Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их-Ус 2-3 тоотод оршин суух 2578697 регистрийн дугаартай “Хасбанк” ХХК-ний Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,

Хардал овогт Энхболдын Бат-Эрдэнэ /РД:СЭ83050214/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Энхболд овогтой Бат-Эрдэнэ нь Хасбанктай 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1450000664 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан.

Улмаар зээлдэгч нь Хасбанктай байгуулсан дээрх барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2012 оны 12 сарын 19-с эхлэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1416 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлдэгч нь банктай байгуулсан гэрээний 2.2.1, 2.2.4, 2.2.6 заалтуудыг зөрчсөн. Зээлдэгчтэй банкны зүгээс тогтмол холбоотой байж, уулзах зэргээр зээлийг бага хэмжээгээр төлүүлж байсан боловч 2013 оны 03 сараас санаатайгаар оргон зайлж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, сураггүй болсон.

Иймд Энхболд овогтой Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь Э.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Э.Бат-Эрдэнэ нь Хасбанкны Цогтцэций салбараас 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1450000664 тоот барьцаат зээлийн гэрээгээр 13,000,000 төгрөгийг 30 хоногт 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан ба зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2012 оны 12 сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1416 хоног хугацаа хэтэрсэн байх тул түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Э.Бат-Эрдэнэ нь зээл авах үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан-Овоо багт оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаггүй /хх-ийн 13 дугаар хуудас/, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Хардал овогт Энхболдын Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан-Овоо багт оршин суух хаягтай Хардал овогт Энхболдын Бат-Эрдэнэ /РД:СЭ83050214/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч Б.Оюунгэрэл /утас: 88207086/ мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                            

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО