Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сумын төв Баянбулагийн 1-1 тоотод оршин суух Жавзан овогт Гомбожавын Балчинханд /РД:КБ55050104/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Балчинханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Балчинханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Балчинханд би нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28-р зүйлийг үндэслэн тэтгэвэрээ өөрчлөн тогтоолгохоор архивын лавлагаа авсан. Гэтэл миний ажиллаж байсан хугацааны цалингийн баримт дутуу очсон байна.

Энэ үед би тасралтгүй тогтмол ажиллаж байсан юм. Архивын баримтад 1986 оны 10-р сар, 1988 оны оны 7,8-р сар, 1989 оны 3,6-р саруудын баримт тус тус дутуу байна. Энэ баримтуудыг өөр газраас олох боломжгүй харин тэр үед МҮЭ-ийн татварын цалин дээрээс суутган тооцож МҮЭ-ийн батлах дээр тэмдэглэл хийсэн тэр үеийн ня-бо-гийн гарын үсэг тэмдэг тодорхой байгааг харгалзан үзэж ажилласан жил тасралтгүй цалинтай ажилласны нотолгоо гаргаж өгнө үү. Энэ үед хамт ажиллаж байсан Б.Саранчимэг, О.Сугархүү нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 293 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 4 дүгээр хуудас/, №455455 дугаартай Монголын  үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх /хх-ийн 5-6 дугаар хуудас/, №138752 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн ноториатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-10 дугаар хуудас/, №0189213 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-12 дугаар хуудас/, №176766 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн засаг даргын 2016 оны 05 сарын 27-ны өдрийн №39 тодорхойлолт /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч О.Сугархүү, Б.Саранчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Балчинханд нь 1986 оноос 1988 оны 12 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд хянан байцаах комиссын дарга, чанарын албаны даргаар,

1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сарыг дуустал Баян-Овоо сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч О.Сугархүү, Б.Саранчимэг нарын мэдүүлэг, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон 176766 дугаартай Г.Балчинхандын  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаартай архивын лавлагаа, 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элссэн гишүүний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Г.Балчинхандын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жавзан овогт Гомбожавын Балчинхандыг

1986 оны 10 дугаар сар, 1988 оны 07, 08 дугаар саруудад  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд хянан байцаах комиссын дарга, чанарын албаны дарга,

1989 оны 03, 06 дугаар саруудад Баян-Овоо сумын мал эмнэлэгт малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО