Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 82

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 2-р баг, Билгэн, Цагаан овоо гудамж 13-8 тоотод оршин суух Дамчин овогт Батсайханы Баярмөнх /РД:КЕ91092402/,  

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 2-р баг, Билгэх, Баруунсуугийн 1-3 тоотод оршин суух Боржигин овогт Өлзийсүрэнгийн Ганхөлөг /РД: КН87100816/-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярмөнх, хариуцагч Ө.Ганхөлөг, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2009 онд Өлзийсүрэнгийн Ганхөлөгтэй найз нөхдийн холбоо тогтоон үерхэж, улмаар 2001 онд Улаанбаатар дээд сургуульд оюутан байхдаа жирэмсэн болоод уг сургуулиас 1 жилийн чөлөө авч 2012 оны 12 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт охин Нарангаравыг төрүүлсэн. Энэ хугацаанд Ө.Ганхөлөг нь Цогтцэций сумын эх баригч их эмч Сэлэнгэтэй холбоо тогтоож амьдарсан. Би охин Нарангаравыг аав ээжийнхээ хамт өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд одоо Цогтцэций сумын 6-р цэцэрлэгт явж байгаа. Охиндоо ирээдүйн баталгаа болгож хуримтлал бий болгох хүсэлтэй байгаа Ө.Ганхөлөгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч Ө.Ганхөлөг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө.Ганхөлөг миний бие нь Б.Баярмөнхтэй найз нөхдийн холбоотой байсан ба энэ холбоо удаан хугацаанд үргэлжлээгүй 2009 оны сүүлээр хоёр тийшээ салж тус тусын амьдрал зохиосон ба Ө.Ганхөлөг миний хувьд 2010 онд эхнэр Б.Сэлэнгэтэй гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд Б.Баямөнх өөр хүнтэй найз нөхдийн холбоотой байсан учир би өөрийгөө Б.Баярмөнхийн хүүхдийн эцэг гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баярмөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв.

Хариуцагч Ө.Ганхөлөг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Миний бие нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Баярмөнхийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций 2 дугаар багийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №336 дугаартай тодорхойлолт, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №278 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энэрэхүйн ухаан” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №20 тоот тодорхойлолт, 2012 оны 02 дугаар сарын 28-нд төрсөн охин Дайчин овогт Баярмөнхийн Нарангаравын төрсний гэрчилгээний хуулбар, Монгол улсын Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2085 тоот шинжээчийн дүгнэлт, хариуцагч Ө.Ганхөлөгийн шүүхэд өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Баярмөнх нь Ө.Ганхөлөгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Дайчин овогтой Баярмөнхийн Нарангарав нь 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд түүний эцэг нь Боржигин овогт Өлзийсүрэнгийн Ганхөлөг болох нь нэхэмжлэгч Б.Баярмөнхийн нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч Монгол улсын Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2085 тоот шинжээчийн дүгнэлт, охин Б.Нарангаравын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Ө.Ганхөлөг нь охин Б.Нарангаравыг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Нарангаравыг сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ө.Ганхөлөгөөс гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Б.Баярмөнхийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Ганхөлөг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийт дүн 1956000 төгрөгний 50% болох 978000 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 28022 төгрөг болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Ганхөлөгөөс 28022 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэ талаараа бичгээр тайлбар бичиж өгсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б.Баярмөнхийн нэхэмжлэлтэй, Ө.Ганхөлөгт холбогдох Б.Нарангаравт хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ө.Ганхөлөгөөс 28022 төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА