Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, “Хасбанк” ХХК-ний хүсэлттэй,

Боржигин овогт Ганхуягийн Хонгорхангай /РД:ЕА84121817/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ганхуяг овогтой Хонгорхангай нь Хасбанкны Цогтцэций салбараас 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1450001084 тоот зээлийн гэрээгээр 8 500 000 төгрөгийг 30 хоногт 1.3 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан.

Зээлдэгч нь зээл авах үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо баг, Энержийн задгай тоотод оршин сууж, Энержи Ресурс ХХК-д Хүнд машин, механизмын оператороор ажиллаж байсан бөгөөд дөрөв дэх сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2013 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. 2013 оны 05 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал 100 000, 50 000 төгрөгөөр эхнэр Батмөнх овогтой Оюунзулын цалингаас төлүүлсэн. Эхнэр Оюунзул нь Цогтцэций сум дахь Мөрөөдөл /6-р/ сургуулийн Монгол хэл, бичгийн багшаар ажилладаг бөгөөд зээлдэгч Хонгорхангайгаас салсан, хаана байгааг мэдэхгүй холбоо тасарсан гэх мэдээлэл өгч байгаа. Зээлдэгчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Г.Хонгорхангай нь манай “Хас банк”-ны харилцагч байсан.Тухайн үед “Энержи Ресурс” ХХК-д ажиллаж байхдаа зээл авсан. Уурхай зогссон үед ажиллаасаа гараад хаана байгаа нь тодорхойгүй, хаяг нь мэдэгдэхгүй байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээлэл нь тухайн үед эхнэр нь байсан Батмөнхийн Оюунзул гэх хүнтэй очиж уулзахад өөр хүнтэй суусан гэсэн хариу өгсөн. Г.Хонгорхангай нь 2013 оны 04 дүгээр сард 89699695 гэсэн утасны дугаартай байсан. Одоо энэ дугаар нь холбогдохгүй байгаа. Мөн Э.Цэцэгбаяр гэх хүний 88778914 дугаараар холбоо авдаг байсан боловч холбогдохгүй байна. Зээл авахдаа авто машин авахаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан байсан. Уг машин тухайн хүний нэр дээр шилжсэн эсэхийг мэдээгүй. Г.Хонгорхангай нь Дорноговь аймгийн Айраг сумын иргэн гэсэн мэдээлэлтэй байгаа” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь Г.Хонгорхангайг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Г.Хонгорхангай нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба Цогтцэций сум Цагаан овоо багт оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Боржигин овогт Ганхуягийн Хонгорхангайг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан Овоо багийн Задгай тоотод оршин суух хаягтай Боржигин овогт Ганхуягийн Хонгорхангай /РД:ЕА84121817/-г эрэн сурвалжилсугай.

2. Г.Хонгорхангайг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхбаяр /утас: 88104601/-т мэдэгдэхийг Өмнөговь аймгийн 3 дугаар тойргийн Ханбогд сум дахь Тахарын хэсэгт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА