Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2023/00054

 

2023 05 29 207/МА2023/00054

 

 

Ж.З-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ............................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Ж.З-ээс 6.242.569,28 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ж.З- би 2012 оноос эхлэн Д ХХК-д заал зохион байгуулагчаар ажилласан юм. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүүхэд төрүүлээд хүүхдээ асрах чөлөөтэй байсан юм. Манай хүүхэд дутуу төрсөн учир асаргаа шаардлагатай байгаа юм. Би хүүхдээ асрах шаардлагатай байгаа болохоор 1 жилийн хугацаагаар ажлаасаа чөлөө авахыг хүссэн өргөдлөө гаргаж компаны захирал Г.Г-т 2022 оны 9-р сарын 20-ны өдөр өгсөн юм. Гэтэл 2022 оны 10-р сарын 18-ны өдөр .................. дугаартай тушаал гаргаж намайг ажлаас халсан байна. Би гомдолтой байна. Ажлаас халсан тушаалд намайг 2019 онд түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6.242.569.28 төгрөгийг хувьдаа завшсан гэж үндэслэлгүй зүйл бичсэн явдалд их гомдолтой байна. Би үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байсан юм. Би компаниас мөнгө төгрөг завшаагүй, гэмт хэрэг хийгээгүй юм. Намайг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Д-ХХК-ний заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн оруулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.З- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2012 оноос эхлэн Д ХХК-д заал зохион байгуулагчаар ажилласан. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр амаржсан одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Манай хүүхэд дутуу төрсөн учир асаргаа шаардлагатай байсан. Тэр хугацаанд манай ажил дээр аудитын шалгалт орсон байсан. Тухайн үед миний хийж байсан ажил дээр шалгалт орох гэж байна гэж ажлаас болон Аудитын байгууллагаас надад огт мэдэгдээгүй. Энэ тухай би хүүхдээ асрах шаардлагатай байсан болохоор 1 жилийн хугацаагаар ажлаасаа чөлөө авахыг хүссэн өргөдлөө компаны захирал Г.Г-т 2022 оны 9-р дүгээр сарын 20-ны өдөр өгөхдөө мэдсэн. Ажлаас халсан тушаалд намайг 2019 онд түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6.242.569.28 төгрөгийг хувьдаа завшсан гэдэг үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халсан тул Д ХХК-ний заал зохион байгуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус компанид Заал зохион байгуулагч"-аар ажиллаж байсан Ж.З- нь 2019 онд түрээслэгч нартай Түрээсийн гэрээ байгуулахдаа 14 түрээслэгчтэй давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох түрээсийн орлого болох 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшсан болох нь М ХХК-ийн 2020 оны ............... TOOT, 2021 оны ................... тоот аудитын дүгнэлтүүдээр тогтоогдсон. Ажил ологчийн зүгээс Ж.З-ийн компанийн хөрөнгө завшсан дээрх үйлдлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил" гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.4 дэх заалтыг үндэслэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .................. тоот тушаалаар ажлаас чөлөөлсон болно. Иймд Ж.З-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Харуцагчийн төлөөлөгч Г.Г- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ж.З- нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр энэ талаар мэдсэн гэж байна. Өмнө энэ талаар утсаар мэдэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 30 минут 88106598 гэсэн дугаар луу албаны ................... дугаараас манай зохион байгуулагч мэдэгдсэн. Компанийн жилийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн учир тэр болгон мэдэгдээд байх шаардлаггүй бол уу гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компанид "Заал зохион байгуулагч"-аар ажиллаж байсан Ж.З- нь 2019 онд түрээслэгч нартай Түрээсийн гэрээ байгуулахдаа 14 түрээслэгчтэй давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох байсан түрээсийн орлого болох 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшсан бапох нь М" ХХК-ийн 2020 оны ............... тоот, 2021 оны ................... тоот аудитын дүгнэлтүүдээр тогтоогдсон нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж, Ж.З-тэй хийсэн Хөдөлмөрийн гэрээ, компанийн Хөдөлмөрийн дотод журам болон холбогдох хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн билээ. Энэ талаар хариу тайлбартаа тодорхой бичсэн болно. Ж.З- нь компанийн хөрөнгө /мөнгө/-ийг хувьдаа завшсан үйлдлээ үгүйсгээгүйгээс гадна өнөөдрийг хүртэл дээрх хохирлыг компанид эргүүлж төлөөгүй, компанид хохирол учруулсан асуудал нь түүнийг ажлаас халсан асуудалтай шалтгаант холбоотой, маргаан үүсэх болсон эх үүсвэр нь Ж.З- нь тухайн үед компанид эдэлж байсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж бидний хувьд үзэж байх тул Ж.З- нь компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээсээ чөлөөлөгдөхгүй гэж үзэж, дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Ж.З-ээс компанид учруулсан хохирол болох 6.242.569,28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.З- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ж овогтой З нь "Д" ХХК-д зохион байгуулагчийн ажил хийж байгаад 2019 оны 07-р сард жирэмсний амралтаа аваад 2022 оны 09-р сарын 27-нд дутуу төрсөн. 3 жилийн хүүхэд асрах чөлөө маань дуусаж 2022 оны 09-р сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөө хүссэн. Гэтэл миний ажил дээр 2019, 2020 онд аудитын шалгалт орсон байсан. Энэ тухайд миний бие 2022 оны 10-р сарын 18-ны өдрийн ажлаас халагдах тушаалаас мэдсэн. "М" ХХК нь 2020 оны ............... тоот, 2021 оны ................... тоот аудитын дүгнэлтээр эрх бүхий ажилтан түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулсан компанид 6,242,569.28 мөнгө хувьдаа завшиж залилангийн шинж чанартай үйлдэл гарсан гэдгээр намайг ямар ч үндэслэлгүй ажлаас халах тушаал гаргажээ. Миний ажил дээр аудитын шалгалт орох гэж байгааг надад мэдэгдээгүй. Гарсан дүгнэлтийг тухайн үед надад мэдэгдээгүй. 1999 оны хөдөлмөрийн хуулийн 131.2-т, 2021 онд батлагдсан хөдөлмөрийн хуулийн 123.4-т заасны дагуу сахилгын зөрчил гарсан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан байна. Энэ тохиолдолд надад 2021 онд арга хэмжээ авах байсан. Гүйцэтгэх захирал Г гэж хүн нярав, нягтлан, захирал нарыг цагдаагаас шалгуулж байсан. Гүйцэтгэх захирал байсан манай аав болох Х.Ж, нярав нягтлан болон намайг удаа дараа шалгаад гэм буруугүй гэмт хэргийн шинжгүй гэж цагдаагийн байгууллага тогтоосон байгаа. Миний хийдэг зохион байгуулагчийн ажил нь оны эхэнд түрээслэгч нартай гэрээ байгуулдаг, заалны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мөн гадаа талбайг, үйлчлэгч нартайгаа хариуцдаг энэ талаар миний ажлын байрны тодорхойлолт дээр бичсэн байгаа. Миний ажил огт мөнгөтэй харьцдаггүй бөгөөд түрээслэгч нар түрээсээ хураалгахдаа: нярав капитанз бичээд, бэлнээр хураадаг байсан. Санхүүгийн тайлан, мөнгө, орлого, зарлагыг нярав, нягтлан нар хариуцдаг. Би Д ХХК-ийн хувь эзэмшигч Э-ын тушаалаар давхар гэрээ байгуулж байсан. Нэг удаа бие нь муу ирэхдээ эмчилгээний зардал их хэрэгтэй байна аа, давхар гэрээ хийгээд мөнгийг нь би авъя гэсэн. Энэ тухай цагдаа удаа дараа шалгасан. Э- гэж хүнийг би хар багаасаа мэднээ. Аавтай хар багийн найзууд. Мөнгө их хэрэг байна гээд аавын хувийн мөнгөнөөс хүртэл аваад явж байсан. Ж /манай аавын дууддаг нэр/ дараа хоёулаа болно гээд. Ахыг ирэх үед бид нар нярав, нягтлан амралтын өрөөндөө хоол унд хийж өгөөд явуулдаг байсан. Давхар гэрээнээс гарсан мөнгийг Э- түүний эхнэр Б.Эрдэнэцэцэг нарын данс руу шилжүүлж байсан. М ХХК надаас аман болон бичгээр утсаар нэг ч удаа тайлбар аваагүй, надад миний ажилд аудит орох гэж байгаа, гарсан үр дүнг танилцуулаагүй, тайлбар асуумж асуугаагүй байж залилагч гэж тайлан дээрээ дүгнэн бичсэнд маш их гомдолтой байна. Мөн Аудит нь асуумж асууж яг ямар шалтгаанаар гэрээ байгуулсан дансны хуулга, өөрөө хүлээн зөвшөөрч байна уу? би баталгаат гарын үсэг зурсны дараа дүгнэлт гаргах ёстой байтал дүгнэлтэнд залилагч гэж бичсэн зүйд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл аудит 6,242,569.28 мөнгө дутаасан гэж бичнэ үү гэхээс залилангийн шинжтэй үйлдэл хийсэн бол холбогдох байгууллага болох цагдаа, шүүхийн байгууллага шалгаж шийдвэрлэх юм. Би хамт олонтойгоо тэгш эрхтэй, найрсаг байсан тухай надтай ажиллаж байсан хүмүүс, түрээслэгч нар гэрчлэн хэлнэ. Мөн аудит дээр нэг ч хүний хөдөлмөрийн гэрээ байхгүй байна гэж бичсэн мөртлөө шүүх дээр гэнэт миний хөдөлмөрийн гэрээ гараад ирсэн. Уг гэрээн дээр байгаа гэрийн хаяг дээрээ 2016 оноос амьдарч эхэлсэн. ................... дугаарыг 2018 оноос барьсан. Хуурамч гэрээ хийж миний болон гүйцэтгэх захирлын гарын үсгийг ашигласан гэж үзэж байна. "Д ХХК нь 3 хувь эзэмшигчтэй. Одооны гүйцэтгэх захирал хийж байгаа Г нь хувь эзэмшигч гэх Д-ийн өөрийн хүн, томилсон хүн бөгөөд нөгөө хувь эзэмшигч Эрдэнэцэцэг манай аав буюу Ж нар шүүхээр заргалдаж байгаа ба энэ Г гэж хүн хуучны Жгийн үеийн хүмүүсийг бүгдийг нь зайлуулна гэж ярьж байгааг хүмүүс надад олон удаа хэлж байсан. Надтай ажиллаж байсан бүх хүмүүс ажлаасаа гарсан. Тухайн үед нягтлан А бид 2 үлдсэн. Аийг ч гэсэн 1 сарын 1-нд үдэж өгнө ажлаасаа гарахад бэлдэж байгаарай гэж дарамталж байгааг сонссон. Хувь эзэмшигчдэд болон гүйцэтгэх захирал нарын маргаанд намайг хавчуулах, залилагч хэмээн батлагдаагүй, нотолгоогүй миний аваагүй зүйлд хэлмэгдүүлж доромжилж байгаад маш их гомдолтой байна. Надад дур мэдэн гэрээ хийх эрх мэдэл байхгүйгээр барахгүй компаниас дрилл, хүрз зэргийг хувьдаа ашиглахад хүртэл, нярав он сартай тэмдэглэл хөтөлж өгдөг байсан. Хэргийн материалдаа хувьцаа эзэмшигчдийнхээ шаардлагыг хавсаргасан нь надад ямар ч хамаагүй байхад, надаас нэхэмжилж байгаа 6 сая төгрөгийг дур мэдэж залилан гэж бичсэн аудитын бичвэрийг тушаал дээрээ хуулж бичсэн /надад их өшрөхсөн бололтой/ байгаа нь мэдлэг байхгүйг илтгэж байна. Би энэ хүнтэй 1 минут ч ажиллаж үзээгүй. Цэвэр өс хонзонгийн шинжтэй байна гэж бодож байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ............................... дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Ж.З-ийг Д ХХК-ийн заал зохион байгуулагчийнх нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчээс 6,242,569.28 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.З- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,831 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г- давж заалдсан гомдолдоо:

Ж.З-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох иргэний хэрэгт, О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.27-ны өдрийн ............................... дугаартай Шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1,162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримт, нотлох баримттай нийцээгүй, хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал: Нэг. Үндсэн нэхэмжлэлийн үндэслэлиин талаар: 1.1. Нэхэмжлэгч Ж.З- нь хариуцагч Д ХХК-д холбогдуулж, Ажилд эгүүлэн тоггоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг анх шүүхэд гаргасан нь анхнаасаа үндэслэлгүй байсан. Учир нь: Ж.З-ийг Д ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.10.18-ны өдрийн .................. дугаартай, Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,5-д олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэж, Д ХХК-ийн Хөдөлмөрийн Дотоод журам /хэргийн 53 хуудас/-ын 5 дугаар бүлгийн 5.4-д ажил олгогч нь санаачилгаар,хуульд заасан дараах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж болно... мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн илтгэлийг алдсан, данс бүртгэлийн ноцтой алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь тогтоогдсон гэж, М ХХК-ийн 2021 06.29-ний ................... тоот аудитын дүгнэлтэд дурдсан 2019 онд түрээслэгч нартай байгуулсан давхар гэрээний улмаас компанид учирсан бодит хохирол болох 6,242,569,28 төгрөгийг хариуцлага хүлээх холбогдох этгээдээс авах авлагаар тайлагнаж ... /хэргийн 21 хуудас/, 2019 оны аудитаар түрээсийн орлого цуглуулах эрх бүхий ажилтан түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан, компанид орох орлогоос 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшиж, залилангийн шинж чанартай үйлдэл гаргасан .../хэргийн29 хуудас/ Мөнгө нөөц баялаг ХХК-ийн 2021 01.19-ний ............... дугаартай аудитын тайланд11... гэрээг нэг бүрчлэн шалгаж, тулгалт хийсэн бөгөөд... залилангийн шинж бүхий гэрээнээс үүссэн 6,242,569 төгрөгийн... алдаа зөрчил гарсан. Үүнийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлж, компанид үүссэн бодит хохирлыг барагдуулах... /хэргийн 35хуудас/ гэсэн үндэслэлээр Ж.З-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаалын үндэслэл болгосон баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд" нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх нь... хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил буюу 2019 онд түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан, компанид орох орлогоос 6,242,569,28 төгрөгийг хувьдаа завшсан гэх үйлдэл тогтоогдоогүй байх бөгөөд түүнийг ажлаас үндэслэлгүй халсан байх тул эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангах"-аар дүгнэсэн нь ойлгомжгүй, ямар нотлох баримтыг үндэслэж, энэхүү дүгнэлтийг хийсэн, хэрэгт авагдсан аудитын дүгнэлтүүд, бусад бичгийн баримтуудыг хэрхэн үгүйсгэж, няцааж байгаа нь тодорхойгүй болжээ. 1.2. Шийдвэрт ... нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж бол Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 123 дугаар зүйлийн 123.4-д сахилгын зөрчил гарсан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 cap, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна" гэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэж өгнө үү. Хүүхэд acpax чөлөө-тэй байсан учир компанийн зүгээс Ж.З-т сахилгынҮоногдуулах боломжгүй байсан. Ж.З- нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралд гаргасан тайлбартаа... 2019.09.27-ны өдөр хүүхдээ төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байсан юм... 2019 оны 7 сараас амралтаа аваад, залгуулаад хүүхэд асрах чөлөөгөө авсан, 3 жилийн хугацаатай... гэсэн агуулга бүхий тайлбарыг өгдөг. Ж.З- нь 2019 оны 8 сард хүүхэд асрах чөлөөгөө авсан гэж үзвэл энэхүү хугацаа нь 3 жилээр тооцоход 2022 оны 8 сард дууссан байхад 2022.09.20-ны өдөр дахин хүүхэд асрах чөлөө олгохыг хүссэн боловч Д ХХК-ийн 2022.10.04-ний өдрийн 18 дугаартай Мэдэгдлээр хүүхэд асрах чөлөөг хуульд заасан хугацаагаар олгосон байх тул дахин чөлөө олгох боломжгүй болохыг мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 60 дугаар зүйлийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална, 60.1.3-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй" гэсний дагуу ажил олгогч нь ажилтны ажлын байрыг хадгалах үүрэгтэй боловч 60.2.Энэ хуулийн 60.1.3, 60.1.7-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно гэсэн хуулийн хугацаанд Ж.З- нь хүсэлтээ гаргаагүй учир Д ХХК-ийн зүгээс ажлаас чөлөөлөх үндэслэл бий болсон. Анхан шатны шүүх хурлын явцад энэхүү асуудлыг хэлж байсан боловч шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.З-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү. Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу нэхэмжлэгч /хариуцагч/ Ж.З-ээс компанид учирсан хохирол 6,242,569,28 төгрөгийг гаргуулж, Д ХХК-д олгуулахыг шаардсан боловч анхан шатны шүүх ... дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. О аймгийн Цагдаагийн газрын 2023.03.23-ны өдрийн ................... дугаартай албан бичиг, хавсралтаар ирсэн баримтуудаар Ж.З-ийн үйлдлийг шууд хэрэгсэхгүй болгосон баримт авагдаагүй, мөн компанид учирсан хохиролтой холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан нь эргээд иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хязгаарлах үндэслэл боломжгүй юм. Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Ж.З-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, 154.8-д Сум,дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажпын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч Ж.З- нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийхгүйгээр шууд шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" байх тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн нэг болно гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Ж.З- нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Ж.З-ийг Д ХХК-ийн заал зохион байгуулагчийнх нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчээс 6,242,569.28 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Ж.З- нь 2012 оноос эхлэн Д ХХК-д заал зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүүхэд төрүүлээд хүүхдээ асрах чөлөө авчээ.

Ж.З- нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д ХХК-ийн захиргаанд хандан хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасан байх ба Д ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түүнд хүүхэд асрах чөлөө олгосон байна.

Нэхэмжлэгч Ж.З- нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр компанийн захирал Г.Г-т хүүхэд асрах 1 жилийн чөлөө авах хүсэлтээ бичгээр өгчээ.

Д ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .................. дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5., Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.4., М ХХК-ийн гаргаж танилцуулсан 2020 оны ............... тоот, 2021 оны ................... тоот аудитын дүгнэлтүүдийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тушаалд ... М ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр 2019 оны түрээсийн орлого цуглуулах эрх бүхий ажилтан түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулан компанид орох орлогоос 6.242.569.28 төгрөгийг хувьдаа завшиж залилангийн шинж чанартай үйлдэл гаргасан байна ... гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан болно.

Нэхэмжлэгч Ж.З-ийг 2011 оны 06 дугаар сарын 01 ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр заал зохион байгуулагчаар ажилд авсан ба ажлын байрны тодорхойлолтоор түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д заасан ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар бүлгийн 5.4-д ажил олгогч нь өөрийн санаачилгаар хуульд заасан дараах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах 5 үндэслэл заасан боловч аль үндэслэлээр арга хэмжээ авсан болох нь тодорхойгүй байна.

М ХХК-ийн 2020 оны ............... дугаар, 2021 оны ................... дугаар аудитын дүгнэлтүүдийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иймд түүнийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Тушаалд : Д ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .................. дугаартай тушаалд Ж.З-ийн хүүхэд асрах чөлөө дуусч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан боловч 1 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргасан тул компанийн зүгээс холбогдох хууль дүрмийг судалж дахин хүүхэд асрах чөлөө олгох боломжгүй болохыг мэдэгдлээр танилцуулсан гэжээ.

Д ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/20 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түүнд хүүхэд асрах чөлөө олгосон ба тухайн тушаалд хугацаа заагаагүй байтал 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .................. дугаар тушаалд Ж.З-ийн хүүхэд асрах чөлөө дуусч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан гэж тушаалд бичсэн нь ойлгомжгүй байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3.-т ... хүүхэд харах чөлөөтэй... ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж заасан байх тул нэхэмжлэгч Ж.З-ийн заал зохион байгуулагчийн ажил хэвээр хадгалагдах тул сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2., 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 123 дугаар зүйлийн 123.4.-т сахилгын зөрчил гарсан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж, харин ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, хэдэн төгрөгийн цалинтай байснаа тодорхойлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г- нь шүүхэд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" байх тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн нэг болно гэж үзэж байна гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2.-д ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй... гэж заасан байх тул нэхэмжлэгч Ж.З- нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болно.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Г.Г-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Г-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ............................... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Г-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б