Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2023/00050

 

2023 05 22 207/МА2023/00050

 

 

 

Б.Х, Г.Н нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ............................ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Х, Г.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ц.М-ын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х, Г.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.М- нь өөрийн найз О.Ү-аар дамжуулан гуйлгаж Б.Х надаас цувуулан 4 удаагийн гүйлгээрээр 2.900.000 төгрөгийг, Г.Нгээс 600.000 төгрөгийг нийт 3.500.000 төгрөгийг зээлж авсан. Тодруулбал 2.000.000 төгрөг, 600.000 төгрөг, 300.000 төгрөг, 600.000 төгрөгөөр тус тус Ц.М-ын ..................... тоот дансаар шилжүүлэн түүний өмчлөлд шилжүүлсэн. Харин энэхүү мөнгөнүүдийг буцааж бидэнд эгүүлэн төлөөгүй. Иймд Ц.М-аас нийт өгсөн мөнгө болох 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.М- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд нэхэмжлэгч Г овогтой Н болон Б овогтой Х нарын зүгээс гаргасан 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчаас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Ц овогтой М нь найз О.Ү-аар дамжуулан Б.Хаас нийт 3 500 000 төгрөгийг цувуулан авсан. Дээрх мөнгийг хавсралтад тусгагдсаны дагуу найз О.Ү-аар дамжуулан буцаан шилжүүлэн өгсөн ба түүний Х банкны 5094189524 дансаар дамжуулан Б.Хын ...................... дансруу бүрэн төлж дуусгасан. Хожим хойно буюу 5 жилийн туршид нэг ч удаа мөнгө өгсөнгүй гэж яриагүй, хэлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн О.Ү, Б.Х нар нь Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү зээлийн маргаан болон бусад асуудлаар харилцан нэхэмжлэл гарган иргэний хэргээ хянан шийдвэрлүүлж байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д тус хэргийг хянан шийдвэрлэж 142/.......................... тоот анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр ........................ тоот давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус гарсан. Тус шүүхийн шийдвэр болон магадлалд дээрх маргаан бүхий 3 500 000 төгрөгийг болон бусад дүнг О.Ү-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч талуудын гаргасан гомдлоор тус хэргийг Хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр хүлээсэн байдалтай байгаа. Тиймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар дурдсан байх тул Хяналтын шатны шүүхээс О.Ү, Б.Х нарын зээлийн маргаантай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл энэхүү иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ............................ дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-аас 3.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х, Г.Н нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас улсын тэмдэгтийн хураамжаар 71.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х, Г.Н нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.М- давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.31 ны өдрийн .......................... тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1-т иргэн Ц.М- нь өөрийн найз О.Ү-аар дамжуулан 2018.11.15-наас 2019.19.18-ны өдрийн хооронд 3.500.000 төгрөг шилжүүлсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1. заалтыг анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тасалдсан талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад иргэний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. 2-т нэхэмжлэгч нар нь 5 удаагийн зээл олгохдоо нэг ч удаа аваагүй гэжээ. Гэтэл О.Ү гэх найзаараа дамжуулан өгсөн гэх ба О.Үтай 2018 оноос хойш их хэмжээний мөнгө өгч авалцаж байгаад 2022 оны зээлээ төлөөгүй гэх маргааныг нэхэмжлэгч нар маргаан үүсгэн хэргийг шийдвэрлэсэн баримт өгсөн байна. Өөрөөр хэлбэл 2018 онд өр зээлийн үлдэгдэлтэй гэх маргаан байдаггүй ба О.Ү найз гэх гүйлгээг төлбөрт тооцон, маргаан үүсгэж байсан атлаа уг хэргийг давж заалдах шатны шүүхэд шийдвэрлэгдэж байх үед зориуд худал нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн байна. Уг О.Ү нь нэхэмжлэгч нарын хооронд данс руу мөнгийг шилжүүлсэн талаарх баримт өгсөн байхад баримтыг шүүх үзээгүй, О.Ү- хэргийн оролцогчоор ороолцуулахыг хүссэн байхад шийдвэрлээгүй атлаа намайг зээлээ төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.31-ний өдрийн .......................... тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.Х, Г.Н нар нь хариуцагч Ц.М-аас зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Ц.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ: Зээлсэн мөнгөө өөрийн найз О.Ү-аар дамжуулан Б.Хад өгч дуусгасан гэсэн тайлбарт үндэслэн татгалзсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Г.Нгийн Х БАНКНЫ ..............тоот данснаас хариуцагч Ц.М-ын Х банкны ..................... тоот дансанд 600.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Хын Х банкны ................. дугаартай данснаас Ц.М-ын Х банкны ..................... дугаар данс руу 600.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Хын Х банкны 5217026466 дугаартай данснаас Ц.М-ын Х банкны ..................... тоот дансанд 2.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ц.М-ын найз О.Ү-аар дамжуулан Б.Хад зээлсэн мөнгөө бүрэн төлсөн гэх татгалзал тайлбар нь банкны дансны хуулгаар /Ц.М-ын данснаас О.Ү-ийн данс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн баримт/ тогтоогдож байхад О.Ү-аас тодруулж эцэслэн шийдвэрлээгүй, мөн хариуцагч Ц.М-ын О.Ү-аар дамжуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч Б.Х, Г.Н нарт давхардуулан төлөх нөхцөл байдал үүсч эрх ашиг нь зөрчигдөх боломжтой байсныг шүүх анхаараагүй, О.Ү- гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хариуцагч Ц.М-ын хүсэлтийг гуравдагч этгээдийн эрх ашиг нь зөрчигдөөгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. дахь заалтыг зөрчсөн байна. Гуравдагч этгээдийг өөрийнх нь болон хэргийн оролцогчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох бөгөөд О.Ү-аас зээл төлөгдсөн эсэхийг тодруулж шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн .......................... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У