Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00084/И |
Дугаар | 80 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их-Ус 2-3 тоотод оршин суух 2578697 регистрийн дугаартай “Хасбанк” ХХК-ний Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,
Хольдог овогт Чингээгийн Алтангэрэл /РД:ЦД67100374/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Чингээ овогтой Алтангэрэл /ЦД67100374/ нь Хасбанкны Цогтцэций /145/ салбараас 2011 оны 08 сарын 16-ны өдөр 1450000872 тоот зээлийн гэрээгээр 9,000,000 /есөн сая/ төгрөгийг 30 хоногт 1.3 хувийн хүүтэй, орон сууцны засвар хийх зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2014 оны 08 дугаар сарын 9-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг, 5-р хороолол 7-р байр 56 тоотод оршин суух, “Энержи Ресурс” ХХК-ийн Тээвэрлэлтийн компани болох “Транс говь” ХХК-д Тээврийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд гурав дахь сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2012 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.
Зээлдэгчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь Ч.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ч.Алтангэрэл нь Хасбанкны Цогтцэций салбараас 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1450000872 тоот зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг 30 хоногт 1.3 хувийн хүүтэй, орон сууцны засвар хийх зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан ба зээл эргэн төлөлтийн хуваарийн гурав дахь сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2012 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон байх тул түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Ч.Алтангэрэл нь зээл авах үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг, 5-р хороолол, 7-р байр, 56 тоотод оршин суух хаягтай, “Энержи ресурс” ХХК-ийн тээвэрлэлтийн компани болох “Транс говь” ХХК-д тээврийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдардаггүй /хх-ийн 13 дугаар хуудас/, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Хольдог овогт Чингээгийн Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст баг 5-р хороолол 7-р байр, 56 тоотод оршин суух хаягтай Хольдог овогт Чингээгийн Алтангэрэл /РД:ЦД67100374/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ч.Алтангэрэлийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч Б.Оюунгэрэл /утас: 88207086/ мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО