| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0047/э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч С.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Санжаасүрэнгийн Отгонтуяад холбогдох эрүүгийн “1711007900029” дугаартай, 186/2019/0047/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 874-В тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Санжаасүрэнгийн Отгонтуяа /РД: НБ89061402/,
Холбогдсон хэргийн талаар:
С.Онь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн 18 дугаар гудамжны 876 тоотод иргэн Т.Лхагвасүрэнг өшиглөж биед нь нойр булчирхайн няцарсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч С.Онь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Лхагвасүрэнгийн:....миний бие ээж Дулмаагийн хамтаар Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 18-876 тоотод оршин суудаг. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай гэрт том охин Цэцэнхүү түүний нөхөр Зулаа нар байсан. Ингээд орой нь манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох Хадбаатар, түүний эхнэр Отгонтуяа нар ирсэн. Манай ээж Дулмаа өмнөх нь архи уусан байсан болохоор шартаад Хадбаатараас ганц юм аваад өгөөч гэж гуйсан. Ингээд Хадбаатар дэлгүүр орж, 0,75 литрийн Хараа нэртэй 1 шил архи авч бид нар хуваагаад уусан. Төрсөн эгч Цэцэнхүү, түүний нөхөр Мөнхзул нар гэрлүүгээ харина гээд явцгаасан. Ингээд дахин 0,75 литрийн 2 шил Хараа нэртэй архи авч ээж Дулмаа, Хадбаатар, Отгонтуяа бид нар хувааж уусан. Энэ үед Хадбаатарын гар утас нь дуугарч найз нар нь дуудаад байна гээд Хадбаатар Отгонтуяа нар гараад явсан. Ингээд явсан хойгуур нь би ээж Дулмаатай гар утаснаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг сэрэхэд манай гэрт Хадбаатар Отгонтуяа хоёр ирчихсэн ээж юу гэж хэлснийг мэдэхгүй надаас өмөөрөөд намайг Отгонтуяа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед ээж Дулмаа бид хоёр согтуу байсан. Би Отгонтуяад өшиглүүлснээс хойш юугаа ч санахгүй байгаа. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор миний биед ямар нэгэн зовиур мэдэгдээгүй, харин өглөө нь архи гарч хамаг бие хөндүүрлээд сонин болоод байсан. Тухайн үед би архинаас болж байгаа юм болов уу гэж бодож байсан. Тэгээд сүүлдээ биеийн байдал бүр болихоо байгаад гэмтлийн эмнэлэг орж эход харуулан шууд хагалгаанд орсон гэх мэдүүлэг. /хх 89-90/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Түвшинжаргалын:...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 30 минутанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-876 тоотод байрлах ээж Дулмаагийн гэрт очтол ах Лхагвасүрэн гэртээ хэвтэж чадахгүй хойшоогоо налаад орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би Лхагвасүрэнгээс "яасан юм бэ? юу болоо вэ" гэж асуутал өчигдөр та хоёрыг ирээд явсны дараа би архи авчирч уусан гэсэн. Тэгээд Лхагвасүрэн танил хүүхэнтэйгээ архиа хувааж уучихаад байж байтал тэр нэрийг нь мэдэхгүй хүүхэн манай ахын цээжин тус газар луу нь хөлөөрөө тийрсэн гэсэн. Ээжээс асуутал нөгөө хүүхэн манайд байсан Хадаа нар өглөө манайхаас гараад явсан гэх мэдүүлэг. /хх 27-28/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Дулмаагийн:...2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой 19-20 цагийн үед Хадбаатар манай гэрт ирсэн. Хадбаатарын эхнэр нь нас барчихсан. Одоо Отгоноо гэж охинтой Хадбаатар үерхээд байгаа. Хадбаатарын одоо үерхэж байгаа Отгоноо гэж охин манай гэрт цуг ирсэн. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой Хадбаатар 0,75 литрийн нэрийн мэдэхгүй архи 1 шил литрийн том пиво талх хиам ундаа зэрэг эд зүйл аваад гэрт орж ирсэн. Тэгээд Лхагвасүрэн, Хадбаатар Отгоноо бид дөрөв архиа хувааж ууцгаасан. Том пиво Хадбаатар Отгоноо хоёр уусан. Яагаад гэвэл Лхагвасүрэн урьд нь хүнд зодуулаад эрүү нь хугарсан толгой тархи муутай болохоор пиво айраг уудаггүй юм. Миний гар хугархай болохоор пиво уугаагүй. Орой архиа ууцгаагаад дуусаад унтах гэж байгаад Хадбаатар халааснаасаа мөнгө гаргаж ирээд Лхагвасүрэнг архинд явуулсан. Дахиад 0,75 литрийн архи 1 шилийг хувааж ууцгаасан. Лхагвасүрэн архи уухаараа намайг зодоод байдаг. Гэхдээ айхтар зодож нүдээд байхгүй. Тэгсэн мөртлөө гар хөлрүү цохиж аваад байдаг. Хадбаатар Лхагвасүрэнгийн утсыг 2 хоног гуйж авсан юм байна лээ. Яагаад гэвэл Хадбаатар би босстойгоо ярих хэрэгтэй байна гэж байсан. Тэгсэн чинь Лхагвасүрэн согтчихоод гар утсаа нэхээд байсан. Отгоноо Лхагвасүрэнг юун сүртэй юм яахав 2 хоног бариулчихаж болдоггүй юм уу гэж байсан. Тэгсэн чинь Лхагвасүрэн янхан минь би өөрийнхөө юмыг авах гэж байна чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би Хадбаатарыг өмөөрөөд Лхагвасүрэнд чи юун сүртэй юм Хадбаатар ажлаа амжуулчихаад чамд эргүүлээд өгнө шүү дээ гэж хэлсэн чинь Лхагвасүрэн надруу дайраад байсан. Намайг Лхагвасүрэн цохиод байхаар Отгоо 2-3 удаа дэвсчихсэн гэж Лхагвасүрэн хэлсэн. Би Отгоноо Лхагвасүрэнг дэвсэж байхыг хараагүй гэх мэдүүлэг. /хх-29/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хадбаатарын:...2017 оны 08 дугаар сарын дундуур Дулмаа эгчийн 4 дахь охин Цэцэнбаяр өвчний улмаас нас барсан юм. Манай хамаатнууд намайг Дулмаа эгчийн гэрт нэг хэсэг байгаад өгөөч Лхагвасүрэн архи уусан үедээ ээждээ гар хүрээд байдаг гэж хэлэхээр нь би Дулмаа эгчийн гэрт байдаг болсон. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дулмаа эгч, Лхагвасүрэн ах Цэцэнхүү эгч, Мөнхзул ах, Отгонтуяа бид нар нилээн олон шил архи хувааж уусан. Архиа хувааж ууж дууссаны дараа Цэцэнхүү эгч, Мөнхзул ах хоёр Дулмаа эгчтэй маргалдахад Дулмаа эгч тэр хоёрыг гэрээсээ хөөж явуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед ажилд явахаар Дулмаа эгчийн гэрээс гарсан. Дулмаа эгч архи аваад ирээч гээд архи аваад очиход Дулмаа эгч, Лхагвасүрэн хамтран амьдрагч Отгонтуяа нар согтуу сууж байсан. Манай найз надруу залгаад 32-н тойргийн 32 night club байна гэж дуудахаар нь Отгонтуяа бид хоёр Дулмаа эгчийн гэрээс гараад манай найз нар дээр очсон. Отгонтуяа бид хоёрыг бааранд сууж байхад 40-өөд минутын дараа Дулмаа эгч надруу залгаад Лхагвасүрэн намайг зодоод байна хурдан ирээч гэхээр нь Отгонтуяа бид хоёр баарнаас гарч яваад уг баарны хажуу талын дэлгүүрээс 0,75 граммын Хараа архи 1 шилийг аваад Дулмаа эгчийн гэрт очиход Лхагвасүрэн ах Дулмаа эгчийг заамдаад зогсож байхаар нь Лхагвасүрэн ахаас Дулмаа эгчийг салгаад гэрлүү нь оруулсан. Гэрийн үүдэнд Лхагвасүрэн Отгонтуяа хоёр үлдээд удалгүй араас цугтаа орж ирсэн. Сүүлд Отгонтуяа надтай уулзахдаа Лхагвасүрэн ахын цээж рүү өшиглөсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх 35-36/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12022 тоот актын:
1.Т.Лхагвасүрэнгийн биед нойр булчирхайн няцарсан шарх, өшиглөж дэвсэх аль алинд нь үүсгэгдэж болно.
2.Дээрх хоёр үйлчлэлийн дэвсэх үйлчлэлийнх нь улмаас нойр булчирхайн няцрал үүсч хэвлийн хөндийд цус хуралдан магадлал илүү өндөр.
3. Учир нь дэвсэх үйлчлэлийн үед хүч үйлчлэн талбай маань том үйлчлэх хүч нь илүү байдаг гэх мэдүүлэг. /хх 51-52/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс хохирогч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12022 дугаартай дүгнэлт /хх-39/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх 52-59/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх 134/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч С.Онь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн 18 дугаар гудамжны 876 тоотод иргэн Т.Лхагвасүрэнг өшиглөж биед нь нойр булчирхайн няцарсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Лхагвасүрэнгийн:....ингээд явсан хойгуур нь би ээж Дулмаатай гар утаснаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг сэрэхэд манай гэрт Хадбаатар Отгонтуяа хоёр ирчихсэн ээж юу гэж хэлснийг мэдэхгүй надаас өмөөрөөд намайг Отгонтуяа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед ээж Дулмаа бид хоёр согтуу байсан. Би Отгонтуяад өшиглүүлснээс хойш юугаа ч санахгүй байгаа. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор миний биед ямар нэгэн зовиур мэдэгдээгүй, харин өглөө нь архи гарч хамаг бие хөндүүрлээд сонин болоод байсан. Тухайн үед би архинаас болж байгаа юм болов уу гэж бодож байсан. Тэгээд сүүлдээ биеийн байдал бүр болихоо байгаад гэмтлийн эмнэлэг орж эход харуулан шууд хагалгаанд орсон гэх мэдүүлэг. /хх 89-90/, гэрч Э.Түвшинжаргалын:...тэгээд Лхагвасүрэн танил хүүхэнтэйгээ архиа хувааж уучихаад байж байтал тэр нэрийг нь мэдэхгүй хүүхэн манай ахын цээжин тус газар луу нь хөлөөрөө тийрсэн гэсэн. Ээжээс асуутал нөгөө хүүхэн манайд байсан Хадаа нар өглөө манайхаас гараад явсан гэх мэдүүлэг. /хх 27-28/, гэрч Г.Дулмаагийн:...тэгсэн чинь Лхагвасүрэн янхан минь би өөрийнхөө юмыг авах гэж байна чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би Хадбаатарыг өмөөрөөд Лхагвасүрэнд чи юун сүртэй юм Хадбаатар ажлаа амжуулчихаад чамд эргүүлээд өгнө шүү дээ гэж хэлсэн чинь Лхагвасүрэн надруу дайраад байсан. Намайг Лхагвасүрэн цохиод байхаар Отгоо 2-3 удаа дэвсчихсэн гэж Лхагвасүрэн хэлсэн. Би Отгоноо Лхагвасүрэнг дэвсэж байхыг хараагүй гэх мэдүүлэг. /хх-29/, гэрч Б.Хадбаатарын:...Отгонтуяа бид хоёрыг бааранд сууж байхад 40-өөд минутын дараа Дулмаа эгч надруу залгаад Лхагвасүрэн намайг зодоод байна хурдан ирээч гэхээр нь Отгонтуяа бид хоёр баарнаас гарч яваад уг баарны хажуу талын дэлгүүрээс 0,75 граммын Хараа архи 1 шилийг аваад Дулмаа эгчийн гэрт очиход Лхагвасүрэн ах Дулмаа эгчийг заамдаад зогсож байхаар нь Лхагвасүрэн ахаас Дулмаа эгчийг салгаад гэрлүү нь оруулсан. Гэрийн үүдэнд Лхагвасүрэн Отгонтуяа хоёр үлдээд удалгүй араас цугтаа орж ирсэн. Сүүлд Отгонтуяа надтай уулзахдаа Лхагвасүрэн ахын цээж рүү өшиглөсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх 35-36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12022 тоот акт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Отгонтуяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ял оногдуулах нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Т.Лхагвасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Отгонтуяагаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Онь улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Отгонтуяаг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Санжаасүрэнгийн Отгонтуяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Отгонтуяаг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Отгонтуяад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ