танил өндөр Ганбаа, Батмөнх нартай таараад ойр зуурын юм яриад зогсож байтал шууд намайг ам руу цохьсон. Тэгтэл миний шүд шажигнаад дотогшоо орчихсон, тэгэхээр нь шүд хугалчихлаа, яаж байгаа юм бэ? гэтэл үгийн зөрүүгүй юм хэлэлгүй зүүн талын хөлний шилбэ рүү өшиглөсөн, тэгтэл өндөр Ганбаа чи яаж байгаа юм бэ, зүгээр байгаа хүнийг гээд тэврээд хориглосон, тэгтэл тэнд явж байсан цагдааг дуудаж намайг зодчихлоо гэж хэлтэл Батмөнх цагдааг харангуутаа зугатчихсан, миний үүдэн 2 шүд хугарсан учраас цагдаад хандсан юм. Миний үүдэн 2 шүдийг янзлахад нийт 2.400.000-3.000.000 төгрөг хэрэг болно гэсэн гэх мэдүүлэг. /хх 12-15/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Р.Ганбатын: ...Даваадорж гэх залуу таараад Батмөнх түүнтэй гэнэт энгэрээсээ зууралцаад бие биенээ цохиод зодолдоод байхаар нь дундуур орж салгасан, тэгээд дэлгүүр орох замдаа Батмөнх Даваадоржийг хамтран амьдрагч Уранбайгалийг оролдсон байна лээ гэж хэлсэн. Тэр 2 нэг нэгнээ ална хядна гээд бие рүүгээ дайраад зодолдох гээд барилцаж аваад цохилцоод байхаар нь бас дундуур нь орж салгасан гэх мэдүүлэг. /хх-17/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3551 тоот актын:
1. И.Даваадоржийн биед дээд үүдэн хоёр шүдний булгарал, уруулын дотор салстад эдгэрч буй шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10%-иар алдагдуулна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт. /хх-23/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтаст хэргээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3551 дугаартай дүгнэлт /хх-23/, Мирикл медиа ХХК-ний албан бичиг /хх-27/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ч.Батмөнх нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн дэлгүүрийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Даваадоржтой маргалдаж улмаар түүнийг зодож биед нь дээд үүдэн хоёр шүдний булгарал, уруулын дотор салстад эдгэрч буй шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч И.Даваадоржийн:..2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн дэлгүүрийн хажуугаар явган хүний замаар гэрлүүгээ харих гэж явж байгаад танил өндөр Ганбаа, Батмөнх нартай таараад ойр зуурын юм яриад зогсож байтал шууд намайг ам руу цохьсон. Тэгтэл миний шүд шажигнаад дотогшоо орчихсон, тэгэхээр нь шүд хугалчихлаа, яаж байгаа юм бэ? гэтэл үгийн зөрүүгүй юм хэлэлгүй зүүн талын хөлний шилбэ рүү өшиглөсөн, тэгтэл өндөр Ганбаа чи яаж байгаа юм бэ, зүгээр байгаа хүнийг гээд тэврээд хориглосон, тэгтэл тэнд явж байсан цагдааг дуудаж намайг зодчихлоо гэж хэлтэл Батмөнх цагдааг харангуутаа зугатчихсан, миний үүдэн 2 шүд хугарсан учраас цагдаад хандсан юм. Миний үүдэн 2 шүдийг янзлахад нийт 2.400.000-3.000.000 төгрөг хэрэг болно гэсэн гэх мэдүүлэг. /хх 12-15/, гэрч Р.Ганбатын...Даваадорж гэх залуу таараад Батмөнх түүнтэй гэнэт энгэрээсээ зууралцаад бие биенээ цохиод зодолдоод байхаар нь дундуур орж салгасан, тэгээд дэлгүүр орох замдаа Батмөнх Даваадоржийг хамтран амьдрагч Уранбайгалийг оролдсон байна лээ гэж хэлсэн. Тэр 2 нэг нэгнээ ална хядна гээд бие рүүгээ дайраад зодолдох гээд барилцаж аваад цохилцоод байхаар нь бас дундуур нь орж салгасан гэх мэдүүлэг. /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3551 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч 2.400.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч 2.400.000 төгрөгийн эмчилгээг хийлгээгүй харин төлбөрөө урьдчилж шүүгдэгчээс авч байж эмчилгээгээ хийлгэнэ гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүхээс шүүгдэгчийн эмчилгээний зардлыг урьдчилан гаргах боломжгүй байна гэж үзлээ.
Харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Батмөнхөд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар Ч.Батмөнхөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ч.Батмөнх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Батмөнх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч И.Даваадорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ