Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 681

 

Э.А, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Э.А, Б.М нарт холбогдох 2031001690114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Э.А,

 2.Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүрхэйстэйн гончиг овогт Б.М нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.А, Б.М нарыг “Машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг түлхүүрийг устгах, шүүгдэгч Б.М, Э.А нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “53-32 СБА” улсын дугаартай ”Киа бонго Ж2” маркийн автомашины үнэ 1.000.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгох, тухайн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч К.Баатарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол Б.М, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 52 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасныг өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч нар нь 2000 онд төрсөн, 19 настай, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүн” гэдэг ангилалд орж байгаа. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохыг хуульчилсан. Энэ заалтыг хэрэглэж болохгүй гэсэн хориглосон заалт хуульд байхгүй тул өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8.7 дугаар заалтыг хэрэглэсэн анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Ирээдүй болсон хоёр хүүхдэд заавал ял оногдуулж хорих ангид явуулснаар үр дүн юу болох вэ, өнчин өсөж байгаа хүүхдүүдийн хувьд ээждээ тусалж, хэдэн дүү нараа харж хандан, элэг бүтэн байх нь тэдний ирээдүйд сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Шүүгдэгч Э.А, Б.М нарын хувьд амьдрал хэцүү, амьдрахын эрхэнд хэдэн ногоо тарьж амь залгуулж явдаг. 2020 оны 02 дугаар сард Б.Мн аав хорвоог орхиж, тэр гэр бүлд маш том гарз хохирол учирч, айлын том хүү Б.Мд тэр айлыг авч явах маш том үүрэг оногдсон. Б.М 2 жилийн өмнө хачигт хазуулснаас болж тархи толгой нь байнга өвдөж, татаж унадаг болсон талаархи нотлох баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Э.Аийн хувьд айлын том хүү, аав нь ходоодны хорт хавдрын улмаас ажил төрөл эрхэлж чадахгүй, ээжтэйгээ хамт хөдөлмөрлөж ногоо тарих, хүний ногооны зэрлэг зулгаах зэргээр аавынхаа эмчилгээний мөнгийг, амь зуух хэдэн төгрөгөө олдог хүүхэд. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч хөнгөрүүлэх нөхцөл байдал болгосон төдийгүй, тэнсэж харгалзсан нь хууль зөрчөөгүй болно.

Давж заалдах шатны шүүх дээрх заалтыг эдгээр шүүгдэгч нарт хамааралгүй гэсэн дүгнэлт хийж, хэргийг анхан шатанд буцаасан нь үндэслэл муутай болсон тул Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 52 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М, Э.А нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 насанд хүрсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагаварыг ойлгох, хариуцлага хүлээх чадвартай нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй хүнд 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн. 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн нь насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юм үзэгдлийн мөн чанар, үр дагаварыг ойлгох чадвар муу, энэ талаар сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гарсан, мөн бусад нотлох баримтуудаар тогтоох ёстой. Хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй. Иймд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Э.А, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.А, Б.М нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Гэрэлт-Хайлааст” гэх газар иргэн Ч.Энхбаатарын гэрийн гадна байсан Киа Пронтер маркийн 92-03 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд тэнхлэг, хойд 2 амортизатор, хойд 2 нум, 4 ширхэг дугуй зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.А, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ялыг оногдуулахгүйгээр, тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүн” гэдгийг гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнийг ойлгоно.

Харин гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүний оюун ухаан, сэтгэхүйн хөгжил нь өсвөр насны хүүхдийн хэмжээнд буюу эрх зүйн зөрчил, түүний үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар нь арван найман насанд хүрсэн хүнтэй харьцуулахад илтэд сул бөгөөд гэмт хэргийг өсвөр насны хүүхэдтэй адил сэтгэж үйлдсэн болох нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт болон хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудаар нотлогдсон онцгой тохиолдолд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг харгалзан тухайн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны хүнтэй адилтган үзэж, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.

Гэтэл анхан шатны шүүх 19 настай байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн Э.А, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ нэр бүхий шүүгдэгч нарыг өсвөр насны хүнтэй адилтган үзэх объектив нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр тэдгээрийг шууд өсвөр насны шүүгдэгч гэж тодорхойлсон нь буруу байна.

Иймд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.А, Б.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 52 тоот магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                                ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                                     С.БАТДЭЛГЭР           

                                                                                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН