Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 62

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Оюунбилэг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонж овогт Чадраагийн Ганжавхланд холбогдох эрүүгийн “1811017350662” дугаартай, 186/2019/0032/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.                   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Нийслэл дэх төрийн аудитын газарт жолооч ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол, Л.Энэбишийн гудамжны 23в-119 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай Тонж овогт Чадраагийн Ганжавхлан /РД:ХЙ75072359/,

Холбогдсон хэргийн талаар:

         Ч.Г нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрог, замд дээр  Б.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний биед зүүн шууны дотор дээд хэсэгт цус хуралт хэвлийн урд ханын зөөлөн эдийн гэмтэл бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Замын хөдөлгөөнд түгжрээд байж байхад машины цонх цохиод намайг зам тавьж өгсөнгүй гэж хэлээд цохьсон.  Тэгээд цааш явснаа иргэж ирээд машины хаалга нээж намайг өшиглөөд дахин цааш гүйж алга болоод дахин гүйж ирээд машины хойд хаалга өшиглөөд намайг заамдаад цохьсон. Манай эхнэр болиоч ээ гэж хэлсэн. Би цагдаад хандах гэхэд тэнд байдаг цагдаа байхгүй байсан. Тэгээд байж байхад нэг цагдаа ирээд дүүрэгт очиж мэдүүлэг өг гэж хэлсэн гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ууганбаярын:...Би баруун хөлөөрөө машиныг нь өшиглөхөд жолооч нь бууж ирээд намайг заамдаж авсан. Бид хоёр хоорондоо барьцалдаад ноцолдож байсан чинь хажууд байсан эмэгтэй миний толгой руу цохьсон. Би газарт өвдөглөөд тэр жолооч хоёр хөлөө жийгээд газарт суугаад хоорондоо барьцалдаж байхдаа тэр залуу миний гэдэс рүү жийсэн. Тэр жолооч заамдаж аваад хэвлий хэсэг рүү нэг удаа жийсэн, гарын шуу руу цохиод байсан. 200,000 орчим төгрөгөөр эм, тос, дусалд зарцуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 тегрөг тушаасан. Нийт 208.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх 38-39х/,

            2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Халиунаагийн:...Дөлгөөн нуурын хүдэр Мөнх офиссын 3 давхарт манай компани байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Офиссын хойд талын машины зогсоолоос нөхөр хүүхдийн хамт Соната-6 маркийн машинтайгаа төв замруу орох гэж байхад нэг хар өнгийн машин шүргэчихээд явсан. Манай нөхөр буугаад араас нь орилоход тэр машины жолооч тоохгүй ногоон гэрэл асаад явчихсан. Тэгээд машины жолооч бууж ирээд манай нөхрийг заамдаж газарт унагаасан.  Цээж рүү нь дэвссэн, хоолойг нь боосон.  Би машиныг  шүргэчихээд хүн зодоод байна гэж орилсон чинь ойролцоо явж байсан машины  жолооч нар бууж ирээд салгасан. Тэр залуу дахиад манай нөхөр дээр ирээд уурлаж зодолдсон гэх мэдүүлэг. /хх-57/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Г.Оюунбилэгийн:...2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн  18 цаг 20 минутын үед ажлаа тараад нөхөртэйгээ албаныхан машинтай Баянбүрдийн тойргийн хойноосоо урагшаа чиглэлд явж байтал гэнэт танихгүй залуу урд гарч ирээд машин явуулахгүй хааж зогсоод жолоочийн талын цонх бага зэрэг онгорхой байсан зайгаар гараа оруулж ирээд чи ямар сүртэй пизда вэ гэж хэл амаар доромжлоод буугаад ир хоёулаа эр хүн шиг үзэлцье гээд байсан. Тэгээд манай нөхөр цонхоо хаах гэтэл гараа авахгүй байсан. Чи юу болсон, яагаад байгаа юм гэхэд тэр залуу урдуураа оруулахгүй, чи яасан сүртэй гээд байсан. Жолооч талын хаалгыг онгойлгох гэж оролдоход нь хаалга түгжсэн байсан болохоор онгойлгож чадаагүй. Тэгээд жолоочийн арын заалны хаалгыг онгойлгоод буугаад ир гээд хэрүүл хийгээд байхаар нь би хаах гээд гараа явуулахад гар хүрэхгүй хааж чадахгүй болохоор сандлаа давж гараад хаалгыг хаахад тэр залуу хойшоо явж байх шиг харагдсан чинь гүйж ирээд хойд том хаалга руу тийрч өшиглөсөн, жолоочийн хойд дугуйны хэсэг рүү өшиглөөд байхаар нь манай нөхөр чи болиоч, машин эвдчихлээ гэсэн. Тэгтэл тэр залуу үгийн зөрүүгүй манай нөхрийг заамдаж газарт унагааж сэгсчээд байж байхад зам түгжирсэн байсан. Түгжрэлд зогссон хэдэн залуучууд ирээд тэр хоёрыг салгасан. Манай нөхөр босоод байж байтал залуу дахиж савхины куртикны захаар нь хоолойг нь боосон байдалтай машины хойд тапын салхины шилийг толгойгоор нь салхины шил мөргүүлээд салхины шил хагалсан. Элдэв угээр доромжлоод манай нөхөр луу дайраад байхаар нь цагдаа дуудсан. Чи албаны машины шил хагалчихлаа гэхэд тэр залуу хохь чинь гээд байсан гэх мэдүүлэг. /хх 54-55/,

 

            2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6673 тоот актын:

1. Б.Ууганбаярын биед баруун зүүн шууны дотор дээд хэсэгт цус хуралт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт. /хх-61/, 

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Хавтас хэргээс улсын яллагч: 12-14 дүгээр хуудас гэмт хэргийн талаархи гомдол хүлээн авсан тэмдэглэл, 38-39 дүгээр хуудас хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг, 57 дугаар хуудас гэрч Б.Халиунаагийн мэдүүлэг, 40, 45 дугаар хуудас шинжээчийн №6673, 6589 дугаартай дүгнэлтүүд, 69, 70 дугаар хуудас яллагдагч Ч.Ггийн мэдүүлэг, 12-13 дугаар хуудас зарим яллагдагчид хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 34-38 дугаар хуудас урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг  шийтгэх хуудас 144-160 дугаар хуудас гомдол хүсэлт түүнийг шийдвэрлэсэн тогтоол зэрэг нотлох баримтыг, 

Хохирогчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 81 дүгээр хуудас хохирол төлбөртэй зардлын тухай баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 27-28 дугаар хуудас гэрэл зургийн үзүүлэлт, 39-40 хохирогчийн мэдүүлэг, 49-53 Ганжавхлангийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, дахин мэдүүлэг авсан мэдүүлэг 54-55 дугаар хуудас гэрч Оюунбилэгийн мэдүүлэг, 57 дугаар хуудас гэрч Б.Халиуны мэдүүлэг, 61-64 дүгээр хуудас №6673 дугаартай шинжээчийн дүгнэлт, 66 дугаар хуудас №6589 дугаартай  шинжээчийн дүгнэлт, 92-93 дугаар хуудас Ганжавхлангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 96-97 дугаар хуудас Ууганбаяраас авсан мэдүүлэг, 103 дугаар хуудас ял шалгах хуудас, 116-124 дүгээр хуудас хохирогч өмнө эрүүгийн хэрэгт холбогдож байсан тухай баримт, 126-133 дугаар хуудас хайлтын системийн баримт зэрэг нотлох баримтыг  тус тус шинжлэн судлав. 

            Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч  Ч.Г нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрог замд дээр  Б.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний биед зүүн шууны дотор дээд хэсэгт цус хуралт хэвлийн урд ханын зөөлөн эдийн гэмтэл бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч  Б.Ууганбаярын:...Би баруун хөлөөрөө машиныг нь өшиглөхөд жолооч нь бууж ирээд намайг заамдаж авсан. Бид хоёр хоорондоо барьцалдаад ноцолдож байсан чинь хажууд байсан эмэгтэй миний толгой руу цохьсон. Би газарт өвдөглөөд тэр жолооч хоёр хөлөө жийгээд газарт суугаад хоорондоо барьцалдаж байхдаа тэр залуу миний гэдэс рүү жийсэн. Тэр жолооч заамдаж аваад хэвлий хэсэг рүү нэг удаа жийсэн, гарын шуу хэсэг рүү цохиод байсан….гэх мэдүүлэг. /хх 38-39х/, гэрч Б.Халиунаагийн:...тэгээд машины жолооч бууж ирээд манай нөхрийг заамдаж газарт унагаасан.  Цээж рүү нь дэвссэн, хоолойг нь боосон.  Би машиныг  шүргэчихээд хүн зодоод байна гэж орилсон чинь ойролцоо явж байсан машины  жолооч нар бууж ирээд салгасан. Тэр залуу дахиад манай нөхөр дээр ирээд уурлаж зодолдсон гэх мэдүүлэг. /хх-57/, гэрч  Г.Оюунбилэгийн:...тэгтэл тэр залуу үгийн зөрүүгүй манай нөхрийг заамдаж газарт унагааж сэгсчээд байж байхад зам түгжирсэн байсан. Түгжрэлд зогссон хэдэн залуучууд ирээд тэр хоёрыг салгасан….гэх мэдүүлэг. /хх 54-55/, шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  6673 дугаартай дүгнэлт  болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч баримтаар 380.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанаас  ажлын тав хоногийн завсарлага авч  хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тонж овогт Чадраагийн Ганжавхланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Гг 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Гд оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгөгүй битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ