Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00046/И |
Дугаар | 86 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, баянзүрх дүүрэг, 09 дүгээр хороо, 39-р гудамж, 586 тоотод оршин суух Хантуул овогт Цэсмаагийн Баасантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан-Овоо 1-1 тоотод оршин суух Хөх раднаа овогт Чулууны Лагнаадорж /РД:ЦД78010571/-т холбогдох
Хүүхдийн сургалтын төлбөр 10.500.000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баасантуяа, хариуцагч Ч.Лагнаадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Лагнаадоржтой гэр бүлээ батлуулаагүй хамтран амьдарч байхдаа хүү Л.Мөнхүслэнгээ 1999 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрүүлсэн бөгөөд Лагнаадоржийн хүсэлтээр хүүгээ эцгээр нь овоглосон. Улмаар таарч тохирохгүй байсан тул 2002 оноос хойш тусдаа амьдрах болсон. Лагнаадорж 2002 оноос хойш хүүдээ ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлээгүй тул миний бие 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Өмнөговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 83 тоот шийдвэрээр Лагнаадорж өөрийн хүү Л.Мөнххүслэнг тэжээн тэтгэхээр шийдвэрлэсэн. Гэвч Лагнаадорж нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх тэтгэлгийг 2014 оны 08 дугаар сараас хойш төлөөгүй /төлбөр төлөлтийн хүснэгтийг хавсаргав/. Хүү маань одоо “Шинэ монгол” Коосон /коллеж/-д суралцдаг бөгөөд энэ талаар Лагнаадоржид элсэлтийн шалгалтад тэнцсэний дараа мэдэгдэхэд сургалтын төлбөрийг хувааж төлнө гэсэн боловч одоо хүртэл дэмжлэг үзүүлээгүй болно. Энэ сургуулийг хүү механик инженер мэргэжлээр 5 жил сурч төгсөнө. Л.Мөнххүслэн II дугаар дамжаанд сурч байгаа бөгөөд сургалтын жилийн төлбөр 3.500.000 төгрөг байдаг. Гэтэл би хүүгийнхээ суралцах хугацаанд гарч байгаа бусад зардлыг ганцаараа барагдуулдаг тул сургалтын төлбөрийг жил бүр дангаараа төлөх боломжгүй байгаа бөгөөд энэ талаараа Лагнаадоржид удаа дараа хэлсэн боловч туслалцаа үзүүлээгүй. Ирэх жил буюу 2016-2017 оны сургалтын төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх шаардлагыг сургуулийн зүгээс тавьж байгаа. Иймд хүү бид хоёрын аргагүй байдлыг харгалзан үзэж, хүүгийн эцэг Ч.Лагнаадоржоор сургуулийн 2016-2019 он хүртэл 3 жилийн төлбөр болох нийт 10.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, миний бие сургалтын төлбөрийг өөр ямар нэгэн зорилгоор ашиглахгүй тул төлбөрийг жил бүр сургуулиас шаардсан хугацаанд хуваан төлж байхаар зохицуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Лагнаадорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ч.Лагнаадорж нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг. 2005 оноос 2012 он хүртэлх хугацаанд “Таван толгой транс” компанид шаланз машины жолоочоор ажилласан бөгөөд нуруу нугасны гэмтлийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Мөн элэг цөсний хүнд өвчтэй хагалгаанд орсон. Одоогоор ажилгүй, орлого гэхээр зүйл байхгүй, дээр нь Хаан банкинд сар бүр 544.000 төгрөг төлдөг.
Энэхүү нэхэмжилсэн 10.500.000 төгрөгийг төлөх боломжгүй тул миний биеийн эрүүл мэндийн байдал, амьдарлыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Баасантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүүхэд Шинэ монгол гэх коллежид суралцаж байгаа. Одоо 2 дугаар курс төгссөн. Сургалтын төлбөр нь 3.500.000 төгрөг. Би Лагнаадоржид сургуульд орсон хүүхдийнхээ төлбөрийг хуваагаад төлье гэж хэлсэн. Лагнаадорж нь тэгье гэсэн боловч одоог хүртэл төлөлцөөгүй байна. Суралцаж байгаа сургууль нь 5 жил сурдаг. Одоо 2 дугаар курс төгссөн. Сүүлийн 3 жилийн сургалтын төлбөр болох 10.500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв” гэв.
Хариуцагч Ч.Лагнаадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Миний бие өвдөөд байдаг. Ажил хийх боломж байхгүй. Надад өгөх боломж байхгүй байна. 2016 онд мөнгө өгч чадахгүй. 2017 онд мөнгө өгч чадна. Учир нь 2017 онд миний банкны зээл дуусна. Дуусахаар нь дахин банкнаас зээл аваад өгнө” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасантуяа нь хариуцагч Ч.Лагнаадоржид холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 10.500.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Л.Мөнххүслэн нь “Шинэ монгол” коосэн коллежид механикийн инженерийн 2 дугаар дамжаанд суралцдаг болох нь 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 107 дугаартай тус сургуулийн захирлын тодорхойлолт /хх-ийн 7 дугаар хуудас/, Л.Мөнххүслэн нь сургалтын 1 жилийн төлбөр 3.500.000 төгрөг төлдөг болох нь Шинэ монгол коосэн коллежийн сулгалтын албаны менежерийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 07 дугаартай сулгалтын төлбөрийн тодорхойлолт /хх-ийн 08 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Баасантуяа нь хүү Л.Мөнххүслэнгийн 1, 2 дугаар дамжааны сургалтын төлбөр 7,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх ба хариуцагч Ч.Лагнаадорж нь 3,500,000 төгрөг хүүхдийн сургалтын төлбөрт төлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн Ц.Баасантуяагийн зүгээс хүүхдийн сургалтын төлбөрт 3 жилийн төлбөр 10,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь хүүхдэд үйлчлэх бөгөөд Л.Мөнххүслэн 1 жилийн дараа 18 нас хүрч иргэний эрх зүйн харилцаанд оролцох чадамжтай болох учраас 18 нас хүрсэн иргэний эрх зүйн чадамжтай болсоноор шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс хариуцагч Ч.Лагнаадоржоос хүүхдийн сургалтын төлбөрт 3,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баасантуяад олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөх раднаа овогт Чулууны Лагнаадоржоос 3.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хантуул овогт Цэсмаагийн Баасантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Лагнаадоржоос 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баасантуяад олгож, Ц.Баасантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО